Цаасгүй үзэсгэлэн "ICT Expo 2023"-т 170 гаруй байгууллага оролцоно

2023 оны 06 сарын 07

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo 2023” арга хэмжээний талаар өчигдөр /2023.06.06/ мэдээлэл хийлээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9-11-нд болох тус экспог Цахим хөгжил, харилцаа холбооны яам санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар БШУЯ, НЗДТГ, хамтран зохион байгуулагчаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд зургаадугаар сарын 8-нд тус салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог хангах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх форум болох юм.

Форумыг “Dell”, “Microsoft” компаниуд дэмжин ажиллаж байгаа бол экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр Google оролцож, NAVER, Amazon зэрэг компаниудын томоохон төлөөллүүд экспо болон форумын үйл ажиллагаанд оролцох юм.

Энэ удаагийн экспогийн гол зорилго нь оролцогч бүрийн эрх ашгийг дээдлэн, бүх нийтэд хүртээмжтэй байдлаар, эх дэлхийд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг ашиглан Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад сурталчлан таниулж, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахад оршино. Түүнчлэн энэ жилийн экспод олон улсын томоохон төлөөллүүд албан ёсоор оролцож байгаагаараа онцлог юм.

Мөн 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ICT Expo” анх удаа цаасан хэрэглээг халсан арга хэмжээ болж байгаагаараа онцлог аж.

Энэ талаар “Мэдээлэл технологийн үндэсний парк” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ж.Золзаяа "Эх дэлхийдээ ээлтэй ухаалаг шийдлийг бас нэгэн зорилтоо болгосон. Энэ хүрээнд анх удаа цаасгүй экспо зохион байгуулж байна. Цаасгүй экспог зохион байгуулахтай холбоотойгоор бусад компаниудынхаа үйл ажиллагааг "ICT EXPO" мини апп гаргаж, хүн бүрийн гар утсан дээр байдаг e-mongolia, ebarimt дээр оролцогч байгууллагуудын баннер байрших учраас түүнээс тухайн байгууллагуудын мэдээлэл, арга хэмжээний хөтөлбөр зэрэг мэдээллийг шинээр апп татах шаардлагагүйгээр авах боломжийг бүрдүүлсэн.

Нийт арга хэмжээний хугацаанд 170 гаруй илтгэгч панелистууд оролцохоос гадна 100 мянга гаруй хүн оролцох урьдчилсан прогноз байна.

Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбарын 173 оролцогч байгууллага буюу урьд өмнөх экспонуудаас хамгийн их оролцогчтой болж байна" гэлээ.

 

Технологийн дэвшил бидний бүтээмжийг нэмэгдүүлж, амьдралыг илүү хялбар болгож байна. Гэвч нөгөөтээгүүр хүмүүс дунд технофоби буюу технологиос айх айдас дэлгэрч байна. Энэ нь технологийг хэцүү гэж ойлгон, шинээр гарч ирсэн технологийг хэрэглэхээс айх, технологийн дэвшлийн сөрөг нөлөө нь хүн төрөлхтөнд аюул тарина гэсэн итгэл үнэмшил юм. Иймд “ICT Expo 2023”-т оролцож буй байгууллагууд технологи бол энгийн гэдгийг хүн бүрд ойлгуулахаар “Tech is….” агуулга дор нэгдэж буй.

 

“ICT Expo 2023”-аас хүлээж буй үр дүн:

 

  • Төрийн зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлэх стратегийн чухал шийдвэрүүдийг зарлаж

 

  • “ICT JOB Fair” буюу ажлын байрны өдөрлөгөөр хүний нөөцийн чадавхыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах

 

  • Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох

 

  • Олон улсын технологийн платформ, шийдлүүдийн боломжуудыг нээх

 

  • Улс даяар дижитал шилжилтийн нэгдсэн ойлголттой болох /21 аймгийг хамруулах/

 

  • Салбарын бүх оролцогч талыг хамруулж, хамтын ажиллагааг сайжруулах гэх мэт есөн үр дүнд хүрэхээр төлөвлөсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top