Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах, зохистой дадлыг хэвшүүлэх, дотоод хяналтыг төлөвшүүлэх чиглэлээр танхимын сургалтыг том болон томоохон, дунд хүчин чадалтай Хүнсний худалдааны газрууд, сүлжээ дэлгүүрүүдийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, зохион байгуулагч, худалдааны зөвлөх зэрэг нийт 100 хүнийг оролцуулан өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтад Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын худалдаа хариуцсан улсын байцаагч нар хамрагдаж байгаа юм.
Энэхүү сургалт нь хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад тавих дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг зөвлөх, худалдагчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжид тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлэх, өөрт учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, худалдагч, хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй хүнс сонгон авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой юм. Хүнсний худалдааны газарт дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, зохистой дадлыг нэвтрүүлэхэд энэ сургалт ач холбогдолтой.
Сэтгэгдэл ( 0 )