Малын удмын сангийн үндэсний төвд 9,641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна

2023 оны 05 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт байрлах Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн болон тус аймаг дахь “Улаанбаатар гурил ХК-д ажиллалаа.

Малын удмын сангийн үндэсний төв 2022 онд дотооддоо 22 мянган тун үр үйлдвэрлэж, гадаад улсаас 16 мянган тун үр импортолсон байна. Энэ жил 24 мянган тун үр үйлдвэрлэж, 1,000 тун үр импортлох юм.

Богино хугацаанд өндөр ашиг шимтэй мал гарган авах, нэгэн жигд өнгөтэй 14,0-15,0 микрон нарийнтай ноолуур өгдөг ямаа олноор үйлдвэрлэх, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх зэрэг төсөл хэрэгжүүлж байна.  2024 он гэхэд Монгол Улсад баталгаажсан 56 үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн стандарт, шаардлагад тэнцсэн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн үндэсний генийн санд бүрэн хадгалж дуусахаар төлөвлөжээ.

Тус төвийн удирдлагууд “Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжиж бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлэх санал гаргалаа.

Мөн 2026 оноос өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэрт шилжүүлэхийн тулд Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top