ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 01 сарын 15

Өнөөдөр 2024.01.15. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа, 17 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -22 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр БНАСАУ-д Солонгос цагаан толгойн өдөр бол Индонезид Далайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Венесуэлд Багш нарын өдөр, Египетэд Мод суулгах, Нигерид Зэвсэгт хүчний, Энэтхэгт Армийн өдөр.

Энэ өдөр Америкийн мэдрэлийн эс судлаач, Нобелын шагналт Мартин Чалфи, мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Бернард Хопкинс, Оросын кино найруулагч, жүжигчин Егор Кончаловский, Испанийн хөл бөмбөгч Марк Бартра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр Баргын морьт цэргүүд болон Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, Монгол загасны харуулуудыг эзэлжээ.

1958 оны энэ өдөр Налайхын ил уурхай ашиглалтад оров.

1993 оны энэ өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Б.Мандалсүрэн тэргүүтэй Засгийн газрын эдийн засаг, гадаад худалдааны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Хоёр тал 1993 оны импорт, экспортын бараа бүтээгдэхүүний тухайд тохиролцон, БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монгол Улсад Хятад хэлний сургалтын төв байгуулах баримт бичигт гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Испанид Ардын фронт үүсгэн байгуулагджээ.

1943 оны энэ өдөр Пентагоны барилга баригдаж дуусав.    

1973 оны энэ өдөр Парисын энхийн хэлэлцээрийн дэвшлээр АНУ-ын зэвсэгт хүчин Хойд Вьетнамын эсрэг бүх цэргийн ажиллагаагаа зогсоожээ.

1992 оны энэ өдөр Европын Холбоо Словени, Хорватын тусгаар тогтнолыг зарлав.

2011 оны энэ өдөр Өмнөд Суданы тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал хураалт дуусжээ.

Өнөөдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top