Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн Нийслэлийн БЗД-ийн 48-р сургуулийн спорт зааланд 2023 оны тавдугаар сарын 6-нд болж өндөрлөлөө.
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдолыг олон нийтэд таниулан сурталчилсны үр дүнд хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, ард иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 насны 220 гаруй сурагчид оролцжээ. Сургууль тус бүрээс 8 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 27 баг тэмцээнд оролцлоо.
Тэмцээнд оролцсон сурагчид цаашид амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгтэй болж үе тэнгийн сурагчиддаа, гэр бүлийнхэндээ шүдээ зөв угаах аргын талаар заан сургагч багш болон ажиллажээ.
Нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 86.2 буюу өндөр түвшинд гарсан байна. Тиймээс “өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах нь хамгийн чухал юм. Шүд цоорохоос өмнө шүдийг зөв угааж сурах хэрэгтэй. Тийм учраас шүд угаахыг хүүхэд бүрт зааж сургах нь чухал зүйл болоод байна.
Тэмцээний үеэр хүүхдүүд жигнэмэг идэж шүдэнд зориудаар өнгөр суулгасны дараа бүгд адил нэг төрлийн сойзоор угааж цэвэрлэжээ. Үүний дараа шүдийг тусгай зориулалтын будагч бодисоор будаж гэрэлд шалгасан байна. Хүүхдүүд шүдээ хэрхэн зөв угаасныг тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар шүүж оноо өгөн багийн нийлбэр дүнг гаргалаа. Энэхүү шүд угаалтын тэмцээнийг Тайваньд жил бүр өргөн дэлгэр зохион байгуулдаг бөгөөд манай улсаас өмнө нь 1 баг уригдан оролцож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )