Цаг хугацаа дөчин жилийн өмнө зогссон мэт...

2023 оны 05 сарын 24

Цасан шамрага, шиврээ бороо ээлжилсэн өнгөрөгч амралтын өдөр. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, XX зууны манлай сэтгүүлч, гүн сэтгэгч Л.Түдэв агсны Залуучуудын эвлэлийн товчоогоо хуралдуулдаг асан Монголын залуучуудын холбооны саарал байшингийн 209 тоот өрөө ер бусын хөл хөдөлгөөнд дарагдав.

Энэ онд Нийслэл хүрээнээ Бошгыг халах залуучуудын эвлэлийн байгууллага үүсэн бий болсны 100 жилийн ой тохионо. Түүх сөхвөл 1923 оны аравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн ХЗЭ-ийн бүх гишүүдийн 12 дугаар хурлаас Хотын Эвлэлийн хороог байгуулах дүрмийг хэлэлцэж баталснаар Нийслэл хот /Хүрээ/-ын Эвлэлийн хороог байгуулж, Нийслэлийн залуучуудын ууган байгууллагын үйл ажиллагаа эхэлжээ. Хотын ХЗЭ-ийн хорооны анхны даргаар Гомбын Дугар, тэргүүлэгч гишүүнээр Гомбожав, Гүрсэд Дамбадаржаа, Дарьзав, Жадамба нарыг сонгож, хорооны дарга, нарийн бичгийн дарга, бичээч гэсэн гурван орон тоотойгоор Зүүн Сэлбийн зүүн дэнжид МХЗЭ-ийн Төв Хороо байрлаж байсан хоёр давхар жижиг байшингийн нэгдүгээр давхарт гал голомтоо бадраажээ.

Уг ойг тохиолдуулан залуучуудын байгууллагын үе үеийн ажилтнууд цугларан хийх ажлаа төлөвлөж буйн нэг хэсэг болох их, дээд сургуулиудын МХЗЭ /Залуучуудын байгууллага/-ын ажилтан, идэвхтэн, сонгуультан явсан хүмүүс энэ удаа 209 тоот өрөөнд цугларав. МУИС-ийн МХЗЭ-ийн хорооны дарга явсан Л.Гүрбазар, Б.Энхмандах, АУШИС-ийн н.Оюунбадам, Ж.Рэнцэн-Амгалан, БШУИС-ийн Ж.Чинбат, ХААИС-ийн н.Жагдагсүрэн, МУИС, ШУТИС-ийн эвлэлийн хорооны зааварлагч нар байсан С.Цэндсүрэн, А.Лхагвадулам, С.Отгонсүрэн, н.Ичинхорлоо нар хийх ажлаа төлөвлөхийн зэрэгцээ хамгийн сонирхол татсан нь тухайн цагийн оюутны дуу хөгжмийн хамтлагийн гишүүдээ урьсан нь байлаа.

Хэзээд сурлага, урлаг, спортоор оюутан залуусаа тэргүүлж явсан МУИС, ШУТИС-ийн “Уриа”, “Цуурай”, “Эрдэм”, “Золбоо” хамтлагийнхан тэр л 40 жилийн өмнөх шигээ гитараа үүрэн орж ирцгээв.

“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, анхны ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Нямдорж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн “Өргөө” хамтлагийн С.Бархас нар оюутан цагт тогтсон заншлаараа хором ч хоцролгүй ирж ая дуугаа өргөцгөөв. Айзам хамтлагийн "Итгэл", "Дурсамж", "Чи минь", "Хавар", "Чамдаа зориулъя", "Амрагхан Агиймаа", "Сумын наадам", "Твист бүгдээрээ бүжиглэцгээе", "Хайрын дууг минь сонсооч", "Нутгийн цагаан шөнө" зэрэг олон дуу цагийн шалгуурыг давж олны дунд өнөөдөр ч дуулагдсаар буйг уншигчид мэднэ. “Алтан зул”, “Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” тэргүүтэй дуунуудаараа олны хэзээний танил С.Бархас гавьяат эхлээд дуу өсгөгчөө шүүрч салхи хагалан “Алтанзул” дуугаа өргөлөө.

“Навчинд тунасан шүүдрээр

Ганган цэцэг нь дэлгэрдэг

Нарны тансаг гэрлээр

Галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий таслаарай” хэмээн танхимд цугларагсад бүгд л оюутан цаг шигээ түрэн цангинуулцгаав. Залгуулаад Т.Нямдорж гавьяат оюутан ахуйдаа “Эрдэм” хамтлагийг байгуулж зохиож байсан сургуулийнхаа тухай дуунуудаас сонсголоо. Тэрбээр Хууль цаазны дунд сургуульд сурч байхдаа “Сонор” хамтлаг байгуулж залуусыг хуйлруулж явсан нэгэн. Араас нь МУИС-ийн “Цуурай”, “Эрдэм” хамтлагийнхан ая дуугаа өргөж эгээ л тэртээ цагийнх шигээ доргиосон доо. Угаасаа ч царай зүс, бие галбир, дуу хоолойгоороо тэдний хувьд цаг хугацаа дөчин жилийн өмнө зогссон мэт, оюутан янзаараа харагдана.

Политехникийн дээд сургууль  /ШУТИС/-ийн “Золбоо” хамтлагийнхан дуулах тухай бодолгүй ирж. Гэвч “Дуулна аа” л гэцгээв. Уулзалгүй удсан хэдий ч тэд нэг буланд шивнэлдэж байснаа Т.Нямдорж гавьяатын гитарыг авч оюутан цагийнхаа дуунуудаас ая өргөлөө. Огт бэлтгэлгүй хэр нь ая донж янзаараа. Оюутан ахуйдаа олон газарт тоглож, алдарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхантай ана мана дөрөө харшуулан явдаг байснаа, хичээл сурлагадаа ч манлайлахын зэрэгцээ зун, намрын ажилд гарч, тариа ногоо хурааж, хадлан бордоо бэлтгэж, хашаа саравч барьж, залуусын дунд соёл хүмүүжлийн олон ажил хийж, Хүүхэд, залуусын паркад өвөл, зуны аль ч улиралд сонирхол татсан урлаг, спортын цэнгүүнүүд зохион байгуулж явснаа тэд дурслаа. Дэлхийн залуучууд, оюутны их наадамд Монголоо төлөөлөн ая дуугаа өргөж, гадаад орнуудад олон улсын оюутнуудтай хамтран оюутны отрядад ажиллаж, “Оюутны намар” гэсэн урлагийн нүсэр арга хэмжээнд оролцож явснаа ч мартсангүй.

Дуу хуурын зэрэгцээ ажил хэрэгч яриа өрнөв. Нийслэлийн залуучуудын байгууллагын 100 жилийн ойдоо зориулж МХЗЭ-ийн ажилтан, сонгуультан явсан хүмүүс Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хоёрдугаар чуулганыг Монголын Залуучуудын холбоо, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах, Үндэсний музейтэй хамтран “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол-практикийн бага хурал зохион байгуулах, үзэсгэлэн гаргах, “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааны уламжлал, хөгжлийн асуудал” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж, дүгнэх, шалгарсан илтгэлийг онол-практикийн бага хурлаар хэлэлцүүлэх, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Зургаан одонт төгөл” байгуулах төсөлд бүгд оролцох, цэнгээнт бүжиг, гранд-гольф, дартсын тэмцээн зохиох зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн байна.

Нэгэн цагт нийгмээ түүчээлж, оюутан залуусын сор болж явсан эрхмүүд цаашдаа ч Монголын залуучуудын холбооны өнөөгийн удирдлагатай гар, сэтгэл нийлж залуустаа зориулж олон ажил хийхээр болсноо энэ өдөр ийнхүү ярилцлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурмаа(103.212.118.26) 2023 оны 09 сарын 21

Сайхан өгүүлэл байна, Би Т. Нямдоржийн сайхан дуулдагийг мэднэ , одоо хаана юу хийж яваа мэдээлэл бий юу ?

0  |  0
Top