Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.3 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 417 мянган төгрөгөөр буюу 24 хувиар өссөн үзүүлэлт аж.
Засгийн газрын тохируулагч агентлаг учраас “ул”-ныхны бодит амьдрал ямар байх нь түй ч хамаагүй бололтой. Дээрээс өгсөн чиг үүргийн дагуу буюу дарга нар ямар судалгаа гарга гэнэ, түүнийг л хийдэг, түүндээ бүр “төгсөрчихжээ”. Ингэж эргэлзэхийн учир Дэлхийн банкнаас өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын 3.4 сая иргэнээс 904 мянган хүн ядуу, ядуурах магадлалтай 400 мянган хүн байна гэж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хүн амын гуравны нэг нь буюу 1.3 сая гаруй иргэн амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлогоор амь зууж байгаа гэдэг судалгааг гаргажээ. Үүн дээр одоо зуд турханд малаа хуйгаар нь алдаж, амин зуулгаасаа салж, арга буюу юу ч хийгээд хамаагүй амьдрахын эрхэнд хот суурин газрыг бараадах малчдын нүүдэл буюу албан болоод албан бус шилжилт хөдөлгөөнүүд нэмэгдэнэ.
Суурин амьдралтай иргэдийн ахуй амьжиргаа ч хүндхэн байгаа нь нүднээ илхэн. Толгой дарааллаад цалин тэтгэвэр, хэрэглээний зээлтэй, өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байна. Залуучууд бараг бүгдээрээ хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй улс орнууд руу “дайжих” зорилготой. Ойрын болоод дунд хугацааны төлөвлөгөөний аль нэг хэсэгт нь заавал мөрөөдөл гэхэд ч хаашаа юм нэг иймэрхүү зүйл бичигддэг болчихоод удаж байна. Хүний үрс амьдрал хайсандаа л тэр.
Гэтэл эх оронд нь дандаа цалин тэтгэвэр нэмэгдэж, эдийн засгийн өсөлт дээшээ өгсөж байгаа гоё мэдээ үе үе сонсогддог хэдий ч жинлүүрийн нөгөө талд хэрэглээний үнийн индекс байнга өсдөг ч, хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур.
“Залуу насаараа хучна” гэдэг шиг хэсэгтээ цалингаас цалингаас хооронд дөнгөн данган дэнжигнэн мөнөөх жинлүүрийн хол зөрүүтэй байгаа хоёр туухайг тэнцүүлж ядан зохицуулах гэж яаж ч хичээгээд арга мухардан, сүүлдээ бууж өгч, өр зээлийн “аранга”-нд орчихдог. Ийм нөхцөлд амьдралын чанар буурна уу гэхээс сайжрахгүй.
Гэтэл ийм хүнд нөхцөл байдалд ямар хүмүүс амны билэгтэй судалгаа гаргаж өгөөд байдаг юм бол. Уг нь статистик гэдэг бол өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудаас тогтох математикийн шинжлэх ухаан юм. Үндэсний статистикийн хороог ч мэргэжлийн судлаачидтай, босоо тогтолцоотой лунжгар том аппарат гэж төсөөлдөг. Бэлгэдэл зүй гэх мэттэй ямар ч холбоогүй шал өөр шинжлэх ухаанч байгууллага. Иргэдийнхээ бодит байдал буюу өгөгдөл, мэдээллээ цуглуулаад дүн шинжилгээ хийж гаргадаг босоо удирдлагатай мэргэжлийн байгууллага гэж ойлгогддог. Гэтэл цаасан дээрх статистикийн мэдээлэл эрхэм хүндэт дарга нарын маань чихэнд сонсголонтой сайхан мөртлөө энгийн иргэдийн бухимдал дургүйцлийг төрүүлэхийн учир юу вэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох хороодоос дутуу хийсэн судалгаа буюу худал мэдээлэл мэргэжлийн байгууллагад нийлүүлэгдэж байгаатай холбоотой байж болох юм биш биз. Тэгвэл анхан шатны нэгж буюу хороо, цаашлаад хэсэг дээрх судалгааг ямар боловсрол, мэргэжилтэй хүмүүс хийж байна вэ. Шуудхан хэлэхэд, сонгуулиар ялалт байгуулсан намын хэсгийн ахлагчид буюу улс төрийн албан тушаалтнууд. Өнгөн талдаа бол төр, иргэн хоёрыг холбох гүүр нь хорооны хэсгийн ахлагчид. Өөрөөр хэлбэл, бүх судалгаа, мэдээллийн анхан шатны нэгж нь мөнөөх хэсгийн ахлагчид болж байгаа юм. Тэд үнэхээр айлаараа орж, судалгаагаа үнэн зөв хийж байна уу. Аль эсвэл өрхийн дэвтрээсээ хуулан бичлэг хийгээд сууж байна уу. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч М.Мөнхсайхан нэгэн арга хэмжээний үеэр “Хэсгийн ахлагчдыг яг юу хийж байгааг дээд байгууллагууд нь тодорхой мэддэггүй, бас авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл, зүгээр л иргэдийн хүсэлтийг дамжуулдаг субъект л гэж хардаг. Гэтэл хэсгийн ахлагчид анхан шатан дээр бүх төрлийн судалгааг хийдэг чухал үүрэгтэй” гэж ярьж байжээ. Харин Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч Н.Ганпүрэв “Хэсгийн ахлагч нар ихэвчлэн цаасаар судалгаа авдаг” гэж мөн үеэр ярьсан байх юм.
Нийслэлийн зүгээс “Хэсгийн ахлагч” аппликэйшн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч дүүрэг, нийслэлд хүргүүлэх, улмаар шуурхай шийдүүлэхээс гадна хариуцсан нутаг дэвсгэрт ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд орчны хяналт тавих боломжтой болгожээ. Ингэснээр нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаа илүү сайжрахаас гадна иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдал дээшилж, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж буй юм. Өргөдөл, гомдлыг шуурхай шийдэхэд энэ нь хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Харин нууцын гэрээ, зэрэглэлтэй авдаг нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн судалгаа яаж хийгдэж байна вэ. Булган дах хөдөрч, бохь зажилсан шигээ намбайж байдаг намын аниа, агаа нар тань төр, иргэн хоёрынхоо яг алинд нь үйлчилдэг вэ. Арай төр, иргэн хоёрыг холбосон дүр үзүүлээд зөвхөн намдаа үйлчилдэг юм биш биз. Ингэж хардахгүйн тулд нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийн судалгааг хэсгийн ахлагч нараар биш мэргэжлийн байгууллага нь өөрөө хийдэг болвол ямар вэ.
Үнэндээ “Хороо нэртэй газруудад “хоолны сав”-ууд л үүрлэдэг болжээ” хэмээн иргэд бухимдаж байна. Тэдний зөв. Нүдэн дээр нь амьдралын чанар буурч, эдийн засаг уруудаж байхад Үндэсний статистикийн хорооноос улирал тутамд буюу жилдээ дөрвөн удаа өөдөө тэмүүлсэн өөдрөг үзүүлэлт танилцуулдаг боллоо. Эрхгүй л “Жаран цагаан адууны минь
Алаг нь хаана байна ах нар минь
Зургаан хошуу нутгийн минь
Ард нь хаана байна эгч нар минь” хэмээн урианхай ардын дуу зүрх зүсэх шиг гунигтай байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд шинэ хороод үүсч, орон тоо нэмэгдсэн төдийгүй хэсгийн ахлагчдын цалин урамшуулал 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болтлоо нэмэгджээ. Нийслэлд одоогоор 1800 хүн хэсгийн ахлагч буюу “намын ухуулагч”-ийн орон тоон дээр ажиллаж сар бүр улсын төсвөөс цалин авч байна. Сард нэг тэрбум 800 сая төгрөгийн цалин урамшуулал, жилд 21 тэрбум 600 сая төгрөг, дөрвөн жилд 86 тэрбум 400 сая төгрөгийн цалин, урамшуулал нэртэй “намын усалгаа”-г улсын төсвөөс гаргуулан авчээ.
Судлаач Д.Ганхуяг “Монгол Улс засаг захиргааны хувьд нийслэл, дүүрэг, хороо болон аймаг, сум, баг гэж хуваагдана гэж Үндсэн хуульд тов тодорхой заасан. Гэтэл ”хэсэг” гэж засаг захиргааны зохиомол нэгж бий болгоод тэдгээрийн олон дарга нарыг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэмт хэрэг мөн. Үнэндээ ”хэсэг” бол намуудын сонгуульд зориулагдсан Үндсэн хуулийн бус байгууллага юм. Иймээс хэсгүүд нэн даруй татан буулгах ёстой” гэдэг байр суурийг ч илэрхийлдэг. Эндээс харахад, хууль бус албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсээс нийгэм, эдийн засгийн маш чухал судалгаануудаа салгаж авбал ямар вэ.
Г.Бичээч
Сэтгэгдэл ( 4 )
za bi ed hiij buteeh nasan deere yvaa zaluusiin neg n bainaa, bi tolgoi turuugee ynginatal shormos bulchingaa tattal 2 jil mori mal shig ajillaa, minii amidral deeshilsenguie, uuchlarai bi ooroo ene bohir uls tor niigemiig jigshdeg hun tul gadaad ruu garah n odoogoor minii moroodol bogood zorilgo bolood baina. Zaluusiihaa husel zorigiig algadsan ah egch nartaa talarhaad barahguine.
хүний хөдөлмөрийг(цалин) үнэлэж чаддагүй улсад , улс төрд орж хулгай хийж сайхан амьдархаас өөр зам байхгуй
Хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байгаагаас болж иргэдийн амьдрал дээшлэхгүй ажил хийсэнч дээрдэхгүй бүрч дордож бноо
Нийгмийн хог шаарнуудаас болж улс орон дампуурлын ирмэгт ирээд байна