Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Шивээтийн хөндийд 1000 гаруй га газарт “Силикон валли”-ийн хамт байршуулахаар төлөвлөсөн. Энэ газар нь мөнх цэвдэгтэй бөгөөд барилга барих нөхцөл хүнд, зохих стандарт хангасан тохиолдолд барьж болох ч эрсдэл ихтэй, барилгын өртөг 2 дахин ихсэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 мянга га газарт байгуулахаар өөрчиллөө.
- Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд согтууруулах ундаа гэсэн нэр томъёо нэмэх, шар айраг, дарсанд онцгой албан татварын тэмдэг наах зэргийг тусгажээ.
- Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөл батлагдсанаар Сургалтын төрийн сангийн эрх зүйн орчинг тодорхойлсон хууль, тогтоомжийн зохицол сайжирч, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдэх юм. Мөн салбарын сайдын багцад төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тогтмол зардлын 6.3 тэрбум, зохих албан тушаалтан тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлын 504 сая, их, дээд сургуулийн багш нарын мэргэшил дээшлүүлэх зардлын 27 сая төгрөг Сургалтын төрийн санд нэмж төвлөрөх юм байна. Түүнчлэн суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээлийн эх үүсвэрт 138 тэрбум төгрөг төвлөрөх бөгөөд эдгээр хөрөнгө ирэх оны улсын төсөвт тусгагджээ.
- Ирэх жил тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, 40 саарал чоно, 40 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 300 хүртэл тооны ой, хээрийн агнуурын шувуу агнуулахаар болов. Тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлэх, төлбөр, хураамжийг нэмэх, элбэг амьтны тоог нэмэгдүүлэх замаар төлбөртэй ангаас төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого үр дүнгээ өгсөн тул агнуулах ангийн тоог өмнөх оноос нэмэхгүй байхаар шийджээ. Ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд 8 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн олон улсын ангийн үзэсгэлэн худалдааны үеэр манай улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулахыг салбарын сайдад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
- Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбын санаачлан боловсруулсан Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах, нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баталлаа. Нэг төвд ногдох иргэний тоо нь нийслэлд 8 мянгаас доошгүй, аймаг, суурин газарт 6 мянгаас доошгүй байна. Төвийг нөхөрлөл хэлбэрээр нийслэл, аймгийн төв, нэгдсэн эмнэлэгтэй суурин газарт байгуулах юм. Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, байр, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан байх ёстойг дүрэмд заажээ. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлын хэмжээг хүн амын бүтэц, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нэр төрөл, бодит өртөг, үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож байхаар боллоо.
- “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г хамтран баталж, хэрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгаж байхаар шийдвэрлэлээ.
- “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
- Засгийн газар өнгөрсөн сард 6 удаа хуралдаж, 67 асуудлыг хэлэлцэн, 20 асуудалтай танилцсан байна. Үүнээс 11 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 4-ийг хууль санаачлагчид уламжлахаар, 3-ыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 3 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 5 асуудлыг хойшлуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )