Гамшгаас сэргийлэхэд зарцуулсан 1$ гамшгийг арилгахад зарцуулах 3-15$-той тэнцдэг

2023 оны 05 сарын 05

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.05.05/ Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл  мэдээллийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа. Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, үүгээрээ дамжуулан иргэд олон нийтэд зөв мэдлэг мэдээллийг олгох “Мэргэшиж мэдээлье” сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсын гамшиг, ослын нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллийг өгч, гамшгаас хамгаалах анхан шатны сургалт, дадлагыг зохион байгуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Статистик судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 3-15 ам.доллартой тэнцдэг гэдэг.  Ирээдүйд учирч болох гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах зорилгоор улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах, гамшгийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг амлалт авч, эрчимтэй хэрэгжүүлж байна. Бид өнөөгийн нөхцөл байдлаа цаашид улам сайжруулж, ард иргэдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй, аливаа гамшиг, аюулт үзэгдлийг сөрөн тэсвэрлэх чадавхтай болгох чухал зорилт тавин ажиллаж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал. Өнөөдрийн энэхүү сургалтаас та бүхэн зарим гамшиг, аюулт үзэгдэл, ослын өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, ард иргэдэд тайлбарлан таниулах тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран газар хөдлөлтийн гамшгийн аюулыг ард иргэдэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын бодлого, төлөвлөлтөд шинэчлэл хийх зорилгоор “Стратегийн команд штабын сургууль”-ийг ирэх 06 дугаар сард зохион байгуулахаар шаргуу бэлтгэж байна. Ийм цаг үед сэтгүүлчид та бүхэнтэй уулзаж байгаадаа олзуурхаж байна. Гамшиг, ослын аюулаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшин бичихийг зорьж, өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэв.

Уг арга хэмжээг зохион байгуулснаар гамшгаас хамгаалах бодлого, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар сэтгүүлчид нэгдсэн мэдээлэлтэй болж, газар хөдлөлтийн болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, амилуулах суурь тусламжийн анхан шатны мэдлэг олгно. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо нэмэгдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top