Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой энэ онд тохиож буй. Мөн дэлхийн эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч Солонгосын Ганнам дүүрэг энэ жил Монгол улсыг онцлон эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Ганнам дүүргийн урилгаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам, УИХ-ын Тамгын газар, Нэгдүгээр эмнэлэгийн төлөөлөл болон гоо сайхны мэс заслын эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, аялал жуулчлалын холбоо, МИАТ-ийн холбогдох албаны хүмүүс тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Ганнам дүүрэгтэй танилцах аялал хийжээ.
Ганнам дүүргийн эрүүл мэндийн аяллын дэд бүтэц болох Ганнам дүүргийн захиргаа, эрүүл мэндийн газар (Халдварт өвчний хяналтын төв), болон эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагаатай Солонгосын шилдэг эмнэлгүүдтэй танилцаж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийг судалах боломж бүхий энэхүү аялалын талаар Ганнам дүүргийн захирагч Жу Сонг Мёнг “Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан Монгол төдийгүй Солонгосын эмчилгээ эрэлт ихтэй байгаа бусад улс орнуудыг татах, Ганнам дүүргийн дэвшилтэт технологи, дэд бүтцийг олон нийтэд таниулах зорилгоор сурталчилгааны маркетинг, холбоо харилцааг цаашид үргэлжлүүлэх болно” хэмээн онцолсон нь уг танилцах аялалын ач холбогдлыг илтгэж байгаа юм.
Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын албаны хүмүүс “Ганнам Северанс” эмнэлэг, “Ганнам Ча” эмнэлэг, Солонгосын уламжлалт анагаах ухааны “Жасенг” эмнэлэг, “View” гоо сайхны мэс заслын эмнэлэг, “Live” шүдний эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. “Ганнам Северанс” эмнэлэг нь 1985 онд Солонгосын анхны барууны хэв маягийн эмнэлэг болж байгуулагдсан бөгөөд 1983 онд Йонсей их сургуулийн эрүүл мэндийн төвийн дэргэд дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн системтэй байгуулагджээ. Харин “Ганнам Ча” эмнэлэг нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас томилогдсон эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн Солонгос улсын шилдэг эмэгтэйчүүдийн эмнэлэгийн нэг юм. “Жасенг” Солонгосын уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь нуруу нугас, үе мөчний мэс заслын бус эмчилгээний төрөлжсөн эмнэлэг бол “View” гоо сайхны мэс заслын эмнэлэг нь хүн бүрийн онцлогт тохирсон эрсдэлгүй мэс заслын үйлчилгээг үзүүлэхээр хичээж байгаа бөгөөд байгалийн гаралтай гоо сайхны мэс заслын Азийн нүүр царай эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна. Мөн шүдний лаборатори, халдваргүйжүүлэлтийн систем, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг төрөлжсөн “Live” шүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрлах Ганнам дүүрэг нь Солонгосыг төлөөлж буй худалдаа, санхүүгийн төв ба дэлхийн жишигт нийцсэн К-Солонгосын давалгааны соёлыг хадгалдаг гол төв. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2809 эрүүл мэндийн байгууллага, 63 зочид буудал байрладаг ба жил бүр Сөүлд ирэх эрүүл мэндийн аялал жуулчдын 40 хувь Ганнам дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн үйлчилгээ авдаг аж. Учир нь тус дүүргийн хэмжээнд “Gannam Medical Tour center”-ийг ажиллуулж, эрүүл мэндийн аяллын мэргэжлийн 45 координатор орчуулагч эмнэлэгийн цаг захиалах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн зэрэгцээ буудал захиалга, онгоцны буудлаас тосох, аяллын маршрут танилцуулах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлж эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ авч буй хүмүүсийн сэтгэл ханамжийг өндөрт өргөдөг байна.
“Gannam Medical Tour center”-ийн зүгээс цаашид дэлхийн эрүүл мэндийн аялал жуулчлалын тэргүүлэгч хот болох Ганнам дүүрэгт дэмжлэг үзүүлж, ирэх есдүгээр сард Монголд болох Солонгосын анагаах ухааны аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Ганнам дүүрэг эрүүл мэндийн аялал жуулчлалын талаар танилцуулах уулзалтыг дээд түвшинд хийхээр бэлтгэж байгаа аж.
Түүнчлэн энэ тавдугаар сард Монголын Эрүүл Мэндийн Яамтай хамтран “Эрүүл мэндийн өгөх өдөр”-ийг зохион байгуулж эдийн засгийн боломжгүй малчин өрхийн “чихний дутуу хөгжилтэй” өвчтөнийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлэхээр төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )