Элэнц эцэг, өвгөдийн алтан сургаалиас үүдэлтэй залуу үедээ зайлшгүй хэрэгтэй үгээ дэлгэс үү. Бидний дээд үе байгаль нийгмийн ухааны маш том гүн ухаантан, цэцэн мэргэдийн манлай, тухайн нийгэмдээ эрдэмтэд байж дээ гэх бодол төрдөг
Ингээд тэднээс бидэнд хэлж захиж үлдээсэн мод тарих ухаан ба тайрахын хор холбогдлын талаар сургамжит өгүүлэмжийг хэлэе.
Тэд хэлэхдээ байгалийн таван махбодь буюу мод, ус, гал, хий, шороо эдгээр таван зүйлс бол амьтай, хүний цус шим эс мах ясны амьд барилдлагын гүн хэлхээтэй, хүн гэгч ухаан сэтгэхүйтэй энэ амьтантай учир зүйн амьд холбоотойг олон асуудлаар нотлон хэлж байсан баримт байх юм. Байгалийн энэ таван махбодь, хүний үүсэлтэй, хүнийг төрүүлэгчийн анхдагч гэдгийг нотолсон олон баримт байдгийг энд сануулан хэлж, энэхүү таван махбодьгүй байсан болүн үүсэхгүй, төрөхгүй байсны нотолгоо олон байдгийг энд хэлэх ёстой. Нэгэн мэргэн хүн "Хүн таныг ээж аав чинь биш байгаль үүсгэж, байгаль чинь төрүүлдэг. Байгаль бол чанх үнэн, ээж аав бол харьцангуй үнэн” гэж хэлээд зөвхөн мод тарих ба тайрахын учрын тухай нэгэн домог сургаалийг хэлье.
Яг түүнийг хэлэхээс урьтаж, галаа бузартгаж ариун бус байлгах, гол ус бузарлан булаг рашааны эхийг малтах бохирлох, газар шороог зүй бусаар ухаж төнхөж уул хад ургамал цэцгийг тасдах, тэнгэр газартай зүй бус харьцсан хүнээс байгаль өөрөө өс авдаг, байгалийн хатуу ширүүн араншингаараа хариу авч хүнд хор хохирол учруулан, ган зуд гал, үер ус, аянга, шуурга, газар хөдлөлийн гамшиг үүсгэх төдийгүй тодорхой улс нутаг дэвсгэр, айл гэр бүл, хувь хүнийг онилсон үзэгдлийг үзүүлдэг тухай олон баримт хэлж чадах билээ. Манай нутагт таван сайхан хүүхэдтэй нэгэн айл байж, таван хүүгийн аав үргэлж ургаа мод тайран, бусдад худалдаж, амьдардаг байжээ.
Тэр хүн нэг өдөр мод тайрч байгаад тайрсан модондоо даруулж нас барсан гэнэ. Харин түүний таван хүү нь эцгийнхээ мод.тайрдаг ажлыг үргэлжлүүлэн хийж явсаар тавуулаа усанд салаар мод урсгаж яваад үерт дайруулж амиа алдсан сургамжит үнэн бий. Энэ бол байгал модчин эцэг, таван хүүгээс мод тайрсаны төлөөсөө авсан хатуу үйлдэл. Харин манай нутагт ганц хүүтэй өвгөн амьдарч, амьдралын бүх жилүүдэд модны боргоцой, үр хальс цуглуулан ууланд тарьдаг, тарьсан модоо арчилж торддог, модны самар жимсээр эмийн ургамал хийсээр 98 нас зооглон, сайхан амьдарч байсан буянтай буурай байсныг олон хүн одоо хүртэл ярьдаг. Тэр хүний ганц хүү нь Байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн болж, сүүлд Төрийн сайдын алба хашиж, өдгөө ч элэг бүтэн зургаан хүүхэдтэй өнөр өтгөн амьдарч яваа аж. Энэ хоёр хүний амьдрал хувь заяаны тухай жишээ нь хүн байгальтайгаа хэрхэн яаж харьцахын амьд бодит баримт юм. Мод тайрсан хүний гал голомт цөвтөж хойч үрс нь заяа тавилан муутай, амь нас богино, хишиг буян орших нь тааруу, Мод тарьдаг, арчилж торддог, хайрладаг хүний ажил үйл бүтэмжтэй сайн, үр хүүхэд гал голомт, хийморь лундаа сайтай явдаг гэдэг нь энэ хоёр жишээнээс харагдана
Ц.ЯДАМСҮРЭН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )