UBS телевизийн үзэгчдийг гурван cap телевизийн өмнө уясан “To be or not to be” театрчилсан реалити шоуны ялагч Ч.Ганбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө “To be or not to be” шоуд оролцоод түрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Одоо ч итгэж чадахгүй л байна.
-Хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй зогсох шиг болсон. Юу бодогдсон бол?
-Шоуны төгсгөлд ялагчдыг тодруулахад горьдлого уг нь бол байсан. Гэхдээ арай Гран при авна гэж бодоогүй. Гуравдугаар байр, хоёрдугаар байрыг дуудсаны дараа нэгд хэн байж болох вэ гэж эргэн тойрныхоо хүмүүсээс эрэлхийлж, би байх болов уу, үгүй болов уу гээд л. Мөнхдорж найруулагч ч нэр хэлэхгүй нэлээд удсан. Тэгээд л овог нэрийг минь хэлэхэд би бүр шооконд орсон юм шиг байна лээ. Хөдөлж чадахгүй байсан. Хажууд зогсч байсан охин сүүлд надад хэлэхдээ, та бүр салгалаад чичрээд байсан гэсэн. Их л сандарсан юм шиг байгаа юм. Их баярласандаа бараг л ухаан алдсан байх. Нэг л итгэж чадахгүй байсан. Шагнал аваад зогсч байхад ээж маань уйлчихсан цэцэг бариад тайзан дээр гарч ирсэн. Ээжийн даралт ихсээд бараг л унах шахсан. Би энэ том шагнал аваад ээжийгээ бараг алдчих нь уу гэж айсан. Тэгээд тайзнаас буусныхаа дараа ээжийнхээ толгойг барьж, жаахан тайвшруулж байгаад гарсан. Тэндээс гараад аав, ээж, эхнэртэйгээ хоол идэж байхад ч аав бүр итгэж ядаад "үгүй мөн сонин юм аа" л гээд байсан. Ээж маань намайг шалгаруулалтад орох болгонд л утасдаж, ээж нь мэддэг хэдэн мааниа хэлээд байж байя гээд л, орой нь зурагтаар шоу гарахад миний хүү гарч байна гэж утасдана. Шүүгчдийн хэлсэн надтай холбоотой үгнүүдэд их дуртай. Харин аав уйлаад л сууж байдаг байсан гэж дараа нь ээж хэлж байсан.
-Сүүлийн үед олон янзын шоу зохиож байна. Зарим хүн аз, авьяасаа сорьж байхад, зарим нь олны танил болох гэж ордог гэдэг. Харин өөрийн чинь хувьд?
-Энэ шоуны талаар тавдугаар сарын сүүлчээр мэдсэн. Би Төмөр замын суудлын вагон ДЕПО-д ажилладаг, байнга л замд явдаг болохоор зурагт нэг их үзэж амждаггүй. Ээжээс ийм шоу болох гэж байгаа тухай анх сонсчихоод, зарыг нь хайж олж үзээд, ер нь л үзээд алдъя гэж шийдсэн. Би драмын жүжигт тоглохыг мөрөөддөг байсан. Энэ шоунд оролцохдоо мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлж чадах болов уу, алтан тайзан дэзр гарах мөрөөдөл минь биелэх юм болов уу гэж горьдоод оролцохоор шийдсэн. Өмнө нь зурагтаар янз бүрийн шоу үзэж байхдаа тэр хүмүүсийг хараад яагаад ийм шоунд оролцох дуртай байдаг юм бол, зурагтаар гарах сонирхолтой байдаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл яг миний мөрөөдөж байсан шоу болохоор өөрийн мэдэлгүй орчихдог л юм байна.
-Өөрийг чинь СУИС-д хоёр ч удаа шалгуулж, тэнцсэн ч аав нь зөвшөөрөөгүй гэж сонссон. Яагаад?
-Аравдугаар ангиа төгсөөд СУИС-д конкурс өгсөн. Тэнцээгүй л дээ. Ямар ч бэлтгэлгүй байсан болохоор яаж ч тэнцэх билээ. Багш ч үгүй, зөвлөгөө өгөх хүн ч үгүй бор зүрхээрээ л орсон. Тэр жилдээ Төмөр замын сургуульд ороод, нэгдүгээр курсээ төгсөөд дахин шалгалт өгөөд тэнцсэн. Тэгэхэд аав маань “өөр сургуульд сурч байж яах гэсэн юм” гэж дургүйцсэн. Манай удамд урлагийн хүн байхгүй, чамд авьяас ч байхгүй гэж хэлж байсан. Төмөр замын сургуульд сурч байхдаа уран уншлагын тэмцээнд тэргүүн байрт орсноос хойш, соёл урлагийн бүх л арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон. “Дэвжээ”-д түрүүллээ, Оюутны их наадамд хоёрт орлоо гээд байхаар тэгсэн үү ээж дотроо СУИС-д оруулаагүйдээ жаахан харамссан уу шоунд оролцоод үзэх үү гэсэн. Эхнэр маань ч өөртөө итгэж байгаа л бол ор гэж хэлсэн. Тийм болохоор сэтгэлийн угтаа их урлагт гар, хуруугаа нэг дүрээд үзэх юмсан гэж битүүхэн мөрөөдөлтэй явснаа биелүүлэхээр үзээд алдсан.
-Урлагтай ямар нэгэн хэмжээгээр холбогдох гээд л байжээ дээ?
-Дутуугаа нөхөх гэж л ийшээ орсон байх. Эхлээд зүгээр өөрийгөө сорьж үзье, хаа хүртэл явах нь вэ гэдгээ харъя гэж бодсон. Нэгдүгээр шатанд орох гэж байхдаа буцаад явчих шахсан. Харин гуравдугаар шатандаа тэнцсэний дараа л би яагаад шилдэгт үлдэж болохгүй юм бэ гэж бодож, урагш тэмүүлсэн. Тэгээд л өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн. Өмнө нь хааны дүр, зовсон шаналсан хүний дүрийг үзүүлэх гэж хичээж байсан бол дөрөвдүгээр шатандаа 18 настай хүүхдийн дүрийг бүтээсэн. Тавдугаар шатандаа даалгавар ёсоор Шекспирийн “Ромео, Жульетта хоёр”-ын Меркуциогийн дүрд хувирсан.
-Шүүгч нарын үг заримдаа их хатуу байх шиг байсан. Урам хугарч байв уу?
-Харин ч шүүгч нарын үг надад их урам өгч байсан. Нэгдүгээр шатандаа нэлээд зэмлүүлсэн. Үгийн төгсгөлүүд алга, чи үгийг ууж байна, хэл яриандаа анхаар, тэгэхгүй бол дараа дараагийн шатан дээр чамайг боомилно гэж байсан. Хоёрдугаар шатанд орохдоо их айсан л даа. Этюд гэж юү байдгийг мэдэхгүй болохоор ойлгохыг хичээж, Найдандорж гуайн нэг лекцэнд суусан. Найз нөхөд маань ч зөвлөсөн. Найдандорж гуай эвсэлгүй байна, өөртөө итгэлгүй байна гээд л шүүмжлэхэд Сосорбарам гуай намайг мэдрэхийг оролдож байна, дараагийн шатанд харъя гэж авч үлдсэн. “Хэрэв чи гуравдугаар шатанд олиггой юм үзүүлэхгүй бол Найдандорж бид хоёр эсрэг тэсрэг юм ярьж, өстөн дайснууд болох нь байна. Насаараа хоорондоо дуугарахгүй юм болно, нэр баастав аа. Би нэрэндээ их хайртай хүн шүү гэж хэлэхэд нь их баярласан. Тэр үгэнд нь урам орж, өөрийгөө хурцалж их ч хичээсэн.
-Шалгаруулалтын явцад хэнээс зөвлөгөө авч байв. Ганцаараа бэлдээгүй байлгүй?
-Найз нөхдөөсөө гайгүй зөвлөгөө авч байсан. Манай ажлынхан, Үйлдвэрчний хороо, хамт олон, оюутны ангийнхан, ‘Чингис Соосо” сургуулийн харьяа тайз дэлгэцийн урлагийн сургуулийн багш нар ч тусалж байсныг хэлэх хэрэгтэй. Манай багын найз “Хувьсал" продакшны найруулагч Дорждэрэм шалгаруулалтын туршид эхнээс нь авахуулаад дуустал их тусалж зөвлөсөн. Тавдугаар шатны шалгаруулалтад ороход “Хувьсал” продакшныхан маш их ажилтай байсан ч надад цаг зав гарган тусалсан. Тэдэнд түрүүлснээ дуулгаж, ажил дээр нь очиход бялуу, шампанск бэлдчихсэн бүгд байж байсан. Манай найз чамд бол нэг их итгэл тавиагүй, гуравт бол байж магад л гэж бодож байсан гэж байна лээ.
-Оролцогчид бас нэлээд ширүүн өрсөлдөөнтэй байх шиг байсан. Гэхдээ л шоуны төгсгөлд олон найз нөхөдтэй болоо биз дээ?
-Эрчүүдийг л миний өрсөлдөгч гэж бодож байлаа. Буд, Гүнтамир, Молор-Эрдэнэ гээд л. Ер нь оролцогчид бүгд сайн байсан. Мэргэжлийн хоёр жүжигчнээс жаахан айж байлаа. Гэхдээ шүүгчид мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгийг ялгаж байсан. Ер нь бол би өөртэйгөө л илүү өрсөлдсөн. Ялангуяа дөрөвдүгээр шатандаа өөрийгөө, өөрийнхөө байгаа байдлыг ялахыг их хичээсэн. Энэ мундаг таван хүний өмнө би сайн л юм хийх ёстой, бүх чадлаа дайчлах ёстой гэж бодсон. Би ажлын шаардлагаар тэднээс жаахан хөндий байсан. Ажлаа цалгардуулаагүй, чөлөө аваагүй. Ажлынхаа завсар чөлөөгөөр оролцож, азаар шалгаруулалт нь замаас ирэхэд болж таараад байсан. Тиймээс бусадтайгаа уулзах, ярилцах зав цаг боломж бага байсан. UBS-ээс дуудсан цагт нь очоод, шалгаруулалтад орчихоод л яваад өгдөг байсан болохоор нэг их дотно танилцаж чадаагүй. Гадаа нь хүлээж байхдаа нэг нэгэндээ амжилт хүсдэг л байсан. Бүгд л хоорондоо сайхан найзууд болсон байх. Хоорондоо нэгддэг, хамтардаг болсон юм шиг байна лээ.
-Шүүгчид өөрт чинь гайгүй талтай байсан шүү. Ялангуяа Сосорбарам гуай их дэмжиж байсан?
-Мундаг шүүгч нар байсан. Хүмүүс зурагтаар харсан болохоор хэн хэн шүүснийг мэдэж байгаа байх. Найдандорж найруулагч, Сосорбарам гуай, Сувд гуай, Хулан найрагч гээд. Наранбаатар найруулагч хоёрдугаар шатанд намайг этюд хийхэд ингээд хийчихсэн бол, номоос уншаад хийсэн бол гоё болох байсан гэж хэлэхэд нь нээрээ тийм байна даа гэж ойлгож, найруулагч хүний нүд үнэхээр гярхай, өөр байдаг юм байна гэж бодсон. Түүний найруулсан “Тэнгэрийн хүү” гэж жүжгийг нь би үзсэн. Үнэхээр сайн найруулсан, гоё жүжиг байна лээ. Мартсанаас, дөрөвдүгээр шатандаа би Төрийн соёрхолт хоёр хүнээр үнсүүлсэндээ үнэхээр баярласан. Сосорбарам гуай “өнөөдөр би чамайг үнсье. Дараа нь миний багшаар үнсүүлчих, тэгээд чи алзахгүй ээ” гэсэн. Тэр үг надад маш их урам өгсөн. Тэр хоёр мундаг хүний үнсэлт надад адис болсон байх аа. Насан туршдаа мартахааргүй сайхан урам хайрласан.
-Төмөр замын ажлаа жүжигчний мэргэжлээр солих гэж байна. Олон жил ажилласан газартаа сэтгэл хоргодох юм уу?
-Би суудлын вагон ДЕПО-д галт тэрэгний мастер хийдэг. Галт тэрэг аялалд явахад галт тэрэгнийхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж явна гэсэн үг. Зургаан жил ажиллаж байна, Москвагийн чиглэлд явдаг. Энэ газраа дассан, цөөнгүй жил ажилласан. 2008 оны үйлдвэрийн аварга болж байлаа. Манай төмөр зам бол асар өндөр хариуцлага үүрдэг, цаг нартай уралддаг, хагас цэргийн зохион байгуулалттай газар. Хүний амь нас, цаг завтай холбоотой. Тэнд ёстой л бол ёстой гэсэн дүрэм үйлчилдэг. Ажилчид нь ч жавхаатай. Гэхдээ надад нэгэнт ийм том боломж олдож байгаа, бас зорьсон болохоор ямар ч байсан мэргэжлээ сольж үзнэ гэж бодож байгаа. Урагшаа л тэмүүлнэ дээ. Солонгост суралцах завшаан тохиохын зэрэгцээ маш өндөр хариуцлага, үүрэг даалгавар ирж байгаа гэж бодож байна. Шүүгчдийнхээ өгсөн итгэлийг алдахгүйн тулд, тэднийхээ нэр хүндийг унагаахгүйн тулд хичээнэ. Түүнээс гадна Сосорбарам гуай өөрийнхөө орчуулж байгаа Айн Рэндийн нэг жүжигт тоглуулахаар таван хүн урьсан. Тэнд би бас тоглоно. .
-Шагнал гэснээс, өөрөө Англи руу, Шекспирийн нутаг руу явна шүү дээ?
-Шекспирийн төрсөн нутагт очоод, гэр музейгээр нь аялаад, дэлхийн сонгодог жүжиг үзнэ гэсэн. Сосорбарам гуай Гран при авсан хүнтэй би өөрийн зардлаараа хамт явж, гэр музейг нь тайлбарлаж өгнө гэж байсан юм. Гэтэл би азаар Гран при авч, хамт явахаар боллоо. Энэ бол маш том шагнал шүү дээ. Сосорбарам гуайтай хамт явна гэдэг. Тэр мундаг хүний халуун зөвлөгөөг нь авч, үгийг нь сонсч, тэр хүнээс суралцаад явна гэдэг үнэхээр том аз завшаан.
-Өөрөө одоо мөрөөдлөө биелүүлчихлээ. Одоо бүр гадаад явж мэргэжлийн сургуульд нь суралцахаар боллоо шүү дээ?
-Дөрвөн жил суралцах хугацаандаа өөртөө зорилго тавьсан байгаа. Солонгосын соёл, урлагийг мэдэрч, ойлгоод, ихийг чадахгүй ч үрийг нь өөртөө суулгаж Монголдоо авчирч, тарихыг хичээнэ гэж бодож байгаа. Одоо би урлагийн том салбарт хөл тавих гэж байна. Маш их баярлаж байгаа ч энэ бүгд их айдас дагуулж байна. “Орших уу, эс орших уу” гэдэг тэмцээнд оршиж чадсан ч урлагийн алтан тайзнаа орших уу, эс орших уу гэдэг миний өмнө тулгарч байгаа их том асуулт. Тийм болохоор энэ урлагийн салбар руу алхах гэж байгаа том алхмаа яаж хийх вэ, яавал зөв алхах вэ гэдгээ бодож л байна. “Ариун сүмийн агаар дор нэгдье” гэсэн мундаг үг байдгийг саяхан сурсан. UBS телевизийн захирал Балхжав болон түүний хамт олонд баярлалаа. Мэргэжлийн бус жүжигчдийн театрчилсан реалити шоуг зохиосноороо олон хүнийг ном уншуулж сургаж байна. Энэ шоуг үзсэн хүмүүс театрын урлагт дурлаж байна. 336 оролцогч бүгд жүжигчин хүний бахархалтай тал нь юу, хэцүү тал нь юу байдгийг бага ч гэсэн мэдэрч үзсэн. Анх тийм амархан гэж бодож байсан бол үгүй гэдгийг мэдэрсэн. Урлаг гэж ямар байдаг, жүжигчин хүний хөдөлмөрийг амталж үзсэн болохоор Монголын бүх хүнд агуу их гэгээрэл, ухаарлыг, урлагт татагдах увдисыг хайрласан гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бүх хүнийг UBS телевизийн захирал болон хамт олон Ариун сүмийн агаар дор нэгтгэж чадлаа л гэж хэлмээр байна. Энэ шоуг, энэ төслийг санаачлаагүй бол ажлаа хийгээд л явж байх байлаа. Ингэж амьдралаа огцом өөрчлөөгүй бол амьдралын минь хуудсанд цоо шинэ хуудас нээгдэхгүй байсан. Тийм болохоор тус телевизийн хамт олонд баярлаж байгаагаа дахин хэлмээр байна.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )