Энэтхэгийн эрх баригчид улсынхаа нэрийг Бхарат гэж хуучнаар нь солихоор зэхэж байна. Энэ асуудлыг парламентын тусгай чуулганыг есдүгээр сарын 18-22-нд зарлаж, хэлэлцэх хүлээлттэй байна.
“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Энэтхэг уулзалтын урилгын дор Энэтхэгийн Ерөнхийлөгчийг Бхаратын Ерөнхийлөгч гэж заасан нь тус улс нэрээ солих гэж байна гэсэн яриа гарахад хүргэв.
Энэтхэгийн Үндсэн хуулийн эхний заалт “Энэтхэг буюу Бхарат нь...” гэж эхэлдэг байна.
Энэтхэг яагаад нэрээ Бхаратаар солихыг хүсэж байна вэ?
Энэтхэгийн эрх баригчид улсаа Бхарат гэж эртний нэрээр нь нэрлэхийг хүсэж байна. Энэтхэгийн Үндэсний конгрессын тэргүүн Жайрам Рамеш нийгмийн сүлжээнд “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын оройн зоогт урьсан урилгыг Бхаратын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс зочдод илгээсэн байгаа” гэж мэдээлжээ.
Тэрбээр өдгөө Үдсэн хуулийн эхний заалт “Бхарат буюу Энэтхэг нь ...” гэж эхлэх боломжтой болно гэж онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад “Пхаратын Ерөнхий сайд”-ын хувиар оролцсон байна.
“The Economic Times” хэвлэлийн мэдээллээр, Нарендра Модигийн засгийн газар Энэтхэгийн албан ёсны нэрийг Бхарат нэрээр солих тухай тогтоолын төслийг есдүгээр сарын 18-22-нд товлосон парламентын тусгай чуулганд өргөн мэдүүлэх аж. Энэтхэгийн улстөрчид “Энэтхэг” гэсэн нэрийг Британийн гүрний колончлолын үед өгсөн тул Үндсэн хуулиас арчих ёстой гэж үзэж байна.
“Британичууд Бхарат нэрийг “Энэтхэг” гэж өөрчилж байсан. Манай улс олон мянган жилийн турш Бхарат нэрээр танигдсан. Энэ бол манай улсын эртний нэр бөгөөд санскрит түүхэн бичмэлүүдэд дурдагддаг. “Энэтхэг” нэр нь колоничлолын нэр, өөрөөр хэлбэл боолчлолын бэлэг тэмдэг байсан” гэж Энэтхэгийн парламентын дээд танхимын гишүүн Нареш Бансал мэдэгджээ.
Энэтхэгийн Үндсэн хуульд англи, хинди хэлийг албан ёсны хэл гэж заасан байдаг байна. Англиар тус улсыг “India /Энэтхэг/”, хиндигээр “Бхарат” гэж тодорхойлжээ. Улсынхаа нэрийг өөрчлөхийн тулд парламентын дээд, доод хоёр танхимын олонхын дэмжлэгийг авах ёстой. Тогтоолыг баталсны дараа Засгийн газар нь Үндсэн хуульдаа дор хаяж арван заалтад өөрчлөлт оруулах ёстой гэнэ.
Шинжээчид юу өгүүлэв
Энэтхэгийн эрх баригч намын улсынхаа нэрийг “Бхарат” гэж солих төлөвлөгөө нь үндэсний үзлийн нэг хэсэг нь гэж шинжээчид үзэж байна. Үүнээс өмнө Бхаратиа Жаната нам газар зүйн нэршлийг хэдийн хуучнаар нь сольж эхэлсэн. Тухайлбал, Бомбей хотыг Мумбай, Мадрасыг Ченнай, Калькуттаг Колката гэж хуучин нэрээр сольсон билээ. Эдгээр хотууд нь Энэтхэгийн хувьд түүхэнд хотууд биш. Эдгээрийг англичууд байгуулжээ.
Ямар үнээр нэрээ өөрчлөх вэ?
“Outlook India” сэтгүүлийн судалгааны баг Эсвантини гэж нэрээ сольсон Африкийн хуучнаар Свазиланд улсын туршлага дээр үндэслэн Энэтхэгт нэрээ солиход хэдий хэмжээний үнэ төлөх тооцоолол хийжээ.
Тооцооллоос үзвэл, энэ санаачилгын төлөө тус улс нийт 1.7 тэрбум ам.долларын үнэ төлнө. Үүнд газрын зураг, навигацийн систем, төрийн байгууллагуудын албан ёсны баримт бичгийг шинэчлэх зэрэг зардлууд багтжээ. Ийм хэмжээний мөнгийг Энэтхэг улс сард 800 сая хүнийг хоол хүнсээр хангахад зарцуулдаг байна.
Энэтхэгийн хөрш болох Шри Ланка улсын практикаас үзвэл, өмнөх Цейлон гэсэн нэрийг төрийн бүхий л албан бичгээс арилгахын тулд 40 жил зарцуулжээ.
Ямар орнууд нэрээ сольж байсан бэ?
2021 оны арванхоёрдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улсынхаа нэрийг Türkiye гэж солих тухай зарлигт гарын үсэг зурж байв. Энэ нэр нь Туркийн бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулахад чиглэсэн экспортын брэнд нэр. Өдгөө тус улсын бүтээгдэхүүнийг “Made in Turkey” бус “Made in Türkiye” гэсэн нэгдсэн нэг брэндээр танилцуулж байна. Мөн энэ нэрийг гаднын түнш орнуудтай харилцахдаа ашигладаг байна.
2019 оны хоёрдугаар сарын 12-нд Бүгд Найрамдах Македони Улсыг Бүгд Найрамдах Умард Македони Улс гэж нэрлэх хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болж байв.
Мьянмарын эрх баригчид улсын албан ёсны нэр, улсын далбаа, төрийн дууллаа 2010 онд мөн өөрчилж байв. Мьянмарын Холбоо гэсэн нэрийг Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улс болгон өөрчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )