Өнөөдөр дэлхий даяар цахим ертөнц давалгаалж, хиймэл оюун ухааны шинэ эрин эхлэлээ нэн хүчтэй тавьж байна
Монголын сэтгүүлчид Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ойг тэмдэглэв. Нийслэл Хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарч эхэлсэн нь манай орчин цагийн сэтгүүл зүйн суурь болсон хэмээн үздэг. Түүнээс даруй 111 жилийн хойно, шинэ мянган, шинэ зуун солигдсоноос 24 оны дараа сэтгүүлчдийн барих гол зарчим юу вэ. Өнөөдөр дэлхий даяар цахим ертөнц давалгаалж, хиймэл оюун ухааны шинэ эрин эхлэлээ нэн хүчтэй тавьж байна. Ийм нөхцөлд хүн төрөлхтөний өмнө хүнээрээ үлдэх үү, аль эсвэл хиймэл оюун ухаанд дарлуулах уу, ёс зүй, эрээ цээрээ алдаж хэм хэмжээгээ огоорч “зэрлэгших” үү гэсэн том сорилт тулгарч буйг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ёс зүй гэдэг сэдэв нэн тулгамдаад байж мэднэ.
Туйлын дэмжүүштэй нь МСНЭ энэ 2024 оныг “Ёс зүйг эрхэмлэх жил” болгосноо Үндэсний сэтгүүл зүйн салбарын ойн өдөр тунхаглав. “Ёс зүйг эрхэмлэх жил”-д МСНЭ Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг сурталчлан таниулахаа, Хэвлэл, мэдээллийн салбарт Ёс зүйг эрхэмлэх уриалга гаргахаа, Нийгмийн сүлжээнд сэтгүүлч хүн байр сууриа илэрхийлэх хэм хэмжээний талаар зөвлөмж гаргахаа мэдэгдлээ. Би сэтгүүлч хэмээн сошиалын дурын нэг бичигч мэтээр санасан бодсоноо нийгмийн сүлжээнд зоргоороо цацаж, баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэл түгээж, хэн нэгний нэр хүндэд ёс бусаар халдаж, хувийн өс хонзонгоо дэлгэж, гэмт хэргийн илрүүлэлтэд саад хийж, нэг талыг барьсан мэдээллээр олныг төөрөгдүүлж, улстөрчид, бизнесийнхний халаасанд багтан үнэн мөнийг бүдгэрүүлэхийг хориглоно гэсэн үг. Ингэж байж гэмээнэ дурын сошиалчин сэтгүүлчтэй өөрийгөө дүйцүүлэхээ болино. Хүлээн авч буй уншигч ч сэтгүүлчдийг эрээ цээргүй нэгэнтэй адилтгахаа зогсоно. Зарим сэтгүүлч хамаа бусаар ганц талыг шүүрэн дуулиан шуугиан дагуулж, өрөөсгөл мэдээллээр нийтийн тархийг угаапдаг байдал арилна. Сошиал байхад сэтгүүлч хэрэггүй, тэр энэ сэтгүүлч байхад бусад нь хэрэггүй гэсэн олны дундах төөрөгдөл ч зогсоно. Олон нийтийн сүлжээ хийгээд бодит үнэнийг мэдээлдэг хэвлэл мэдээллийн ялгаа зааг тодорч ирнэ.
Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд ёс зүйн тухай цуврал сургалт, лекцийг их, дээд сургууль, Олон улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулна. Ёс зүйн алдаа дутагдлын судалгааг хийнэ. Ёс зүйн соёлыг төлөвшүүлсэн редакцийг алдаршуулна. Мөн МСНЭ-ийн гишүүн сэтгүүлчдийнхээ дунд тэмдэглэлт өдрүүдийн үйл ажиллагааг явуулж, их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагатай хамтарсан сургалт зохиож, спорт тэмцээн, явган аялал зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт зориулсан үндсэн ажлуудыг хэрэгжүүлж, дотоод гадаад томилолтод хамруулан мэдлэгийн хүрээг нь тэлж байхаар боллоо. Сэтгүүлчид өдөр тутмын нөр их ажилдаа дарагдан мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, хоорондын туршлагаа хуваалцах боломж нэн тааруу байдаг. Дээр дурдсан ажлууд энэ талаасаа тэдэнд маш тулгамдсан ажил болох гэж буйг сэтгүүлчид талархан хүлээж авсан юм. Мөн гадаад харилцаагаа ч өргөтгөхөө илэрхийлэв.
Юуны түрүүнд сэтгүүлчид ёс зүйг эрхэмлэхээр болсныг дээр дурдсан. Наад зах нь энэ жил УИХ-ын сонгууль болно. Сонгуульд ёс зүй хамгийн чухал. Ёс зүйгүй, цадиггүй, өрсөлдөгч нэгнээ ямар ч болов муу аргаар татаж унагах гэдэг байдал нэр дэвшигчдийн хооронд өрнөж, сэтгүүлчдийг энэ дундаа хутган “Могойд барьдаг мод” болгон ашигладаг нь нууц биш. Үе үеийн сонгууль ийм л байсаар ирсэн. Тун удахгүй сонгуулийн сурталчилгаа эхлэхэд аанай л сэтгүүлчдээр муу муухай болгоноо бариулахаар урхидахыг оролдох болно. Тиймээс “Эрхэт Монгол медиа холдинг” энэ гуравдугаар сард “Хэвлэл, мэдээлэл ба сонгууль” сэдвийг гол нийтлэлийн бодлогоо болгон барьж байгаа билээ.
Уг бодлогоор МСНЭ-ээс дэвшүүлээд буйн нэг адилаар сонгуульд ёс зүйн хэм хэмжээг хэрхэн мөрдөх, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд яаж ажиллах талаар цуврал нийтлэлүүдээ толилуулах болно.
Үндэсний сэтгүүл зүнй өдрийн арга хэмжээг эргэн хөндөхөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан ая дуу, бүжгээр бэлэг барьж, “Эх орны манаа” сонины хамт олныхоо мэндчилгээг уламжилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Монголын сэтгүүлчдэд зориулан мэндчилгээ ирүүлснийг Хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл, мэдээллийн албаны дарга нар нь уншин сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 111 жилийн ойн мэндийг дэвшүүллээ. Тэрбээр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах их үйлсэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын оруулсан болон оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэв. Мөн үндэстнээрээ эвлэлдэн нэгдэх, харилцан ойлголцох, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх, ард иргэдээ сайн сайханд уриалан дуудах зэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо туйлаас чухал хэмээн онцоллоо.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2024 оныг Ёс зүйг эрхэмлэх жил болгон зарласныг дурдаж, мэргэжлийн ёс зүйгээ баримтлан, тодорхой эх сурвалжгүй, баталгаа нотолгоогүй мэдээ, мэдээллээс зайлсхийж, нийгэмд бухимдал, талцал хуваагдал үүсгэхгүй байхын төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа болон төр, ард түмнийг холбох гүүр нь болж, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэн ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Цаашид хууль бус үйлдэлтэй тэмцэх, нийгэмд шударга ёс тогтоох, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэн, нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.
Ёслолын арга хэмжээний үеэр Хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, сэтгүүл зүйн чансаатай бүтээл туурвин олон нийтийг соён гэгээрүүлсэн, нийгмийг бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд уриалан дуудсан, болохгүй байгааг шүүмжилж засан залруулахад хөтөлсөн, улс орныхоо түүхийг үнэн бодитоор нийтлэн түгээж үлдээж буй шилдэг сэтгүүлч, уран бүтээлчдэд төрийн одон медаль, МСНЭ-ийн дээд шагналууд хүртээсэн юм.
МҮОНТ-ийн байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, “Шинэ өсөлт” сэтгүүлийн эрхлэгч, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн мэргэшсэн сэтгүүлч И.Отгонжаргал нарыг төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа.
Мөн Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий редактор Б.Энхмарт Ж.Цэвээний нэрэмжит шагнал хүртсэн юм. Б.Энхмарт 2009 онд “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах шуурхайн мэдээллийн албанаас сэтгүүлчийн гараагаа эхлүүлж, 2015 оноос “Үндэсний шуудан” сонины Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2020 оноос Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий редактораар ажиллаж байгаа бөгөөд Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналын Гран приг 2017 онд “Нулимстай бөхөн” цуврал сурвалжилгаараа хүртэж байсан юм.
Бас “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Ч.Үл-Олдох МСНЭ-ийн дээд шагнал болох Д.Бодоогийн нэрэмжит шагнал хүртэв. Д.Бодоогийн нэрэмжит шагналыг улс төрийн шилдэг нийтлэл, судалгаа хийсэн сэтгүүлчдэд олгодог эрхэм шагнал юм.
Ийнхүү сэтгүүлчид эрхэм зорилгоо толдорхойлж, ёс зүйг чанд баримтлахаа тунхаглаж, шилдгүүдээ шагнаж урамшуулан, 112 дахь жилийнхээ ажилд шуудран орлоо.
Сэтгэгдэл ( 7 )
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
нам, 1 хүний халаасанд орсон сэтгүүлчид ёс зүйг эрхэмлэж чадахгүй. энэ бол үлгэр............
SEKSDI ANYSN SEXSEER80955877
Төрийн ордонд төрийн сайд луу новшоо пи...гээдл хашигардаг биздээ
buduuleg gemt heregted bol ene Mongol setguulch nar shu munguunii tuluu yuch hiiheesch buthahgui nugeltei setguulch nar hariuthlaga heregtei ta nar ajil aa buruu achgildag mungutei huld suuhdaa ymar uls be gedgiig ardtumen tansan uchir jaahan bolovsrol bie zuv avj yavaj sur yumiig davsaldag uls hariuthlaga hatuu baih Mongol setguulch nart deg juram heregtei
худалдагдсан сэтгүүлчид , хэвлэл мэдээлэлийн хар гайгаар энэ хулгайч төр засаг оршин тогтнож байна, эд нар ард түмний толгойг эргүүлээгүй бол , бид жагсаж тэмцэж байгаад төрөө цэврэлчих байлаа
Зарим сэтгүүлчид Ёс зүй гэдгээ чухам юу гэж ойлгодог юм болдоо