Маргааш орон даяар ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ажиллана

2023 оны 06 сарын 07

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ чиглэлээр Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн хэмжээнд иргэдийн нүүлгэн шилжих, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 192 талбайд 1.1 сая иргэнийг байрлуулах боломжтой байдлаар бэлтгэжээ.

Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд зургаадугаар сарын 08-ны өдөр 16:00 цагаас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Үүн дээр аж ахуйн нэгж байгууллага, иргэд аюулгүйн талбайд гарч, нүүн шилжих дадлага сургуульд оролцох үүргийг хүлээнэ.

Иргэд аюулгүйн талбайд гарахдаа өөрт шаардлагатай эд зүйлсийг авч гарахаас гадна одоогийн дадлага сургуулийн үеэр тухайн иргэнд хороо болон СӨХ-оор дамжуулаад тухайн иргэн аюулгүй талбайд гарахдаа маягт бөглөж гарч ирнэ. Хаяг болон дадлага сургуульд оролцоогүй ам бүлийнхээ гишүүдийн шалтгааныг бичнэ.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ

1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top