Дотоодын цэргийн анги, байгууллагын захирагч нарыг хамарсан сургалт зөвлөгөөн Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Эл сургалт зөвлөгөөнийг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ. Дотоодын цэргийн штабын сургалт, албаны зохион байгуулалт хариуцсан чиглэлийн ахлах офицер, дэд хурандаа X.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Зөвлөгөөнөөс юу хүлээж байна вэ?
-Гол зорилго нь улирч буй 2011 онд Дотоодын цэрэг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох улсын онц чухал обьектуудыг хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, нийгмийн хэв журам сахиулахад оролцох үүргээ хэрхэн биелүүлснээ бүтэн жилээр дүгнэж байгаа. Хоёрдугаарт, 2012 онд хийх ажил, дэвшүүлэх зорилтоо тодорхойлох чиглэл бүхий хурап болж байна. Ирэх он Дотоодын цэргийн хувьд нэлээд онцлог жил. Он гараад Дотоодын цэргийн 90 жилийн ой болно. Ойн хүрээнд Дотоодын цэргийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна. Албан хаагчдад бодитой тусламж үзүүлж, мэдлэг дээшлүүлнэ, гадаад харилцааг хөгжүүлнэ.
-Улсын хэмжээнд дотоодын цэргийн хэдэн анги үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Төв, орон нутагт дотоодын цэргийн арав гаруй нэгж байна. Тэдгээр нь чиглэл чиглэлээрээ өөр өөрсдийн гүйцэтгэх үүрэгтэй.
-Танайх хэчнээн газрыг хамгаалдаг вэ?
-Улсын онцгой обьектын жагсаалтыг Засгийн газраас баталдаг. Манай хамгаалж байгаа обьектууд онцлогтой. Тухайлбал, III цахилгаан станц, МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, Байгалийн гоц халдварт өвчин судлах төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Стандартчилал хэмжил зүйн газрыг хамгаалдаг. Орон нутагт “Эрдэнэт” үйлдвэр, Дархан, Орхон, Дорнодын цэвэр усны зэрэг обьектуудыг хамгаална. Сэлэнгийн Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс ч бидний хамгаалалтад байдаг. Нийслэлд манай хамгаапалтад байдаг газар олон бий.
-Онцгой обьектад халдлага гарах нь хэр вэ?
-Харьцангуй гайгүй. Гэхдээ зарим нэг зөрчил гардаг. Үүнийг таслан зогсоох нь бидний үүрэг. Энэхүү үүргээ бид боломжийн хэмжээнд гүйцэтгэж байгаа. Обьектад гардаг зөрчлийг бүрэн төгс таслан зогсооно гэж байхгүй. Зөрчил гарсан даруйд нь илрүүлээд явдаг. Тухайлбал, Дорнод аймгийн Цэвэр ус хангамжийн газрын усан сангийн дэргэдээс нэр нь үл мэдэгдэх хорт нөлөөтэй бодис олдсон. Үүнийг манай харуулынхан шуурхай илрүүлж, усанд холилдохоос өмнө хорыг зайлуулж байлаа. Чойбалсан хотын хүн амыг хангадаг цэвэр усыг манайхан хамгаалж чадсан. Мөн III цахилгаан станцад үүрэг гүйцэтгэж байсан харуул хүний амь аварч байсан. Станцтай залгаа хашаанд гал гарсныг анзаарч дотор нь байсан хүнийг угаартсан байхад аварсан. Тэр албан хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгч “Шударга журам” медалиар шагнасан.
-Дотоодын цэргийн үйл ажиллагаа олон улсын төвшинтэй харьцуулахад хаахна явна вэ?
-Дотоодын цэргийн үйл ажиллагаа дотогшоо чиглэсэн байдаг учраас гадаад харилцаа харьцангуй бага. Гэхдээ энэ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНТУ-тай хамтарч ажилладаг. Тэдгээр орны дотоодын цэрэгтэй харьцуулахад хөгжлийн төвшин нэлээд доогуур үзүүлэлттэй байдаг. Гэхдээ дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн хүлээсэн чиг үүрэг буюу улсын онц чухал обьектуудыг хамгаалах, аюулгүй байдлыг сахиулахад чадах чинээгээрээ зүтгэцгээж байна. Анхаарвал зохих зүйл бий. Энэ бүхэн улс орны эдийн засгийн боломж бололцоо, төсөв санхүүгээс шалтгаалдаг. Дотооддын цэргийн бие бүрэлдэхүүн өөрт ногдсон үүргээ амжилттай биелүүлж байгаа.
-Хамгаалалтад авсан газрууд теле камераар бүрэн хангагдсан уу?
-Бид сүүлийн жилүүдэд хамгаалж байгаа газруудтайгаа хамтран обьектуудыг инженер техникийн хэрэгслээр бүрэн хангах ажил хийж байгаа. Шинээр теле хяналтын систем камер, дохиоллын систем байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Өмнө нь огт камергүй байсан юм биш. Хамгаалж байгаа газрын хэмжээнээс хамаарч нэг обьектад 20 камер байх ёстой атал 10-ыг суурилуулсан байдаг. Эдгээрийн тоог нэмэгдүүлсэн.
-Хал цэргүүдэд зодуулж, дарамтлуулдаг гэсэн ойлголт бүхий л цаг үед байсан. Сүүлийн үед энэ байдал намжсан боловч саяхан нэг цэрэг бусдад зодуулж амиа алдсан. Яагаад энэ байдал өөрчлөгддөггүй юм бэ?
-Цэргийн албан хаагчдын хоорондын зөрчлийн асуудал л даа. Олон эрчүүд цугласан газар зөрчил мэр сэр гарах нь гардаг. Гэхдээ нийтлэг биш. Нэг талдаа нийгэм, цаг үе, орчин нөхцлөө дагаад гайгүй болсон байна. Дээрээс нь цэргийн албанд ирж буй залуусын боловсролын төвшин дээшилсэн. Энэ нь цэргийн апбаны орчин нөхцөлд сайнаар нөлөөлж байгаа. Нөгөө тапаар зарим залуус цэргийн албанд дасан зохицож чадахгүй байна. Албаны бага сага хүндрэл бэрхшээлийг даван туулах, тэсвэр тэвчээр алга.
-Дарга нар нь цэргээ дарамталдаг гэх яриа өнөөдрийг хүртэл тасрахгүй байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Өмнө нь байсныг үгүйсгэхгүй л дээ. Өнөөдөр дарга цэргээ дарамтална гэх ойлголт байхгүй. Баримт, нотолгоогүй зүйл яригддаг л юм. Үнэхээр үнэн бол баримттай нь нийтэд ил гаргах хэрэгтэй. Ер нь өнөөдөр дотоодын хяналт шалгалт нэг үеэ бодвол харьцангуй өндөр болсон. Бидний зүгээс ч энэ талын шаардлагыг өндөрсгөж аль болох иймэрхүү асуудал гаргуулахгүй байх зорилго тавин ажиллаж байна.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл ( 0 )