МАН-аас СХД-т нэр дэвшигчид Жаргалант тосгоны иргэдтэй уулзлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас Н.Алтаншагай, П.Сайнзориг, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, Ч.Номин нар нэр дэвшиж байна. Тэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгонд ажиллаж, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо.

Уулзалтаар нэр дэвшигчид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг алслагдмал хороодыг бүс нутгийн онцлогт тохируулан хөгжүүлснээр өрх бүр орлоготой болж ингэснээр эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байв. Бүс нутгийг иж бүрэн төлөвлөж, шинжлэх ухаанд үндэслэн хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасныг иргэд олзуурхан хүлээн авч байлаа.

Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлбэл алслагдмал хороод өөрийн онцлогт тулгуурлан хөгжих, цаашлаад эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх боломж бүрдэх юм.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгон Улаанбаатар хотоос 57 км зайд байрладаг бөгөөд тус хороо 50 мянга гаруй тоо толгой малтай. Хорооны иргэд үхрийн хагас эрчимжсэн аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Мал аж ахуй эрхлэгчид малын тэжээлээ өөр аймгаас өндөр үнээр худалдаж авдаг нь малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болж байгааг тайлбарлаж байлаа. Хэрэв малын тэжээл тарих газрын асуудлыг хороондоо шийдвэрлэчихвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжих бүрэн боломжтой гэдгийг энэ үеэр иргэд нэр дэвшигчдэд дуулгасан юм. 

Мөн тус хороонд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадвал нарийн ногооны импортыг бууруулах бүрэн боломжтой гэдгийг тариалан эрхлэгчид ярив. 21-р хороонд бүсчилсэн хөгжлийг бодитоор хэрэгжүүлж эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тулгуурлан хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс бий боломжтой гэдгийг энэ үеэр онцолж байлаа. 

 

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

Top