НҮБ хяналтгүй хиймэл оюуны гамшигт үр дагаврын талаар сануулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хиймэл оюун ухааны технологийн эрчимтэй хөгжил, үүнтэй холбоотой эрсдэлийг зохицуулах үр дүнтэй механизм байхгүй байгаа нь гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй гэж НҮБ-ын хиймэл оюун ухааны асуудлаарх олон улсын бүлэг анхааруулжээ.

Тус хараат бус олон улсын бүлгийн тайланд дурдсанаар, хиймэл оюуны технологи улам боловсронгуй болж буйг ашиглан гэмт этгээдүүд хиймэл оюуныг луйвар, нийгмийн инженерчлэл, цахим халдлага, худал мэдээлэл тараах, санхүүгийн зах зээл болон биотехнологийн салбарт луйвар хийх зэргээр ашиглаж болзошгүй. Түүнчлэн, хиймэл оюуны систем нь авсан зааврыг бүрэн дагана гэсэн баталгаа байхгүй байгааг шинжээчид анхааруулсан байна. Лабораторийн нөхцөлд явуулсан туршилтын явцад хиймэл оюуны системүүд унтраалгахаас зайлсхийх зорилгоор аюулгүй байдлын дүрмийг зөрчиж байсан тохиолдлууд гарч байжээ.

Хиймэл оюун ухаан хүний боломжийг ихээхэн тэлэх чадвартай. Гэсэн хэдий ч ийм технологийг аюулгүй нэвтрүүлэхийн тулд олон улсын зохицуулалтын үр дүнтэй механизм шаардлагатай байна. Эс бөгөөс тэгш бус байдал нэмэгдэж, хүн амын эмзэг бүлгийг мөлжлөгт ашиглах, мэдлэг болон соёлын өв алдагдах аюул нүүрлэж байна.

Олон улсын бүлгийн тайланд дурдсанаар, дэлхий дахинд нийт нэг тэрбум гаруй хүн өдөр тутам хиймэл оюунт туслахыг ашиглаж байна. Өдгөө хиймэл оюун ухааны боловсруулалтыг хязгаарлагдмал тооны улс орон, компани хянаж байна. Тухайлбал, хиймэл оюунт бүтээгдэхүүн бүтээхэд ашиглаж буй 500 супер компьютерын тооцоолон бодох хүчин чадлын 75 хувь нь зөвхөн АНУ-д ногдож байна. БНХАУ-д 15 хувь ногдож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top