Боловсролын зээлийн сан нь ард түмэндээ хүртээлгүй улсаар Монгол тодров. Тэр зээлийг зөвхөн эрх мэдэлтнүүд, нам дамжсан олигархиуд, тэдний үр хүүхдүүд авсан нь үндэсний эмгэнэл юм. Тэгээд дэлхийн шилдэг сургуулиудад биш, улс оронд чухал хэрэгтэй мэргэжлээр ч бус ерөнхийдөө аялах, амрах, арилжаа наймаа хийх зорилгоор явцгаасан байх юм. Тэгээд тэдгээр зээлээ хаалгаж, зээлээсээ чөлөөлүүлсэн байгаа юм. Төр, засаг нь ч дөрөв дөрвөн жилээр солигддог, хоёр нам ээлжилж эрх барьдаг.
Ингэж гарч ирэхдээ үгэнд сайн ордог, чих зөөлөнтэй, болж өгвөл “поп”-рох дуртай нэгнээ Боловсролын сайдаар томилдог. Ингээд өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ сургалтын зээлийг хаалгачихдаг. Ийм байхад юун хөгжил дэвшил, боловрол мэдлэг, Монгол төрийн хүний нөөцийн алтан сан гэж ярилтгүй. 30.000 ам.долларыг Боловсролын зээлийн сангаас хувийн данс руугаа зүгээр л хийлгэчихдэг. Хүү, алданги төлөхгүй. Удалгүй тэглүүлчихдэг.
Яаж чадаж байна аа, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа?
Гэтэл эгэл ард түмэнд тэр зээл олдоггүй. Хүүхдээ сургуульд сургах, өөрсдөө өвчин хавдартай тэмцэхэд орон гэрээ зарна, мал эд хөрөнгөө барьцаанд тавина. Үнэтэй цайтай гэсэн болгоноо ломбардад тавина. Хүү, алдангид идүүлнэ, тэрийгээ төлж чадахгүй тавьж туугаад модоо барина. Гэтэл Боловсролын зээлийн сангаас зээл нэрээр боловсон хулгай хийгчид хэчнээн жилээр төлөөгүй явж байх жишээтэй.
Авсан зээлээ өөрөөсөө нэг ч төгрөг гаргалгүй чөлөөлүүлчихээд, дээр нь ийм тийм газар, хэлтсийн дарга гэх сэтэр зүүсэн хүнд сурталтан иргэдийг дарлаж яваа нь ч олон. Энэ удаа мэдээлэл задарлаа, Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан хүмүүс зээлээ хүүтэй нь төлөх журмын дагуу төлүүлцгээе. Иргэд бид зээлдэг, зээлээ хүү алдангитай нь төлдөг. Боловсролын зээлийн сангаас зээл аваад төлөөгүй байгаа ширэн нүүртнүүд ээ, зээлээ хүүтэй нь төл.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )