Ерөнхий сайд С.Батболд: Хөлөө жийх гэхээр хүрэлцэж өгдөггүй хөнжлийн хэмжээгээ тооцохоос аргагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 20

Цэцэрлэгийн жаалууд, сургуулийн хүүхдүүд өчигдрөөс албандаа явах болов. Багш нар нь ажил хаялтаа зогсоожээ. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээний үр дүн болоод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ач холбогдлын талаар Ерөнхий сайд С.Батболдтой ярилцлаа.

-Гурван талт зөвшилцөл тохиролцоонд хүрлээ. Засгийн газар хэлэлцэгч талуудтай, ялангуяа багш нартай хэрхэн хэл амаа ололцов?

-Нийгмийн зөвшилцлийн хүрээнд Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн хооронд яриа хэлэлцээ боллоо. Бидний хувьд хамгийн эрхэм нандин хүүхдүүд маань сургуульдаа явж, номоо үзэх ёстой учраас өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн багш нарын ажил хаялтад Засгийн газар онцгой анхаарал хандуулсан. Ажил хаяж шаардлага тавих бол нэг хэрэг. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөлийг төр засаг, эцэг эхчүүд, багш нар ч хангах үүрэгтэй шүү дээ. Багш нарын ажил хаялт сунжирвал энэ нь манай нийгмийн, улс орны хэмжээний бэрхшээл болно. Тиймээс Засгийн газар яриа хэлэлцээг шуурхайлж, бодит үр дүнд хүрэхийг зорилоо. Энд нэг зүйлийг би зориуд хэлмээр байна. Хуулиа дээдлэх төрт ёсны зарчим, байгуулсан гэрээ хэлэлцээ, дүрэм журмын дагуу ажиллах нь зөвхөн төр засгийн биш, нийгмийн зөвшилцөлд орж байгаа талуудын үүрэг хариуцлага байх ёстой гэж бодож байна.  Нийгмийн зөвшилцөл, түншлэлийн гурван талт хэлэлцээг бид амьд бодитой үр дүнд заавал хүргэх ёстой. Үр дүн гэхээр Засгийн газар шаардлагыг нь үргэлж эерэгээр шийднэ гэсэн үг биш. Болохгүй, хүч хүрэхгүй зүйл гэж бас байна. Бидний хүссэнээр болдог бол бүгдийг дор дор нь шийдчихмээр байна шүү дээ. Хөлөө жийх гэхээр хүрэлцэж өгдөггүй хөнжлийн хэмжээгээ тооцохоос аргагүй. Санхүүгийн болоод эрх зүйн зохицуулалт нь бүрэн шийдэгдээгүй асуудал нэг биш байгаа. Ийм нөхцөлд Засгийн газар “Энэ болохгүй ээ” гэж хэлж чадах ёстой. Бас ямар ажил нь болж бүтээд байгаа юм гэдгийг эрх зүй, санхүү, эдийн засгийн үндэслэлтэй нь, ёс зүйн хэм хэмжээтэй нь маш тодорхой ойлголцох хэрэгтэй л дээ. Ер нь бол асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар хэлэлцэгч талуудтай хамтарч ажиллалаа, нээлттэй ярилцлаа. Багш нарын ажил хаялт ч зогслоо.

-Цалинг хэдийнээс нэмэх вэ. Нэмэлтэд хэдэн төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шаардлагатай болж байна вэ?

-Ирэх оны эхний хагаст багтаах үүднээс хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1 гэсэн хоёр үе шаттайгаар цалинг нэмэгдүүлэхээр зөвшилцлийн хүрээнд тохиролцсон. Цалин нэмэх нь боломж бололцоо бүрдвэл бидний зайлшгүй хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн. Гэхдээ нөгөө талаас төрийн албан хаагчдаас гадна хөдөлмөрийн нийт зах зээлийн 70 хувийг бий болгож буй ажил олгогчдын байр суурь мөн л ач холбогдолтой. Цалин нэмж ажлын байрыг цөөлөх биш, иргэдийг ажилтай байлгах замаар ядуурлыг бууруулах нь зохистой бодлого гэдгийг талууд ойлгох ёстой. Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл сая зөвшилцсөнөөр ирэх оны төсөвт 140 гаруй тэрбум төгрөгийн тодотгол хийхээр тохиролцсон. Үүнийг УИХаар шийдүүлэх учиртай. Энэ хөрөнгийг зүй зохистой шийдэх ёстой гэдэг дээр УИХ-ын гишүүд нэгдмэл байр суурьтай байх болов уу. Дахиад хэлэхэд, цалин нэмэхийн тулд эдийн засгийн, эрх зүйн боломждоо үндэслэж байж эцсийн шийдвэр гаргах ёстой. Засгийн газар үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Багш нарын ажил хаялтаар тэдний цалинг онцлон хэлэлцлээ. Төрийн бусад албан хаагчид, тухайл бал урлаг соёлын, эмнэлгийн, хүчний байгууллагынхны цалинг хэрхэх вэ?

-Бид гурван талт зөвшилцлийн хүрээнд зөвхөн багш нарын биш, төрийн нийт албан хаагчдын цалинг авч хэлэлцсэн шүү дээ

-2012 оны төсвийг хэлэлцэх үед УИХ Засгийн газрын саналыг хойшлуулж, нэлээд хугацаа алдсан. Тиймээс энэ удаа УИХ гурван талт хэлэлцээнээс гарсан саналд нааштай шийдвэр гаргах уу?

-За яах вэ, энэ бол төрийн институт хоорондын ойлголцол гэхээсээ нөгөө л хөнжлийнхөө хэрээр ажлаа эрэмбэлэх зарчмын л хэрэг юм. Улс орны ямар асуудлыг тэргүүн ээлжинд шийдэх ёстой вэ, алийг нь үе шаттайгаар шийдвэрлэх хэрэгтэй юм гэдгийг дахиад ярьж л таарна. Тиймээс энэ нь УИХ-ын, тэр нь Засгийн газрын асуудал болохоор... гэж ялгаж салгах нь зохисгүй. Бид цалинг нэмэх талаар зарчмын хувьд асуудал дэвшүүлсэн. УИХ ч дэмжсэн. Гэхдээ Засгийн газрын томоохон зорилт, хөтөлбөрүүдийг эрэмбэлээд, дэс дараанд нь оруулахад монгол хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн “Хүний хөгжил” сангийн үйл ажиллагаа тэргүүн ээлжинд тавигдаж байх жишээтэй. Тухайлбал, “Хүний хөгжил” сангаас олгох ёстой эрүүл мэндийн, боловсролын төлбөрүүд байгаа. Мөн бэлэн мөнгө олгох, хувь хишгийн, орон сууцны гэх мэт асуудлууд байна. Эдгээр төлбөрүүд дарааллын эхэнд бий. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг энэ да рааллын араас жагсаах зарчмаар л УИХ шийдсэн. Сан хүүгийн боломжоос шалтгаалж хугацааны хувьд нааш цааш болгосон тал бий. Тэгэ - хээр одоо бид үүнийгээ л хөндөж ярина гэсэн үг. УИХ дахин нягталж, шийдвэрлэх боломж нөхцөлийг судална гэдэгт Засгийн газар итгэлтэй байна.

-Цалин нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, инфляц хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол хэр бодитой бол. Засгийн газар инфляцаас сэргийлэх ямар бодлого баримтлах в

-Инфляцыг бид зайлшгүй анхаарна. Цалин нэмэгдмэгц далимдуулаад үнэ хөөрөгддөг үзэгдэл манайд бодитой нүүрлэсээр ирсэн тул мэдээж хэрэг, болгоомжлол төрүүлж байгаа. Тиймээс нэлээд нухацтай хандах ёстой гэдэгт санал нэг байна. Хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь инфляц хөөрөх гол шалтгаан болдог. Мах, гурил, болон бензин шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд шаардлагатай арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлдэг. Боломжит татаас болон татварын механизмыг зохистой хэрэглэснээр бид инфляцыг хязгаарлах боломжтой гэж үзэж байгаа. Мөн нөөц бүрдүүлэх, интервенц хийх зэрэг механизм Засгийн газарт байдаг шүү дээ. Төсөвт ч зохих хэмжээний эх үүсвэрүүдийг тусгасан. Ер нь 2012 оны төсөв хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээгээрээ өмнөх онуудынхаас илүү том төсөв болсон. Тэгэхээр бид макро эдийн засгийн тэнцлийг хангах, мөнгө санхүүгийн бодлогоо түүнтэй уялдуулах шаард лагатай болж байна. Ингэж байж инфляцыг харьцангуй боломжтой төвшинд хязгаарлахаар төлөвлөсөн

. -Цалинтай зэрэгцээд тэтгэвэр, тэтгэмжийг ч хоёрдугаар сараас нэмнэ гэсэн хүлээлт бий болчихлоо шүү дээ.

-Ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг дунджаар хоёр дахин нэмэх төсөв батлагдсан. Тэтгэвэр, тэтгэмжийг ч бас хоёр дахин нэмнэ. Цаг хугацааны хувьд харин цалингаас тусдаа шийдсэн байгаа.

-Улирч буй 2011 он “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” байлаа. Энэ онд ямар үр дүн гарсан бэ?

-Үе үеийн Засгийн газар нэг л юм ярьдаг байсан шүү дээ. Ажилгүйдэлтэй дайн зарлана, ядууралтай тэмцэнэ гэх мэтээр. 2011 оны хувьд Монгол Улсын эдийн засаг 20 орчим хувиар өссөн амжилтын жил байлаа. Энэ өсөлт зүгээр л өсөлтийн төлөөх өсөлт байх учиргүй. Гол нь хүндээ, айл өрхдөө наалдах учиртай. Амьдрах орчин нь тавтай тухтай болж сайжрах ёстой. Хүмүүсийг ажилтай, эрүүл, боловсролтой болоход нь дэм болсон байх ёстой. Хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн хүн төвтэй бодлогын суурийг хамтарсан Засгийн газар тавихдаа зүгээр нэг аян, лоозон байдлаар биш бодитой ажил байлгахын тулд энэ ажлуудыг эхлүүлсэн юм. Эрх зүйн орчныг нь илүү тодорхой болгоё. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиа, Хөдөлмөрийн биржийн тухай хуулиа боловсронгуй болгож, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүд авъя гэж байгаа. Хөдөлмөрлөх эрх, үүргийг, бас мэдээлэл сурталчилгааг нэлээд тодорхой болгоё гэж зорьж байна. Ажилгүй хүн Хөдөлмөрийн биржид бүртгүүлээд, сургалтад хамрагдах боломж нь бүрдлээ. Дараа нь биржээрээ дамжаад ажил олгогч, ажил хайгч хоёр бодитой харилцаа тогтоох суурийг эрх зүйн орчны хувьд, бүртгэл, зохион байгуулалт, дэд бүтцийн хувьд нь шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ жил Засгийн газар бүртгэл, төлөвлөлтийн суурийг тавилаа. Хоёрдугаарт, ажлын байрыг бий болгохдоо эрх зүйн орчноос гадна санхүү, татварын дэмжлэгийг үзүүлэх ёстой юм. Засгийн газар тодорхой салбаруудад зориуд татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бага хүүтэй бонд гаргах зэрэг ажлыг УИХ-аараа батлуулж чамгүй үр дүнг бодитоор олж харлаа. Сум хөгжүүлэх сан, ЖДҮ- ийг дэмжих бусад сангийн хүрээнд өргөн хүрээтэй арга хэмжээ авч, 1.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг зөв хөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулсан. Түүнчлэн Мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн жил боллоо. Ажлын байран дээр нь дадлагажуулан ажилчин бэлтгэх чиглэлээр бодитой ажил хийж, суурийг нь тавьсан жил боллоо. Энэ жил 60 гаруй мянган ажлын байр бий болгоё гэсэн зорилт тавьсан ч одоогоор 70 гаруй мянган ажлын байр бий болчихсон байна. Гэхдээ зөвхөн энэ 2011 оноор хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дуусгачихгүй нь мэдээж. Ажилгүйдэл, ядуурал манайд устчихаагүй байсаар л байна. Баян, хоосны ялгаа нүдний өмнө ил байгаа. Энэ ялгааг ойртуулах, дундаж давхаргыг бий болгох бодлогыг манай Засгийн газар, МАН түлхүүр зорилтынхоо нэг болгон тавьж байгаа. Энэ жил тавьсан сууриа ирэх жил бэхжүүлэхийн төлөө ажиллана. 2012 он бага орлоготой, олон хүүхэдтэй өрх гэр бүл, хувиараа ажил эрхлэгч, хамгийн олон ажлын байр бий болгогч жижиг бизнес эрхлэгчдийг түлхүү дэмжсэн, бага орлоготой өрхүүдийн түвшинг ахиулахыг онцгойлон дэмжсэн жил байх болно.

“Өнөөдөр сонин” 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top