ОЛОН ӨНГӨ | Соён гэгээрүүлэх ч яахав, эх хэлээ л хамгаал

2023 оны 05 сарын 05

Нийгмийн шилжилт, ороо бусгаа цагийн зурхай дээрээс бид соён гэгээрүүлэх ажил болон уламжлалт утга соёлоо гээчихээд хөдөлсөн цагаас хойш олон оныг үдлээ. Хүмүүний сэтгэлд хамгийн ойр хүрэх соёл урлаг, уран зохиол, дэлгэцийн бүтээл нь соён гэгээрүүлэхээсээ илүүтэй урсгал чиглэл, элдэв “изм” нэрээр солио гажууд нэгэнт автсан. Илүү мөнгөний урсгалд автах болсон. Тэр хэрээр уран бүтээлчид нийгмийн сэтгэлгээнд шинэ төрхөөр хүрэх арга замаа хар бараан зүйлтэй уяад авсан нь нийгмийг соён гэгээрүүлэх бус улам бусармаг зүйл рүү татах болсныг нуух хэрэггүй. Энд хэн нэгнээс алдаа хайх нь илүүц хэрэг. Ерөөсөө даяаршлын хөлд гишгүүлээд эхэлчихэж. Гагцхүү даяаршлын шуурганд тэсэж үлдэх ганцхан арга нь үндэсний уран зохиол, уламжлалт ахуй соёлоо үүгээр дамжуулан түгээх асуудал байдаг. Гэтэл бидний хэдэн уран бүтээлчид даяаршлын шуурга даган хамхуул шиг хийсэх болжээ.

 

Бидний хараан зүхээд байгаа социалист нийгэмд соён гэгээрүүлэх ажил мөн чанараараа явж байсан гэхэд болно. Мэдээжийн хэрэг гэрэл сүүдэр, алдаа оноо дүүрэн байсан байж таарна. Гэхдээ л “Хөхөө гэрлэх дөхлөө” киног үзсэн залуус атар газрыг эзэмшиж, “Гэрлэж амжаагүй явна” кино үзсэн залуус уурхайд ажиллаж, “Загийн алим”-ыг  үзсэн залуус илгээлт өвөртлөн хөдөөг зорьж байсан түүх халуунаараа байна.

Энэ бол нийгмийн хаана нь хэн хэрэгтэй байгааг урлагаар татан, соён гэгээрүүлж байсан захын нэгэн жишээ. Аливаа нийгмийг шилжилт хэмээх “цунами” дайрч өнгөрдөг жам ч манай улсыг тойрч өнгөрсөнгүй, дайраад л явж байна. Одоо бидэнд тулгарч буй асуудал нь ард түмний оюун сэтгэлгээнд нэгэнт нүүрлээд эхэлчихсэн “цунами” юм. Мэргэд дурдахдаа үүнийг байгалийн гамшиг, өлсгөлөн, зовлонгоос ч аюултай хэмээн дүгнэжээ.

Нэг том асуудал байгаа нь эх хэл. Үүнийг чухам хэрхэн яаж хамгаалдаг вэ гэхээр уламжлалт уран зохиол юм. Гэтэл уламжлалт ахуй соёл уран зохиолоос өдрөөс өдөрт алсарсаар байна. Тэгэхээр зохиолч яруу найрагчид төдийгүй, найруулагч, жүжигчид, дуучид ч энэ тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. 

 Д.ӨЛЗИЙТОГТОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top