Саудын Арабын Спортын яам цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах тухай саяхан мэдэгдсэн нь өрсөлдөөнт геймингийн салбарын анхаарлыг татаад байна. Саудын Араб цахим спортын дэлхийн төв болохоор хэрхэн төлөвлөж буй талаар Forbes сэтгүүлд бичжээ.
Хааны амбиц
Саудын Арабын Хаант Улс хэдэн жилийн турш “Gamers8 и Riyadh Masters” брэндийн дор цахим спортын тэмцээнүүдийг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Үүнд хаант улс олон сая ам.долларын төсөв зарцуулж байгаа. 2023 онд хэд хэдэн төрлөөр зохион байгуулсан Gamers8 тэмцээний шагналын сан 45 сая ам.доллар байснаас 15 сая ам.долларын шагналыг Dota 2 төрөлд зориулжээ. Харьцуулахад, Dota 2 видео тоглоомыг боловсруулагчдын зохион байгуулдаг The International тэнцээний шагналын сан энэ жил дөнгөж 3.4 сая ам.доллар байсан аж.
Харин өдгөө Dota 2 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээний статусыг хаант улсаас зохион байгуулах цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэж байна.
Стратегийн хөрөнгө оруулалт
Өргөн цар хүрээтэй тэмцээн, олон сая ам.долларын шагналын сан нь Саудын Арабын өрсөлдөөнт тоглоомын салбарт өөрийн нөлөөгөө тэлж буйн ганц жишээ бус. Ирэх ДАШТ өмнөх тэмцээнүүдийн нэгэн адил хаант улсын цахим спортод оруулж буй стратегийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг. Үүнээс өмнө тус улс цахим спортын “ESL” болон “Faceit” томоохон компанийг 2022 онд нийт 1.5 тэрбум ам.доллароор худалдан авч, улмаар эдгээрийг нэгтгэх замаар ESL Faceit Group (EFG) нэгдсэн холдинг байгуулсан билээ.
Энэхүү холдинг нь Саудын Арабд болж буй ихэнх тэмцээний зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.
Цахим спорт нь Саудын Арабын стратегийн сонирхлыг татаж буй цорын ганц салбар ч бас биш. 2016 онд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Аль Сауд хаант улсынхаа газрын тосны орлогоос хараат байдлыг бууруулах зорилгоор “Vision 2030” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Түүнээс хойш тус улс хөгжүүлэлт, спорт, аялал жуулчлал зэрэг салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, тус хаант улс ирээдүйн хотын “NEOM” төслийг эхлүүлж, үүнд нийт таван тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Санаачлагчдын тооцоолсноор, ирээдүйн энэ хот нь хот байгуулалтын шинэ стандарт болох учиртай.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Саудын Араб Улаан тэнгисийн эрэг орчмын 28 мянган кв км газрыг барилгажуулах төслийг дэмжээд байна. Харин спортын салбарт хамгийн их дуулиан тарьсан үйл явдал нь Криштиану Роналдуг “Аль Наср” клубт жилийн 200 сая ам.долларын цалин санал болгож шилжүүлэн авсан юм. Мөн Неймарыг Францын “ПСЖ” клубээс “Аль Хиляль” клубт 90 сая еврогоор шилжүүлэн авах гэрээ байгуулсан явдал.
Түүхэнд анхны
Энэ оны аравдугаар сарын 23-нд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Аль Сауд Gamers8 цуврал тэмцээнийг халж, оронд нь цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг санаачилж буйгаа зарлав.
ДАШТ нь энэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болох юм.
Өнөөг хүртэл цахим спортын тэмцээнүүд төрөл тус бүрээр тусдаа зохион байгуулагдаж байлаа. Учир нь цахим тоглоом бүр өөрийн гэсэн хөгжүүлэгчтэй ба тэд өрсөлдөгчидтэйгөө хамтран нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах хүсэлгүй байв. Харин хаант улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний далбаан дор цахим спортын ихээхэн дэлгэрсэн төрлүүдийг нэгэн дээвэр дор цуглуулж дөнгөжээ. Хөгжүүлэгчидтэй ямар болзолтой ийм тохиролцоонд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Эр Рияд хотноо ДАШТ-ийг зарласан бага хуралд Криштиану Роналду, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөс гадна цахим тоглоом бүтээгчдийн томоохон төлөөллүүд бүгд оролцсон юм.
Зохион байгуулагчдын хувьд нэгдсэн дүн гаргахад оноо тоолох асуудал хамгийн гол хүндрэл нь байна гэж шинжээчид үзэж байна. Counter-Strike эсвэл Dota 2 зэрэг илүү түгээмэл төрлүүдэд байгуулсан ялалтыг PUBG эсвэл Rainbox Six зэрэг арай бага дэлгэрсэн төрлүүдээс илүү үнэлэх нь тодорхой. Гэвч энэхүү нарийн асуудлыг цахим тоглоом хөгжүүлэгчидтэй зөвшилцөхөд харьцангуй хүндхэн үйл явц байх нь дамжиггүй. Учир нь ихэнх тоглоом бүтээгчдийн хувьд тэдний бүтээгдэхүүнийг эрэлт багатай хэмээн зөвшөөрсөнтэй агаар нэг болох юм.
Нөгөө талаар, цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төрөлд багтах нь тухайн төрлийн нэр хүндийг өсгөнө. Энэ тал дээр Саудын Араб зөв чиглэлийг барьж, үнэхээр илүү их дэлгэрсэн тоглоомуудыг хамруулахаар ажиллаж байна. Гэтэл Олон улсын олимпын хороо эсрэгээр Цахим спортын олимпын наадмыг зохион байгуулахдаа цахим тоглоомын ертөнцөд сайн дэлгэрээгүй төрлүүдийг оруулж байсан. Olympic Esports Series наадмын цорын ганц дэлгэрсэн төрөл нь Rocket League байв. Гэтэл энэ төрөл нь 2023 оны хамгийн алдартай тоглоомуудын жагсаалтын дөнгөж 12-т бичигджээ.
Дубайн мөрөөр
Саудын Арабын Хаант Улс хөрш зэргэлдээх Арабын Нэгдсэн Эмирт Улсын туршлагыг судалсан нь дамжиггүй. АНЭУ нь нэгэн зэрэг аялал жуулчлал болон далайн ложистикт стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгаа үр дүнтэй төрөлжүүлж чадсан туршлагатай. Дубай хотоос 40 км зайд орших Жебель Али нь дэлхийн дээрх хамгийн том хиймэл усан боомт ба Персийн булангийн хамгийн том боомт болоод байна.
Харин Саудын Араб бага зэрэг хожимдсон ч гэсэн хөршийнхөө туршлагаас суралцан, хаант улсынхаа стратегийн хөгжлийн гол салбаруудын нэгээр спорт, цахим спортыг сонгоод байна.
Саудын Арабын баялгийн сангийн бусад мега төслүүдийн жагсаалтад ирээдүйн хот NEOM болон спорт, урлаг, амралт зугаалгын олон улсын төв болох Qiddiya орж байна. Эдгээр нь дэд бүтэц, өрнө болон дорнын дундах онцгой байршлынхаа ачаар уран бүтээлч, зураач, тамирчдын татах гол цэг байх юм.
Саудын Араб хөрш Арабын Нэгдсэн Эмирт Улсын амжилтыг давтаж чадах эсэх, Эр Рияд шинэ Дубай болох эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулна. Харин одоогоор Саудын Араб дор хаяж цахим спортын гол үйл явдлын төв болно гэж итгэлтэй хэлж болох юм.
Сэтгэгдэл ( 0 )