Газар тариалангийн технологийн олон улсын онол, үйлдвэрлэлийн бага хурал боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 25

ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Монголын Агрономчдын холбоотой хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн үеийн газар тариалангийн технологи” сэдэвт Олон улсын онол, үйлдвэрлэлийн бага хурлыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулав.

Онол, үйлдвэрлэлийн бага хурал нь газар тариалангийн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон технолологи, зөвлөмжийг гаргахад чиглэгдсэн бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтийн үеийн газар тариалангийн талаарх бодлого” сэдвээр, Салбарын хяналтын ахлах шинжээч Д.Цэрэндулам “Уур амьсгалын өөрчлөлтийн үеийн ургамал хамгааллын үйл ажиллагааны онцлог” сэдвээр  илтгэл танилцуулав. ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян”-г хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон эрчим хүчний зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, хөрс хамгаалах техник, технологийг ашиглах,  нутагшсан сортын үрээр тарих, таримлын сэлгээг мөрдөх, хөрс, ургамал хамгааллын цогц арга хэмжээг тууштай нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Бага хурлаас Уур амьсгалын өөрчлөлтийн үеийн газар тариалангийн бодлогын зөвлөмж гаргасан. Зөвлөмжид усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, Бүсчилсэн уян хатан үрийн норм ба тарих хугацааг тогтоох, хөрс хамгаалын технологийг үндэсний түвшинд нэвтрүүлэх, сортын бодлогыг уур амьсгалд дасан зохицуулах зарчимд шилжүүлэх, хөрс, ургамал хамгааллын цогц систем нэвтрүүлэх талаар тусгав.

Онол үйлдвэрлэлийн бага хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тариалангийн бүс нутгуудад хүйтрэлгүй хоногийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой үрийн норм, тарих хугацааг өөрчлөх, зөв оновчтой тодорхойлох, усалгаатай талбайг нэмэгдүүлэх, дуслын болон нэвчүүлэх технологийг тууштай нэвтрүүлэх, хөрс, ургамал хамгааллын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Нарлаг монгол

0  |  0
Зочин(66.181.189.121) 2025 оны 11 сарын 26

Нарлаг монгол

0  |  0
Top