Сангийн далайн хийд

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 24

Өмнөговь аймгийн Номгон сумын төвд орших Сангийн далай хийдийн шав 18-р зууны эхээр буюу 1700-аад оны үед тавигджээ. 1930-аад оны эхээр тус хийд нь 200 орчим лам хуврага шавилан суудаг, 11 сүм дуган, 13 жастай байжээ. Хийдийн үлдэгдэл болох шавар хэрмэн хашаан дотор 3 жижиг, 2 том барилга дуган байдаг бөгөөд гол дуган болон бусад дугануудын зөвхөн туурь нь л үлджээ. Үлдэгдэл дуганууд нь гол дуганы туурийг тойрон байгаа ба хэлбэр хийцийн хувьд дөрвөлжин хэмийг голлон барьсан  ажээ.
Зүүн баруун хоёр дуган нь тоосгон намхан дээвэртэй, ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж сийлсэн, хөх тоосгон ханатай, урагш харсан хаалгатай. Хойд жижиг дугануудын дундах тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй дуган нь бусад барилгуудаас өвөрмөц хийцтэй. Хана нь дээд хэсгээрээ давхар хүрээтэй, хүрээ нь хагас алхан хээтэй, хүрээн дотор соёмбо үсгийг товойлгон эгнүүлж дээр доор нь хүрээний гадна талд бадаар дэвсгэр хүрээ тавьжээ. Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг монгол гэрийн унины хэлбэртэйгээр, цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэжээ. Зүүн талын дуган нь 3 залгаа үе бүхий, хойд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшингийн дээвэр нь тэгш, хананд нь соёмбо бүхий хээ чимэгтэй.
Энэ хийдийн дугануудын хананы чимэглэл нь ялангуяа соёмбыг хээнд өргөн хэрэглэснээрээ монгол нутаг дахь бусад сүм хийдүүдийнхээс өвөрмөц онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top