Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан өнөөдөр /2023.05.17/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, “Оюу толгой” ХХК-ийн аюулгүй байдал болон онцгой байдлын удирдлагын хэлтсийн менежер Б.Цэрэндорж нар оролцсон юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан “Бэлэн бай” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.
“Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх юм.
Мөн аяны хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах www.belenbai.mn сайтыг шинээр нээж, иргэдэд хэрэгцээт мэдээллийг нэг шугамаар хүргэх боломжийг бүрдүүлээд байна.
Иргэн та бүхэн “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээр байгаа QR кодыг уншуулснаар www.belenbai.mn сайтаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.
Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтөөс 6-6,9 магнитудын газар хөдлөлт 3 удаа, 5-5,9 магнитудын газар хөдлөлт 18 удаа, 4-4,9 магнитудын газар хөдлөлт 238 удаа, 3-3,9 магнитудын газар хөдлөлт 1717 удаа буюу 3-6,9 магнитудын газар хөдлөлт 1976 удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, 2022 онд нийт 58,266 удаагийн газар хөдлөлт болж, 3.- 3.9 магнитудын газар хөдлөлт 112, 4.-4.9 магнитудын газар хөдлөлт 19, 5.-5.9 магниутдын газар хөдлөлт 3 удаа болжээ. 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний давталт хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас 7 дахин их газар хөдлөлт болсон байна.
Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос, 5-5,9 магнитудын газар хөдлөлт 1 удаа, 4-4,9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт 6 удаа, 3-3,9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5,9 магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )