Б.Батцэцэглэн: Удахгүй бүжиглэж үзүүлнэ

2024 оны 03 сарын 18

“Өглөөний зочин”-оор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Б.Батцэцэглэнг урилаа.


-Сайхан хаваржиж байна уу. Хоёулаа өнгөрсөн намраас хойш уулзсангүй, бараг гурван улирал өнгөрчээ. Түүнээс хойш та Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран “Жаргалтай” дууны уран бүтээл хийсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод цас зудад боогдож зутарсан малчдадаа туслах хандивын тоглолтуудад ч нэгдэж байгаа харагдсан, саяхан бас нэг телевизийн нэвтрүүлэгт орсон байна лээ. Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Уран бүтээлийн олз омог арвин байна. Төрийн соёрхолт дуучин Д.Болд ахтай “Жаргалтай” хэмээх дууг дуулсан. Энэ дууны маань онцлог гэвэл Д.Болд ах өөрийн дуулдаг поп манераар, би бол өөрийн дуулдаг ардын дуучныхаа задгай тембрээр дуулсан. Тэс өөр хоёр ертөнцийн чиг урсгалыг нэгтгэж хүмүүсийн таашаалд хүрсэн уран бүтээлийг хийхийг хичээсэн.

-Анх Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргалтай хоршин дуулж байсан. Саяхан оролцсон нэвтрүүлгийн хэсгээс тасалж авсан бололтой “Өөр дуучинтай дуулахаар нь нөхөртөө хуурагдсан юм шиг санагдсан” гэсэн яриа цахимаар яваад байсан. ...Түүнээс хойш Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой хамтран уран бүтээл хийсэн. Өөр ямар уран бүтээлчтэй хамтран дуулж байна вэ? 

-Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан ахтай хамтарч “Журай гэлдэн” дууг 2020 оны наадмын нээлтээр дуулж байсан.

-Аан, нээрээ тийм.

-“Журай гэлдэн” дуу маань тэр жилдээ зуны тренд болж, ардын бүжгийн челленж зарлагдаж нэлээн явсан. Яах вэ, тэр нэвтрүүлэгт тэгээд хэлчихсэн юм. Хэрэв хүн нөхөр нь хуурвал тийм л мэдрэмж төрнө байх. Би уран бүтээлээ ханилсан ханьтайгаа адил хэмжээнд дүйцүүлэн бодож, хамтран тоглосон уран бүтээлчдээ тэр хэрээрээ тэгж их итгэж, сэтгэл зүрхээрээ ойрхон явдаг юм байна гэдгээ тэр үед мэдэрсэн.

-“Дурлачихсан юм биш үү” гэдэг сэтгэгдэл доор нь яваад байсан даа.

-Еэ хөөрхий дөө /Инээв/. Би өөрийнхөө бодож санаж байгаа болгоныг элдэв юм бодолгүй шууд илэрхийлчихдэг хүн шүү дээ.

Агуулж явахад амараар нь бүс оёж байна

-Үйл уран уу?

-Оёж байгаа. Өнгөрсөн намар нөхөртөө нэг бүс зүү ороон оёж байснаа дуусгаад шинэ жилийн өмнөхөн өөртөө нэг бүс эхэлсэн чинь хоёрдугаар сарын 20-доор дууссан. Тэр бүс их хурдан бүтэх дуртай байсан шүү. Дундуур нь шинэ жилийн баахан тоглолт, Цагаан сарын концерт, бичлэг, золголт гээд зөндөө ажилтай байсан шүү дээ. Ийм их ажлын хажуугаар хурдан бүтсэн шүү дээ, тэр бүс. Миний амьдралдаа хамгийн хурдан хийсэн үйл маань зүү ороож оёсон тэр бүс маань.

-Дээл оёж байна уу. Та хувцасны “Цэцэглэн” брендийг үүсгэсэн юм билээ. Гэхдээ завсарлачихсан гэж байсан?

-Хүмүүс маш их асууж байгаа ч засварлачихсан байгаа. Дээл хувцас гэдэг тухайн хүнийг илэрхийлдэг учраас урлахад цаг хугацаа их орно. Тоглолт, уран бүтээлийн хажуугаар огт амждаггүй. Би бүр өөртөө ч дээл оёж амжихгүй болсон. Одоо миний дээлийг эгч маань оёж байгаа. Яагаад бүс оёод байгаа юм бэ гэвэл ийш тийшээ тоглолтод явахад цүнхэндээ агуулж явахад амар байдаг юм. Хөдөө явсан ч цүнхэндээ хийгээд аваад явчихдаг. Овор хэмжээ бага болохоор тоглолтын зай завсараар бариад суудаг. Байнга оёод байхаар сүүлийн үед зүү ороох оёдол гарт ороод үйл хурдан бүтэж байна.

-Ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Өнөө, маргаашгүй нийтэд цацагдахад бэлэн болсон уран бүтээл гэвэл “Чамдаа зориуллаа” гэдэг дуу бэлэн болж байгаа. Ш.Өлзийбаярын аялгуу, Э.Түдэвийн шүлэг, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат ах маань хийсэн. “Чамдаа зориуллаа” дуу маань этник хэв маягтай. Ардын ч юм шиг гэж хэлэгдэхээр тийм дуу. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал ахтай хамтраад шинэ уран бүтээлүүд хийж байгаа. Хараахан клипний ажилдаа ороогүй байна. Харин тоглолтод маань дуулагдах шинэ уран бүтээлүүдээс гэвэл “Говийн магтаал” байна. “Говийн магтаал”-ыг хөгжмийн шинэ найруулгатайгаар олон түмэндээ дахин хүргэж байгаа юм. Мөн “Ханан сүлжээ нэхээс” гэж Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Амгалан, Б.Сийлэгмаа нарын уран бүтээлчдийн дуулдаг байсан дууг өөрийн багш Монгол Улсын Гавьяат жүжигчин Амгалан багштайгаа хамтран шинэ хөгжмийн найруулгатайгаар үзэгчдэдээ хүргэж байгаа. Залуучууддаа уран бүтээлээ хүргэх нэг алхам нь дуун дээрээ бүжиглэх юм болов уу гэж бодоод суралцаж эхэлж байгаа. Ингэж бодсон учраас бүжгийн хамтлагуудтай мөн хамтран ажиллаж байна. Намайг бүжигт суралцаж байгаа гэдгийг ойлгоорой.    

-Тоглолтоо хийх гэж байгаа юм уу?

-“Үзэсгэлэнт хавар” гэдэг тоглолтоо энэ сарын 30-нд үзэгч олондоо өргөн барина. Ид завгүй гүйж явахад ярилцлага авч байгаа “Өглөөний сонин”-ы хамт олондоо баярлалаа. Өмнө нь 2022 онд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийж байсан. Тэр үед би ямар түвшний уран бүтээлч вэ гэдгээ харуулахыг зорьж байлаа. Өөрийнхөө хоолойны диапазоныг харуулахын тулд мэргэжлийн урлагийн байгуулагуудаа оролцуулаад хөгжмийн дуугаралтын хувьд хамгийн зөв сонсогддог, сонгодог загвараар баригдсан учраас Соёлын төв өргөөг сонгож тоглолтоо хийж байсан. Энэ удаагийн буюу хоёр дахь тоглолтын маань байршлын хувьд гэвэл “Тоглолтоо хэзээ хийх гэж байна вэ”, “Батцэцэглэнгийн дуулахыг үзмээр байна” гэсэн хүмүүс, үзэгчдэдээ зориулаад нэг дор 3000 хүн цугларч суух боломжтой “UB палас”-ын концертын их танхимыг сонголоо. Их олон хүн “UB палас”-т тоглооч гэж хэлж байсан. Тэр хүмүүс, үзэгчдийнхээ хүсэлтийг биелүүлэх боломж гарч ирж байна даа.  Тоглолтод маань хамтарч уран бүтээлээ хийдэг олон сайхан уран бүтээлч бүгдээрээ оролцоно. 

Гадаадад амьдрах санаа огт байхгүй

-Чөлөөт уран бүтээлчээрээ л ажиллаж байна уу. Ингэхэд Үндэсний урлагийн их театраасаа яагаад гарчихсан юм бэ?

-Чөлөөт уран бүтээлчээр явж байгаа ч гэсэн Төрийн хүндэтгэлийн тоглолт, арга хэмжээнүүдэд оролцоод явж байгаа. Хувь уран бүтээлээ хийхэд улсын байгууллагад ажиллаж байгаа үед цаг заваа зарцуулах боломж хомс болчихдог. Тиймээс түр хугацаагаар ҮУИТ-аасаа чөлөө авсан. Мэдээж, эргэж ҮУИТ-таа ажиллана.

-Залуу уран бүтээлчид олонд танигдаад, хүлээн зөвшөөрөгдөөд ирэхийн үедээ гадагшаа гараад явчихдаг. Өнөөгийн нөхцөлд буруутгах аргагүй л дээ. Залуу хүний хувьд иймэрхүү бодол төрөх юм уу?

-Гадаадын улс орнуудаас уран бүтээлийн санал, тоглолтын урилга ирдэг, ирж ч байгаа. Хүлээж авах боломжтойг нь хүлээж авч оролцдог. Гэхдээ яг очиж амьдарна гэсэн санаа байхгүй. Ер нь 10-аас дээш хоногийн хугацаатай гадаадад тоглох урилгыг бараг л хүлээж авдаггүй. Яагаад гэвэл, гэрээ маш их санадаг. Утаатай ч гэсэн Улаанбаатараа маш их санадаг. Ерөөсөө олон хоногоор гадагшаа явах дургүй. Удаан хугацаагаар гадаадад амьдарна гэсэн ойлголт надад бол огт байхгүй. Мэдээж, уран бүтээлчийн хувьд ардын урлагаа олон улсад таниулах нь миний үүрэг.   

-Энэ жилийн хавар их хатуу боллоо. Монголын нийт нутгийн 80 гаруй хувьд зуд турхантай байна. Таныг хандивын тоглолтод оролцож ая дуугаа өргөж байгааг харсан.  

-МҮОНРТ-ийн “Таван эрдэнэ” дууг уран бүтээлчид дахиж олуулаа дуулсан. Хандивын аянд идэвхтэй оролцохыг хичээсэн. Цахим орчинд зориулаад нэлээд олон бичлэг хийгдсэн. Мөн UBS телевизийн хандивын тоглолт гээд ер нь чадлынхаа хэрээр маш олон арга хэмжээнд оролцлоо. Малчид руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй компани, арга хэмжээ болгон дээр шахуу, намайг “Наашаа” гэсэн юм болгонд оролцсон. “Энэ бол миний үүрэг. Би малчны хотноос төрсөн уран бүтээлч. Нүүдэлчин монголчуудынхаа өв соёлыг сурталчлахын төлөө уран бүтээлээ хийж явдаг шүү дээ” гэж бодсон. МҮОНРТ-ийн хандивын тоглолттой тэр өдөр уран бүтээлчид бид хэдэн удаа уйлж, хэдэн удаа инээв ээ. Тэр олон хүний сэтгэлийг хараад баярлаж, өөр хоорондоо бие биеэ сэтгэлээрээ дэмжиж байлаа. Тэгээд дараа нь тэр өдрийн мэдээг үзээд маш их хямарсан. Сэтгэлзүйн хувьд үнэхээр их савлагаатай, хүнд өдөр байсан. Нэг л өдөр мөртлөө жаргалтай, бас маш их гунигтай өдөр байсан даа.

Хөдөөнийх гэдгээрээ гангарч, түүгээрээ бахархаж амьдардаг

-Гуравдугаар сар дөнгөж дундаа орж байна. “Март-8”-ны уур амьсгал, тэмдэглэлт өдөр, баярын мэдрэмж халуун сэргэгээрээ байгаа учраас асуухгүй байж чадахгүй нь. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг та яаж тэмдэглэв. Манайхан тэмдэглэлт өдрүүдийг ер нь баярын уур амьсгал оруулаад л тэмдэглэчих юм даа, тийм ээ?     

-Би хувьдаа баяр болгоныг тэмдэглэдэг монголчуудын энэ өөдрөг зан чанарт дуртай. Хүн аз жаргалыг хаанаас яаж мэдрэх вэ, ямар өдөрт ач холбогдол өгөн тэмдэглэх вэ гэдэг нь хувь хүний сонголт шүү дээ. Нийгэмд нэг буруу хандлага байна, зарим нэг нь баярлаж байгаа хүнийг хараад үзэж чадахгүй, уурлаад байх юм. Иймэрхүү хандлага, уур амьсгал надад таалагддагүй. Би хүн бүрийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Болж өгвөл баярлаж, баярлуулж байхыг хүсдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээждээ, эгчдээ, дүү нартаа “Хайртай шүү” гэдгээ хэлж, илэрхийлэх боломжийг олгодог. Тэд нар маань ч гэсэн ганц өдөр зөвхөн өнөө маргаашаа бодож, болсон, болоогүй амьдралын ачаа үүрэхгүйгээр “Өнөөдөр би баярлаж байна аа” гээд гүйж байвал хэн хэндээ жаргалтай. Тиймээс би Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг нэгдүгээрт, охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө тэмцээсэй, мөн болж бүтэж байгаа нэг нь баяр гэдэг утгаар нь ч эмэгтэйчүүдээ баярлуулж тэмдэглээсэй гэж боддог.

-Энэ цаг үед малчин эмэгтэйчүүдэд маань амаргүй л байгаа даа?

-Малчид маань эрэгтэй, эмэгтэй гэлтгүй энэ Монгол Улсыг эзэнтэй байлгаж байгаа хүмүүс шүү дээ. Хаана ч хэдэн мянган км давхиад очиход тэр уулын суга, элсний хаяанд малчид л байдаг. Бид яах вэ. Унаа тэрэгтэй давхиж очоод л “Сайхан байна”, “Агаар гоё байна” гээд тарвалзаж байгаад л явна. Ямар ч улиралд биднийг угтаж авах сэтгэлтэй хүмүүс малчид байгаа учраас бид тэр сайхныг мэдэрч байна шүү дээ. Эх орноо ингэж байнга эзэнтэй байлгаж байгаа малчдадаа баярлаж талархаж явдаг. Мэдээж, тэр хот айлыг өнгө гэрэлтэй байлгадаг нь эмэгтэйчүүд шүү дээ. Та нар маань мэддэг чаддаг зүйлээрээ гангарч чаддаг. Ийм ч байгаасай гэж би хувьдаа хүсдэг. Би ч гэсэн “Хөдөөний хүүхэн”. Хөдөө, орон нутагт амьдардаг бүсгүйчүүд маань яг энэ цаг үед битгий шантраасай. “Өөрийг чинь хараад итгэл найдвар төрдөг” гэж маш олон бүсгүй хэлдэг. Тэдэндээ чадлынхаа хэрээр сэтгэлийн дэм өгөхийг хичээж яваа. Нарыг мөрөөдөж саран дээр бууна гэдэг шүү дээ. Магадгүй, та бидний зүтгэж хичээж байгаа бүхэн бүсгүй хүний турьхан биед ахдаж байгаа байх. Байгалийн гамшгийн давтамж ч ойрхон байна. Хүнд хэцүү цаг үетэй ойр ойрхон тулгардаг болчихож. Ийм нөхцөлд малчид маань малынхаа үүлдэр угсааг сайжруулан, тоог биш чанарыг эрхэмлэх арга эрэлхийлэх зэргээр айл бүхэн дор бүрдээ гарц гаргалаа хайж үзвэл яадаг юм бол доо.

-“Хөдөөний” гэдэг үг хор шарыг чинь хэр хөдөлгөж байв? 

-Анх оюутан болж байхад “Уртын дууныхан-Хөдөөнийхөн” гэж ярьдаг байсан. Хөдөөнийх гэдэг үг яагаад муухай гэж. Ерөөсөө муухай үг биш шүү дээ. Харин ч хөдөөнийх гэдгээрээ гангарч, түүгээрээ бахархаж амьдардаг байгаасай гэж бодож зорьдог. Миний уран бүтээлийн зорилго, харах өнцөг ч гэсэн цаашид яг ийм, тодорхой. Нүүдэлчин монголчуудын өв соёлоо цаашид хүмүүст харуулах, таниулах, гайхуулах, сурталчлах, чадвал тэднийг бүр даган дууриалгах юм. 800 жилийн өмнө дэлхий даяараа монголчуудыг даган дуурайдаг байсан шүү дээ. Аль хүчирхэг байгаа улс үндэстний соёл давамгай, гоё харагддаг. Энэ нь өнөөдөр ч хэвээрээ. Гэхдээ хүн мэдэхгүй, чадахгүй зүйлээ хэнээс ч ичихгүйгээр “Өө, би наадахыг чинь мэдэхгүй шүү дээ. Яадаг юм бэ” гээд хэлчихдэг, асуудаг байх хэрэгтэй. Тэгвэл аль алинд нь эвгүй байдал үүсэхгүй. Магадгүй, хөдөөнийх гэхээрээ нүүдэлчин малчдын ахуй соёлын зүйлийг бүгдийг мэддэг байх албагүй шүү дээ. Би гэхэд хангайн зүйлийг мэдэхгүй. Бүр говийнхоо зарим зүйлийг мэдэхгүй байж болно шүү дээ. Дуучин болохоор явсан учраас түүнээс хойшхи аж амьдралын зарим зүйлийг мэдэхгүй байж болно шүү дээ. Өөрөөрөө, үнэнээрээ байхад “соёлын шок”-нд орох зэрэг эвгүй байдал үүсэхгүй.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.129) 2024 оны 03 сарын 19

Haha Bold hooloigui gonginoj duuldag Boldiig hen duuchin geh um

0  |  0
Зочин(202.131.230.162) 2024 оны 03 сарын 18

Сайхан ярилцлага болжээ. Баяр хүргэевУран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. .

0  |  0
Top