Израил сүүлийн 50 жилд анх удаа удаа дайны байдалд оров: Санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 12

Энэ сарын 7-нд Палестины Хамас бүлэглэл Израилд цохилт өгсөн. Тус улсад сүүлийн 50 жилд анх удаа дайны байдал зарлав. Үүссэн нөхцөл байдал хамгийн түрүүнд газрын тосны салбар болон баталгааны үүрэг гүйцэтгэгдэг актив гэгддэг алтанд нөлөөлж байна. 

Аравдугаар сарын 7-ны өглөө үүрээр Палестины Хамас хөдөлгөөний цэргийн жигүүр Израилд халдав. Газын зурвасаас олон мянган пуужингийн цохилт өгч, бүлэглэлийнхэн Израилын хотууд руу нэвтэрчээ. Израил үүний хариуд Газын зурваст мөн пуужингаар цохилт өгсөн. Мөргөлдөөний улмаас нийт амиа алдагсдын тоо 2000-г даваад байна. 

Хамас хөдөлгөөний удирдагчид энэхүү ажиллагаа нь палестинчуудын эсрэг үйлдсэн гэмт хэрэг, Иерусалим дахь Аль Акса сүм “халдсан”-ы төлөөх хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн. 

Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлантын мэдэгдсэнээр, Хамас хөдөлгөөн үнэн хэрэгтээ Израилд дайн зарлаж байна. Тиймээс Израил улс 1973 оны аравдугаар сараас хойш буюу Шүүлтийн өдрийн дайнаас хойш анх удаа дайны байдалд шилжиж байна. Шүүлтийн өдрийн дайн нь Израил улс тусгаар тогтносноос хойших түүхэнд бичигдсэн хамгийн том цэргийн мөргөлдөөн юм. Хамас, Израилын мөргөлдөөн хурцадсан нь юуны өмнө Израилын үндэсний компаниуд болон валютад нь сөргөөр нөлөөлжээ. Израилын биржийн гол хоёр индекс болох TA35 болон TA125 тус бүр 6.25 болон 6.47 хувиар буурчээ. Даваа гарагийн арилжаа эхлэх үед Израилын шекелийн ханш 2016 оноос хойш анх удаа ам.долларын эсрэг гурван хувиар сулрав. Үүнтэй зэрэгцэн Израилын банк шекелийн ханшийн уналтыг барихын тулд 30 тэрбум ам.долларын валют арилжих тухай зарлалаа. 

Мөргөлдөөний шинэ үе өмнөхүүдээсээ илүү урт хугацаанд, илүү ширүүн өрнөх төлөвтэй байна. Тиймээс Израилын эдийн засаг болон улсын төсөвт ихээхэн сөрөг үр дагавар дагуулна гэж “Leader Capital Markets” компанийн ахлах эдийн засагч Жонатан Кац үзэж байна. 

Израил дахь нөхцөл байдал дэлхийн зах зээлд мөн нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дээр Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ таван хувиар өсөж, 88.5 ам.долларт хүрсэн бол хожим нь бага зэрэг буурч, нэг баррель нь 87 ам.долларт тогтоод байна. 

Ойрх Дорнодын геополитикийн аливаа хямрал газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг гэж “Yardeni Research” төвийн ерөнхийлөгч Эд Ярдени сануулж байна. 

Хэдийгээр Израил дахь нөхцөл байдал дэлхийн газрын тосны урсгалд шууд эрсдэл учруулахгүй ч Израилыг дэмждэг АНУ, Ираны харилцааг хурцатгах эрсдэл бий. “The Wall Street Journal” хэвлэл Ираныг Хамас бүлэглэлийн халдлагад холбоотой гэж бичсэн бол Иран энэхүү мэдээллийг няцааж байгаа билээ. 

Блүмберг агентлагийн онцолсноор, хэрэв Израил Ираныг энэхүү халдлагад холбоотой болохыг тогтоовол Тегераны эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгахад хүргэж болзошгүй. 

Сүүлийн хэдэн сар Ираны түүхий газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрсэн нь АНУ-ын хандлага илүү зөөлөрсөнтэй холбоотой гэж Блүмберг онцолсон байна. 

Харин хэрэв Израил Ираныг цэргийн ажиллагаатай холбоотой гэж шууд буруутгавал Жо Байдены засаг захиргаанд хориг арга хэмжээний ийм либерал дэглэмийг хэрэглэхэд хүндрэлтэй болно гэж “RBC Capital Markets” компанийн шинжээч Хелима Крофт үзэж байна. 

АНУ-ын хоригийн хариуд Иран газрын тосны урсгалын амин чухал суваг болох Ормузын хоолойг бүрэн хааж болзошгүй. Эл усан замаар хоногт 17 сая баррель түүхий газрын тос болон хийн конденсатыг тээвэрлэдэг. 

XXI зуунд гарсан Палестин, Израилын өмнөх мөргөлдөөнүүдийн түүхээс үзвэл мөргөлдөөн эхэлснээс хойших хэдэн сарын туршид газрын тосны үнэ харьцангуй багаар нэмэгдэж байжээ. Энэ нь инфляцыг өсгөх хүчин зүйлс хэдий ч дэлхийн газрын тосны нөөц бага байгаа нь зах зээлийн хувьд илүү том асуудал болж байна. Тиймээс Израил, Газын зурвасын хооронд үүссэн эл хямрал дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой аюул одоогоор учруулахгүй. Гэхдээ газрын тосны үнийг өсгөхөд нөлөөлөх нэмэлт хүчин зүйл болж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. 

Урт хугацаанд газрын тосны биржийн үнэ эл хямрал богино хугацааны мөргөлдөөн эсвэл том хэмжээний дайн болж хувирахаас шалтгаална гэж Ярдени онцолжээ. Байдал муугаар эргэвэл газрын тосны үнэ өсөхөөс гадна инфляц өсөх хүчин зүйл гарч ирж, улмаар АНУ-ын Төв банк бодлогоо өөрчлөхөд хүрч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Газрын тосны биржийн үнэ нэмэгдвэл АНУ-ын Холбооны нөөцийн систем буюу Төв банкийг мөнгө, зээлийн бодлогоо чангатгахад хүргэнэ. Ингэснээр АНУ-ын эдийн засгийн өсөлт буурахад нөлөөлнө. Энэ сарын 9-ний өдрийн арилжаагаар ам.долларын индекс нэг хувиар чангарсан. Сүүлийн үед ам.долларын индексэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь зээлийн хүүг хязгаарлалтын түвшинд аль болох удаан барих явдал болоод байна. 

Израилын мөргөлдөөн Европын болон АНУ-ын үнэт цаасны зах зээл ихээхэн нөлөө үзүүлээгүй. АНУ-ын биржийн гол индексийн S&P 500 фьючерс -0.5 хувьтай арилжаалагдаж байна. Өнөөгийн нөхцөл байдалд Европын болон АНУ-ын зах зээлд хэлбэлзэл үүсэх магадлал бага байна. Гэхдээ энэ нь мөргөлдөөн хэрхэн өрнөхөөс шалтгаалан өөрчлөгдөж магадгүй гэж Сингапурын Төв банкны ахлах эдийн засагч Мансур Мохи Уддин үзэж байна. 

Хувьцааны зах зээл зээл бага зэргээр буурч байгаа энэ үед хамгийн эрсдэлгүй, тогтворгүй байдлын үед хөрөнгө оруулагчдын хувьд баталгааны хэрэгсэл гэж үздэг алтны үнэ өсөж байна. Нэг унц алтны үнэ нэг гаруй хувиар өсөж, 1850 ам.долларт хүрчээ. 

Израил дахь гэнэтийн хямрал алтны үнийг нэмэгдүүлсэн ч бүс нутагт мөргөлдөөн илүү хурцадсан тохиолдолд л алтны үнэ их хэмжээгээр өснө гэж “Fat Prophets” компанийн шинжээч Дэвид Леннокс тордуулжээ. Ойрын үед алт, мөнгө муугүй үзүүлэлттэй байх боломжтой ч зээлийн хүүгийн өсөлт урт хугацаанд алтны үнийн өсөлтийг хазаарлаж магадгүй гэж шинжээчид онцолжээ. 

Геополитикийн тодорхойгүй байдлын үед хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын засгийн газрын үнэт цаас аврал нь болох боломжтой гэж “Market Watch” онцолсон байна. Харин одоогоор хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн төлөв байдал тогтвортой байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top