ОЛОН ӨНГӨ: Цаг хугацааг хайрлаарай

2023 оны 05 сарын 11

Эхийн хэвлийд олдсон үеэс буцах цагийн хүрд өршөөлгүй эргэж эхэлдэг нь хорвоогийн жам. Эгшин төдийд үзэгдээд амьдрал нь дуусдаг бичил биетээс авахуулаад хүнээс хавьгүй урт насалдаг яст мэлхий, хэрээ ч ялгаагүй. Төрсний эцэст үхнэ. Энэ нь гагцхүү хэзээ ч буцаж эргэхгүй цагийн аясаар хэмжигдэнэ. Цаг хугацааг зогсоож, амьдралаа өдөр сараар гацааж чадах боломжийг шинжлэх ухаан ойрын мөддөө олохгүй биз ээ. Ийм л учраас эргэж нөхөгдөхгүй баялаг, амьдралын хэмжүүр болох цаг хугацааг хамгаас ихээр хайрлууштай.

Бусадтай цаг тохироод сураг тасардаг, яасан нь мэдэгдэхгүй алга болдог, ирэх ирэхгүйгээ дуулгадаггүй хүн бол урсан өнгөрөх мөч, хором бүрийн дайсан, хамгийн бүдүүлгээр бусдыг үл тоож буйн бодит жишээ. Болзсон цагтаа амжихгүй бол заавал эргэж мэдэгддэг, нэгэнт өөрийн талаас шалтгаалан цуцалж буй бол дараагийн удаа нөгөө талынхаа боломжит хугацааг асууж ажлаа товлодог, олон хүнтэй цаг төлөвлөөд амжаагүй бол яаралтай мэдэгдэж удаах уулзалтыг хамгийн бодитоор төлөвлөн зарлах нь тухайн хувь хүний баримтлах ёс зүйн хамгийн наад талын хэм хэмжээ юм.

Хийх байснаа орхиод, ар гэрээ зохицуулаад амжуулах гэснээ хойш тавиад, тухайн уулзалтыг залгуулаад төлөвлөсөн үйл хэргээ цуцлаад тэр хүн, эсвэл хүмүүс таныг хүлээж байгаа. Хэн нэгнийг хий хүлээсэн тэр цаг хугацаа хэзээ ч эргэн ирэхгүй. Үүнтэй хамт таны ч, бусдын ч амьдрал агшин, хормоор төгсгөл рүүгээ урсана. Үрсэн цагийг чинь дараа нөхөж, бүр давуулан гүйцээж өгье гэх шидтэн төртөл хол байна. Эгшин эгшнээр түүх болон үлдэж буй цаг хугацааг хайрлаж сурцгаая.

Монголчуудын үдээс өмнө, хойно гэсэн цагийн баримжаа ойлголт утгаа алдаад удсан. Өнгөрсөн нийгмээс авах зүйл нь харин ч цаг хугацааг нарийн чанд баримталдаг байсан юм. Өдгөө бол унтаад босох хооронд шинэ техник, технологи нэвтэрч, амьдралын хэмнэл эрс өөрчлөгдөж, урьд өмнөхөөс илүү цагтай уралдан, болж өгвөл хугацаа хожихыг шаардаж байна. Дахиад хэлье, танд итгэж зарцуулсан бусдын цагийг хайрлаарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top