Монголын түүхийг монголчууд өөрсдөө төдийгүй дэлхийн олон улс тухайлбал перс, түрэг, нанхиад, франц, итали зэрэг олон орны мусальман, христ, будда, күнз зэрэг янз бүрийн шашин, мөргөл, гүн ухаан шүтсэн хүмүүс тухайн үеэс нь эхлэн түүхчлэн тэмдэглэж үлдээсэн баялаг сан хуримтлагджээ. Гэхдээ энэ санг бүрэлдүүлэхэд үнэт нэмрээ оруулсан судлаач, жуулчин, түүхч нар бүтээл тэмдэглэлүүдээ дадсан сурснаараа өөрсдийн улс үндэстний цаг тоолол, шашны ёс дэг, цаг улиралд багцаалан бичиглэж ирсэн гэдгийг анхаарах ёстой. Жишээ нь Арабын Рашид ад Дин нар исламын хижрийн, Марко Поло нар христийн Юлийн тоолол, Пэн Да Я, Сюй Тин нар Нанхиад хуанлийг барьсан нь өөрсдийн сайн мэдэх үндэсний шашны цаглабар ёс үйлээ барьсан хэрэг. Гэхдээ энэ нь тухайн үед монгол цаг тоолол байгаагүйн батлагаа биш юм.
Манжийн эрхшээлийн үед нанхиадын хуанли, түвдийн шашны төгсбуяны лит хоёул цоо шинэ мэдлэг, орчин үеийн шаардлага болж хамт орж ирсэн. Сүүлийн 300 шахам жил төрийн хэрэг, улсын албыг тэдгээр билгийн гэх сарны тооллоор явуулж монгол ахуйд зурхайн байнгын хэрэглээ болгосноор үндэсний он тоолол бүдгэрч мартагдахад хүргэсэн нь мэдээж.
А.Монголын нууц товчоо
Уг сурвалжид Жамухад гүр хан цол өргөмжилсөн тахиа жилээс эхлэн, 153-р хэсэгт нохой жилийн намар буюу 1201 онд татаар тийш байлдаж хатгалдахын урьд Чингис хаан засаг цааз тогтоосон тухай үгүүлснээр тодорхой жил сар дурдаж эхэлсэн. Гэтэл персийн “Судрын чуулган”, нанхиадын “Юань ши” зэрэг алдартай гол сурвалжууд он сар улирал дурдсан түүхээ энэхүү нохой буюу 1201 оны хэрэг явдлаас бас бичиглэсэн байдаг. Энэ нь чухал гэгдэх тэр сурвалжууд үйл явдлаас болон үндсэн түүх бичигдсэн цагаас зуу гаруй жилийн хойно МНТ-ны нөлөөнд тэмдэглэгдсэнийг гэрчлэх мэт.
Чингис хаан Алтан улс руу анх дайтсан тухай МНТ-нд бичигдсэн түүхийг монгол цаглабараар бус нанхиад түвд тооллоор тооцоод 1211 он гэж түүхчилдэг атал тухайн үед нь хуанлиар тэмдэглэсэн “Алтан гүрний судар”-ыг нийтийн тоололд хувилган таацуулахад 1210 болж байгаа. Энэ нь МНТ-ны он цагийг өөр цаглабараар буруу тайлж байгаагийн баримт гэж үзэхэд хүргэж байна. Энэ мэт олон сэжигтэй байдлаас МНТ-г бичсэн эх цаглабарыг нь хайж тодруулж тогтоох шаардлага байгаа болно.
Б. Перс зүгийн сурвалжууд
Рашид ад Диний “Судрын чуулган” /1300-1311оны хооронд бичсэн/ тухайн түүхийг Үндэслэн Чингис хаан гахай жилтэй гэсэн мэдээг Эренжен Хара Даван (1883-1942), Г.Е.Грумм Гржимайло (1864-1928), В.В.Бартольд (1869-1930), К.Д Оссон зэрэг олон эрдэмтэн улбаалан улмаар 1957 онд Японд 19 ботиор хэвлэгдсэн “Дэлхийн нэвтэрхий түүх”, 1960 онд англиар хэвлэгдсэн “Исламын нэвтэрхий толь” зэрэг томоохон бүтээлүүдээр дамжин дэлхийд түгсэн байдаг. Их Британы 30 боть нэвтэрхий толийн ҮII “Чингис 1155 ба 1162 он (Монгол улсад энэ оныг баримталдаг) болон 1167 онд төржээ” гэж гурван хугацаа заасан байна. Б.Я.Владимирцовын “Чингис хаан”, хожуу үед ЕИ.Кычанов нарын бүтээлийг манайд орчуулж хэвлүүлэхдээ “Чингис хаан 1155 онд төрсөн гэсэн нь алдаатай” гэж сануулж зүүлт тайлбар хийсэн харагддаг.
Ер нь перс, түрэг, араб зүгийн Ала ад дин Атамалык Жувейни (1226-1283) “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”1251 он, Ибн ал Асирын (1160-1233) ) “Он тооллын бичиг”, Жузжанийн (1193-1274) “Насирын хүснэгт”, хожмын Абулгази (1605-1664) баатар хааны “Сэцлэгчдийн чуулганы намаа ” бусад олон сурвалж тэмдэглэл байгаа нь хижрийн тооллоор тэмдэглэсэн Рашид ад Динийг баримталсан байдаг. Гэтэл их хаан 66 насалсан атал 72 настай болж ихэнх сурвалжтай илт зөрж түүхэн үнэнтэй зарим талаар тохирохгүйг ажсан Поль Пелио персийн Рашид ад Диний “гахай жил” ихтэй сурвалжид хэт итгэсэн үзлээрээ “1167 оны гахай” юи байна гэж дэлхий дахинаа сурталчилснаар гахай жил төрсөн гэсэн мэдээний залруулга болгон баримталсаар байна.
Алтан урагтны удмынхны гар дамжсан монгол түүх, сурвалж, судалгаанд их хааныг гахай жил төрсөн гэсэн мэдээ баримт ер байхгүй тул бид гахай жил буюу 1155,1167 онд төрсөн гэсэн он тоолол бүхий түүхүүдийг, “гахай жилтэй эхээс /Өүлэнээс/ төрсөн” хүүг “гахай жилд эхээс төрсөн” хэмээн будлиан хутгасан, бас зарим тохиолдолд гахай жил төрсөн Хубилай хааны намтартай хутгасан гэмээр алдаа ажиглагддаг тул цаашид нарийвчлан судлах шаардлага бий..
В. Европын гол сурвалжууд
Алс баруун Европоос Апостол ширээтийн элч, Ромын Папын онц эрхт төлөөлөгч /легат/ хэмээн Хархорумд 1246 онд ирсэн Плано Карпино, Францын IХ ван Людовикийн тусхай элч болж 1254 онд ирсэн санваартан Вильгельм де Рубрук, 1272-1289 он хүртэл 17 жил Хубилай хааны төрд алба хашсан Италийн Марко Поло нар түүхэн тэмдэглэлүүдээ христосын шашны юлийн хуучин тоолол баримтлан бичжээ. Тэгэхдээ шашны баяр ёслолуудын хугацаагаар тэмдэглэснийг юлийн тоололд буулгаж хожим григорийн тоололд гүйлгэн тооцоолсон. Гэвч тэдний тэмдэглэл ихэнхдээ өөрсдийн аялал жуулчлалын үйл явдлуудаа он цаг дурдан бичиглэсэн “Монголын нууц товчоо” болон монголын түүх бичгүүдэд дурдагдсан томоохон гол үйл явдлуудыг цаг хугацаа заан давхар тандаж тэмдэглэсэн тохиолдол бараг үгүй. Жишээ нь Чингис хаан мэндэлсэн, тэнгэрт гарсан, Хөх Монгол гүрнийг тунхагласан зэрэг баримжаа болгох гол эрхэм үйл явдлуудаас тэд хожим хойно ирсэн, тухайн түүхдээ он цаг хугацааг хамт дурдан эши татаагүй. Цухас дурдсан нь сонссон дурсамж байдалтай ба хэл мэдэхгүй санваартнуудын тандуул санаа, ерөнхий мэдээлэл төдий тул он цагийн жишилт, харьцуулалт хийж үнэнийг тогтоох чиглэлийн судалгаанд бас нэмэр багатай.
МНТ-нд “хулгана жилийн гур сар” гэх мэт амьтны нэртэй сарын нэр, “зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр”, сар бүрийн дүгрэг хэлбэр, сар нар хоёр золгодог тэргэл дүүрэн өдөр шөнийг эрхэмлэдэг байдал зэрэг нь дурдагдан буй түүхэн үйл явдал цаг улирлын байдалтай эрс зөрдөг. Энэ нь ахмад түүхчдэд мэдэгдсээр ч байсан ч тэр шалтгааныг эрж судлагаа хийх тодорхой санал санаачилга гараагүй бололтой.
Г. Нанхиадын сурвалжууд
МНТ-г ХIҮ зууны эхэн үед Хуа и и юй толь зохион хадмаллан орчуулснаас хэдэн зууны хойно 1748 онд Вань Гуань Дай гэдэг монголч эрдэмтэн МНТ-г монгол хэлнээс нанхиад хэлэнд товчлон орчуулсныг нь яг зуун жилийн дараа 1847 онд хэвлэж Нууц товчоо судлах ажил өрнөж эхэлжээ.
ХIII зууны монголын түүхийн талаар бичигдсэн дорно дахины сурвалжийн тухайд бидний хамгийн ойрын хөрш Нанхиадын Өмнөд Сүн улсаас 1221 онд монголд ирсэн элч Чжао Хун, 1237 онд Өгэдэй хаанд ирсэн элч Пэн Да Я, дагуул Сюй Тин зэрэг төлөөлөгч, жуулчид заншлаачдын бичиж үлдээсэн түүх бичгүүд үндсэн сурвалж эх хэрэглэгдэхүүн олон бий. Гэхдээ тэдгээр сурвалж нь Чингис хаан болон ХIII зууны монголын түүх биш, аян замын тэмдэглэл маягтай юм.
Харин Мэн Хун Чжао Хун нарын бичсэн “Мэн да бэй лу” буюу “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”-д өгүүлэхдээ “Өнгөрсөн хавар миний бие монголчууд явуулж байгаа бичиг сэлтдээ “Их хааны” (Да чао) гээд жилийг “туулай жил”, “луу жил” хэмээж байсныг нь тухай бүрд харж байсан билээ” гэсэн нь МНТ-нд бичсэн “туулай жил, луу жил” гэх мэтээр ямар ч тодотгол чимэггүй бичсэн 12 жилийн цаглабар зурхай мөн байна. Энэ уламжлал монгол ухааны уг тасраагүй 1920-иод онд ч байсан. Тухайлбал А.Амар “Монголын түүх”- дээ Чингисийн төддүгээр жил, төдөн он гэх мэтээр түүхчилсэн, ийм хандлага Ж.Цэвээн гуайд ч байсан.
Цаг тоолол бичсэн сурвалжийн тоонд Тэмүүжин төрснөөс эхлэн Өгөөдэй хааныг тэнгэр болсон хүртэлх түүхийг 1271- 1286 оны хооронд Бээжинд бичсэн “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” орно. Яах аргагүй нягталж үзэх шаардлагатай сурвалжийн нэг.
Мөн 1223 онд Чингис хаанд очиж золгосон эрдэмтэн “Чанчун бумбын баруунш аялсан тэмдэглэл” юм. Мөн 1368 онд Юань улсыг унаснаас хэдхэн сарын дараа Мин улсыг үндэслэгч тайзцу Чжу Юань Чжаны зарлигаар Сун Лянь (1310-1381), Ван Вэй (1322-1373) нарын удирдлагаар нанхиадын 16 түшмэл 331 хоногт багтаан дуусгавар болгон 1369 онд эмхэтгэж цэглэсэн “Юань ши” (Юан улсын түүх) зэрэг тулхтай гэгддэг сурвалжууд байдаг. Юань улсын түүх /Юань ши/ өөрөө МНТ-г тойрсон нь тодорхой. Нанхиад сурвалж баримтлагсад шинэ он нь хавар эхэлдэг хуанлигаа барьж хожмын судлаачид түүнийг нь нийтийн тоололд харьцуулж хосолдуулсан оныг гарган ирж “Чингис хаан 1162 онд төржээ” хэмээн сурталчилж байгаа. Хамгийн сүүл үед хэвлэгдсэн Жү Яотин гэхэд “Чингис хааны түүх шашдир” номдоо “”Өмнөд Сүн улсын Шаосиний 32-р он, Алтан улсын Да дины 2-р он” гэж тэмдэглэснийгээ 1162 он гэж тодорхойлсноос харж болно.
Нэр бүхий судлаачид “Думдад улсад гарсан номуудад “Юань тайзу Чингис хаан 1162-1227” гэснийг “Думдад улсын түүхчдийн үндсэн мэдлэг” гэж дүгнэсэн байна. Энэ нь хавар шинэ оноо эхэлдэг Нангиадын хуанлиар 1162 он хэмээн тооцоод байгаа хэрэг юм.
Гэтэл нангиад сурвалжуудад их хааны 42 нас хүртэлх үеийн түүх байгаагүй, МНТ-нд он зааж түүхчилсэн хар нохой жил гэх 1201 оноос эхлэх түүхүүдийг МНТ-ноос эшилсэн нь магад байгааг өмнө дурдсан. АНУ-ын Жек Ведерфордын “дэлхийд бестеллер”, манайд их нэр хүнд болоод буй сурвалж зүүлт тайлбар дутагдалтай эсээ маягийн өөр нэг номд мөн л “1162 он” гэсэн, МНТ, “Лу Алтан товч” хоёрыг орчуулж эл сэдвээр олон жил уйгагүй ажилласан японы нэрт монголч эрдэмтэн Кубаяши Такаширо ч 1162-1227 он гэжээ. Тайваны нэрт судлаач Ли Цзе Пен “Чингис хааны шинэ намтар”-т мөн адил 1162-1227 он гэсэн байна. Цаашлаад “Зөвлөлтийн нэвтэрхий толь”(1960 он), “Исламын нэвтэрхий толь”(1960 он), “Британи нэвтэрхий толь” (1974 он) гэх мэт алдартай бүтээл толиудад бусад хувилбаруудтай давхар зарлагдан нангиад хуанлигаар түгсэн. Тэгэхээр 1155, 1162 гэсэн хоёр он нэг нь персийн, нөгөөх нь нангиадын хуанлийн нөлөөгөөр дэлхийд түгжээ.
Харин эртний монголчуудынхаар Чингис хаан өвлийн улиралд тухайлбал өвлийн тэргүүн сарын шинийн гурванд хүй нь цөглөсөн. Их хааны төрсөн өдрийн мялаалгын тасмын тахилгыг 700 гаруй жил Чингисийн онгонд хийсээр ирсэн. Монголчууд энэ өдөр буюу григорийн тооллын 12 сарын 23-нд айл бүхэн хаанаа дурсан галын тахилга үйлддэг гэсэн Ларсен зэрэг хүмүүсийн тэмдэглэлийг үзсэн ч энэ өдрийг эрхэмлэн барих нь зүйтэй юм.
Түүхч Н.НАГААНБУУ
Сэтгэгдэл ( 0 )