Энэ онд төмс, хүнсний ногоо тариалах талбайн хэмжээ 5000 га-гаар нэмэгдэхээр байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн дулаарлын улмаас далайн усны түвшин, цаг агаарын аюултай үзэгдлүүд ихсэж, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахины төмсний үйлдвэрлэлд үлэмж их нөлөө үзүүлэх урьдчилсан төлөвтэй байна. Манай орны байгаль, хөрс, цаг уурын нөхцөл нь тариалан ихээхэн эрхэлдэг бусад орнуудыг бодвол тийм ч таатай бус, эрсдэл ихтэй боловч улс орны эдийн засгийн хөгжилд тариаланч хүн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

 

  • Төмс тариалагчид 2025 оны дүнгээр 13.3 мянган га талбайд тариалж га-гийн ургац 8.5 тонн буюу 114.108 мян/тн ургацыг авчээ. Энэ нь тариалах талбай, авах ургацын дүнгээр жилээс жилд буурч байгаа үзүүлэлт юм.
  • Хүнсний ногоо үйлдвэрлэгчид 16.3 мянган га–д тариалж 239.7 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг 76.2 хувийг хангасан байна.
  • Монгол орон хүн амын хэрэгцээний нормыг дотоодын үйлдвэрлэлээр тооцож үзвэл бөөрөнхий байцайны хангамжийн 95%, шар луувангийн 97%, шар манжингийн 98%, хүрэн манжингийн 100%, сонгинын 62.5%, саримсын 60%, хэмхийн 81%, лоолийн 39.5%, бусад ногооны 40 %-ийг бүрдүүлж чаджээ.

Газар тариалангийн төв бүсийн хөрсний ерөнхий байдал: Тариалангийн үйлдвэрлэлийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал сүүлийн 5 жил (2021 2025 он)-ийн байдлаар Төвийн бүсээс шинжилгээнд хамрагдсан нийт 47720.6 мян.га талбайн 2.0 хувиас бага ялзмагтай талбай дийлэнх буюу (37998.0 мян.га) 79.6%, 2-3 хувийн ялзмагтай талбай 20.3% буюу 9675.9 га, 3 ба түүнээс дээш агуулалттай талбай дөнгөж 0.10% эзэлж байна. Тухайн бүсээс шинжилгээнд хамрагдсан нийт (47720.6 мян.га) талбайн 91.7% нь ургамалд ашиглагдах нитрат азотоор (NO3-N) бага хангалттай, хөдөлгөөнт фосфороор (P2O5) 63.8% буюу 30453 га талбай дунд хангалттай, солилцох (K2O) калиар 29110 га буюу 61.0% бага хангалттай түвшинд байгаа нь ХАА-н тарималд тарилтын үеийн эрдэс болон органик, био бордоо хэрэглэх шаардлагатай байна.

 

  • Улсын хэмжээнд 2026 онд төмс, хүнсний ногоо тариалах талбайн хэмжээ өмнөх 2025 оноос төмс 3000 мянган га-гаар, хүнсний ногоо 2000 мянган га-гаар нэмэгдэхээр байна 
  • 2026 онд төмс 16400 га талбайд тариалах ба нийт шаардлагатай эрдэс бордооны хэрэглээ 9.6 мян.тонн, үүнээс азот (N) 3.9 мян.т, фосфор (P) 3.1 мян.т, (K) 2.7 мян.тонн шаардлагатай бол хүнсний ногоо 18300 га-д тариалахад шаардлагатай эрдэс бордоо 11.2 мян.тонн, үүнээс үүнээс азот (N) 5.4 мян.т, фосфор (P) 3.4 мян.т, (K) 2.4 мян.тонн шаардлагатай юм
  • Шаардлагатай органик бордооны хэрэгцээ төмсний бут хэлбэржих, бундуйлалтын үед 2.4 л/га, хүнсний ногооны 3-4 навчтай үе ба түүнээс 10-14 хоногийн дараа хугацаанд 2 удаа иш навчаар шүршиж бордох хэмжээ 2.4 л/га нормоор бордохоор тооцогдсон байна. Иймд төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчид хөрсний үржил шимийг тогтвортой байлгах, таримлын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор эрдэс, органик бордоо хэрэглэснээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бордооны хөнгөлөлт урамшуулалд хамрагдах бүрэн боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top