Монголоос дамжсан ховор номын авшиг Монгол орноо эргэн дэлгэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Монголчууд бидний зарлигийн ач төгс Жадо ринбүчи багш бээр 2023 оны наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд X Богд Жавзандамба хутагтад лам хуврагууд, сүсэгтэн олонд Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтаны жигдлэн найруулж, Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, "Мажиг дүвбий жалмо" хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртээсэн билээ.

Ийнхүү 90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг Монгол орноо эргэн дэлгэрлээ.

Эл хурал номын төгсгөлд эрхэм дээд Жадо ринбүчи багшид Дээрхийн гэгээн XIV Далай багшийн тааллыг гүйцэлдүүлэн Их Монгол орноо Калачакра /санскритаар/, Дүйнхор /төвөдөөр/, Цогт цагийн хүрдэн /монголоор/-ний авшиг ванг хүртээн соёрх хэмээн айлтгал өргөхөд Жадо ринбүчи номын айлтгалыг хүлээн авлаа. Бурханы шашинтан бидний зүрх сэтгэл донслон хязгааргүй ихээр баярлан баяслаа. Энэ бүхэн бяцхан Будда X Богд Жавзандамба хутагтын маань үйл зохионгуй, энэрэл нигүүслийн хүчээр бүтэж буй билээ.

МБШТөв Гандантэгчэнлин хийд Дээрхийн гэгээн XIV Далай багшид Их Монгол оронд маань морилон саатаж Цогт цагийн хүрдний авшиг ванг хүртээн соёрх хэмээх олонтаа айлтгал өргөжээ. 1995 онд Монгол оронд морилон саатахдаа 21 дэхь удаагийн Цогт цагийн хүрдний авшиг ван хүртээсэн Далай багш "дараа Их Монгол оронд Цогт цагийн хүрдний авшиг ванг илүү дэлгэр хүртээнэ" хэмээн айлдаж байжээ. Гэвч урд хөршийн дарамт шахалт, улс төрийн таагүй нөхцөл байдлын улмаас Далай багш маань Их Монгол оронд Цогт цагийн хүрдний авшиг ванг хүртээх боломжгүй байгааг болгоогоод "эрхэм Монголчууд та бүхэн эх орондоо миний элч, судар тарнийн номонд илтэд боловсорсон Жадо ринбүчи ламаар Цогт цагийн хүрдний авшиг ванг тавиулаарай" хэмээн зарлиг бошгоо хайрлажээ.

Ийнхүү Далай багшаас 15 удаа Цогт цагийн хүрдний авшиг ван хүртсэн, Улаан үдэд Буриад зон олонд Цогт цагийн хүрдний авшиг ван хүртээсэн, Цогт цагийн хүрдний бүтээл бясалгалд мэргэшсэн, монголчууд бидний зарлигийн ачит Жадо ринбүчи багш маань Цогт цагийн хүрдний авшиг ванг бяцхан Будда тунамал жаахан Богд хутагтад, монголчуудад, монгол туургатнуудад, зорин ирэх 5 тивийн буддистуудад хүртээх болсон нь үнэхээрийн түүхэнд яруу тодоор тэмдэглэгдэх гайхамшигт номын үйл явдал билээ. Монголын заяа ихээ.

Дээрхийн гэгээн XIV Далай багшийн дэлхийн 4 тивд 34 удаа тавьсан Цогт цагийн хүрдний ван авшигийн түүхэн товчоон

(Огноо, газар, ирц)

1. 1954 оны 5-р сар / Норбулингка, Төвөдийн Лхас хотод / 100,000 сүсэгтэн чуулсан.

2. 1956 оны 4-р сар / Норбулингка, Төвөдийн Лхас хотод/ 100,000 сүсэгтэн чуулсан.

3. 1970 оны 3-р сар / Энэтхэгийн Дарамсала хотод / 30,000 сүсэгтэн чуулсан.

4. 1971 оны 1-р сар / Энэтхэгийн Карнатака мужийн Билакүппэ хотод/ 10,000 сүсэгтэн чуулсан.

5. 1974 оны 12 сар / Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хотод / 100,000 сүсэгтэн чуулсан.

6. 1976 оны 9-р сар / Энэтхэгийн Ладакд/ 40,000 сүсэгтэн чуулсан.

7. 1981 оны 7-р сар / АНУ-ын Висконсин мужийн Мадисон хотод/ 1,500 сүсэгтэн чуулсан.

8. 1983 оны 4-р сар / Энэтхэгийн Аруачал Прадэш мужийн Диранг хотод/ 5,000 сүсэгтэн чуулсан.

9. 1983 оны 8-р сар / Энэтхэгийн Химачал Прадэш мужийн Табо хотод/ 10,000 сүсэгтэн чуулсан.

10. 1985 оны 7-р сар / Швейцарийн Рикон хотод/ 6,000 сүсэгтэн чуулсан.

11. 1985 оны 12-р сар / Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хотод / 200,000 сүсэгтэн чуулсан.

12. 1988 оны 7-р сар / Энэтхэгийн Жамму ба Кашмир мужийн Занскар хотод/ 10,000 сүсэгтэн чуулсан.

13. 1989 оны 7-р сар / АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод/ 3,300 сүсэгтэн чуулсан.

14. 1990 оны 12-р сар / Энэтхэгийн Уттар Прадэш мужийн Саранат хотод/ 130,000 сүсэгтэн чуулсан.

15. 1991 оны 10-р сар / АНУ-ын Нью Иорк мужийн Нью Иорк хотод/ 3,000 сүсэгтэн чуулсан.

16. 1992 оны 8-р сар / Энэтхэгийн Химачал Прадэш мужийн Калпа хотод/ 20,000 сүсэгтэн чуулсан.

17. 1993 оны 4-р сар / Энэтхэгийн Сикким мужийн Гангток хотод/ 100,000 сүсэгтэн чуулсан.

18. 1994 оны 7-р сар / Энэтхэгийн Химачал Прадэш мужийн Жиспа хотод/ 30,000 сүсэгтэн чуулсан.

19. 1994 оны 12-р сар / Испани улсын Барселона хотод/ 3,000 сүсэгтэн чуулсан.

20. 1995 оны 1-р сар / Энэтхэгийн Карнатака мужийн Мүндгод хотод/ 50,000 сүсэгтэн чуулсан.

21. 1995 оны 8-р сар / Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод/ 30,000 сүсэгтэн чуулсан.

22. 1996 оны 6-р сар / Энэтхэгийн Химачал Прадэш мужийн Таба хотод/ 20,000 сүсэгтэн чуулсан.

23. 1996 оны 9-р сар / Австралийн Сидней хотод / 3,000 сүсэгтэн чуулсан.

24. 1996 оны 12 сар / Энэтхэгийн Баруун Бэнгал мужийн Салүгара хотод/ 200,000 сүсэгтэн чуулсан.

25. 1999 оны 8-р сар / АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотод/ 4,000 сүсэгтэн чуулсан.

26. 2000 оны 8-р сар / Энэтхэгийн Химачал Прадэш мужийн Ки хот/ 25,000 сүсэгтэн чуулсан.

27. 2002 оны 10-р сар / Австрийн Граз хот / 10,000 сүсэгтэн чуулсан

28. 2003 оны 1-р сар / Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хот/ 200,000 сүсэгтэн чуулсан.

29. 2004 оны 4-р сар / Канад улсын Онтарио мужийн Торонто хот / 8,000 сүсэгтэн чуулсан.

30. 2006 оны 1-р сар / Энэтхэгийн Андхара Прадэш мужийн Амарвати хот / 100,000 сүсэгтэн чуулсан.

31. 2011 оны 7-р сар / АНУ-ын Вашингтон ДС / 8,000 сүсэгтэн чуулсан.

32. 2012 оны 1-р сар / Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хот/ 200,000 сүсэгтэн чуулсан.

33. 2014 оны 7-р сар / Энэтхэгийн Жамму ба Кашмир мужийн Ладак / 150,000 сүсэгтэн чуулсан.

34. 2017 оны 1-р сар / Энэтхэгийн Бихар мужийн Бодгаяа хот/ 200,000 сүсэгтэн чуулсан.


Эх сурвалж: ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top