Сурагч Л.Дөлгөөний амжилтыг 3 сая төгрөгөөр урамшууллаа

2023 оны 05 сарын 30

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд 2023 оны тавдугаар сарын 22-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж шагналаа гардан авсан.

Тэгвэл өчигдөр /2023.05.29/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ уулзалтад 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар мөн оролцсон юм. Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн 6 жилийн туршид энэ сурагчид Физикийн хичээл заасан багшийн хөдөлмөр өнөөдрийн амжилтад чухал нөлөөтэй юм.  Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцлоо.

Ингээд тивийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардууллаа. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

23 дахь удаагийн олимпиадын үр дүнгээр
 
-Тусгай байрын болзол хангасан 34 сурагч
 
-Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
 
-Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
 
-Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардлаа.
 
Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна.
 
-Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
 
-Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
 
-Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.
 
Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33,5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм.
 
Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top