Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн хоёрдугаар хорооны “Миний зөвлөгч” өрхийн эмнэлэг өчигдөр үйлчлүүлэгч багатай байлаа. Голдуу бага насныхан, жирэмсэн эхчүүд, тариа хийлгэх гэсэн өндөр настнууд эмч нарын үүдэнд сууж харагдана. “Ер нь ийм хүмүүс л манай гол үйлчлүүлэгчид” хэмээн тус өрхийн эмнэлгийн эмч Ч.Нарантуяа өгүүлэв.
Дээр нь дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх бичиг авах гэсэн хэсэг бүлэг ханддаг аж. Уг нь иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлдэг ганц газар нь өрхийн эмнэлэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 123, аймаг, хот суурин газарт 93, нийт 216 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаардаг эрүүл мэндийн салбарын хамгийн чухал, анхан шатны нэгж гэдэг утгаараа олны хөл бужигнаж л байх ёстой газар. Гэвч тийм биш болжээ. Тэр байтугай харьяа өрхийн эмнэлэг нь хаана байдаг, хэн гэдэг эмч ажилладгийг мэдэхгүй нь дийлэнх. Өрхийн эмчид итгэж тусламж хүсдэг хүн ч үгүй. Харин ч үл ойшоож, мэдлэг чадвар муутай, ахиж дэвждэггүй эмч нар ажилладаг гэж үздэг.
Иргэд ингэж бодох нь ч буруу биш. Учир нь өнөөдөр өрхийн эмнэлэг анхан шатны тусламжаа ч тэр болгон үзүүлж чаддаггүйгээс иргэд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт л шууд хандана. Саяхан найз маань харьяа өрхийн эмнэлэгтээ дусал хийлгэх гэж очоод судас олчих чадваргүй эмчээс болж гараа сэглүүлж дууссанаа халаглаж суусан. Өөрийн буруугаас болж хэдэнтээ зүү шивсэн атлаа цайны цаг болох гэж байхад ирлээ хэмээн баахан загнажээ. Өвдсөн хүн өрхийн эмнэлэгт очдоггүйн шалтгаан ингэхэд юунд байна вэ.
Шинэхэн төгсөгчдийн орон тоо бөглөх газар нь өрхийн эмнэлэг үү
Өрхийн эмнэлэгт итгэл алдрах болсон нь нэг талаар шинэ залуу, туршлагагүй эмч нартай холбоотой. “Нээлттэй нийгэм форум”-аас явуулсан судалгаагаар өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагчдын олонхи нь буюу 66.2 хувь нь шинэ залуу эмч байхын зэрэгцээ дийлэнх нь ажилдаа сэтгэл ханамжтай ажиллаж чаддаггүйг тогтоожээ. Үлдэх хувь нь 40-өөс дээш насныхан. Зөвхөн нэг эмнэлгээр жишээ татахад 2001 онд байгуулагдсан “Эрүүл жаргал” эмнэлэг анх байгуулагдсан бүрэлдэхүүнээрээ өнөөг болтол ажиллаж байгаа аж.
Шалтгаан нь ердөө энд ажиллах сонирхолтой хүн олдоггүйд гэнэ. Харин сүүлийн жилүүдэд анагаахын сургуулийн шинэхэн төгсөгчид өрхийн эмнэлгийн орон тоог бөглөх болжээ. Учир нь, залуу эмч нар бие даан эмчилгээ хийх лиценз авахын тулд эхлээд анхан шатны тусламж үзүүлдэг эмнэлэгт хоёр жил ажиллах ёстой гэдэг журам бий. Үүний дагуу шинэхэн төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх хүртлээ “үдлэх” газар нь өрхийн эмнэлэг болж хувирчээ.
Нэг, хоёр жил ажиллах зуураа мэргэжил дээшлүүлж суралцаад төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэгт шингэхийг хичээдэг. Туршлага дулимагхан тэдэнд үзүүлж, туршилт хийлгэх сонирхолтой хүн ч цөөхөн. Өрхийн эмнэлэг эмчилгээ, үйлчилгээгээрээ гологддог нь ч үүнтэй холбоотой. Угтаа ахмад, залуу үеийн холбоосыг жинхэнэ утгаар нь энд л зөв шигтгэж өгвөл залуу эмч нар өрхийн эмнэлэгт ажиллах боломж бүрдэнэ. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ ч сайжрахгүй хэмээн Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн өгүүлсэн юм.
Өрхийн эмч нар мэдлэг дулимагхан нь үйлчлүүлэгчдийн зугатах нэг шалтгаан
Дэлхийн банкны тооцоогоор өнгөрсөн оны байдлаар манай орны 100 мянган хүнд ногдох эмнэлгийн ор 18 мянга, эмчийн тоо 7.500 аж. Энэ нь ижил орлоготой бусад оронтой харьцуулахад нэг хүнд ногдох эмчийн тоогоороо боломжийн төвшинд гэсэн үг. Гэтэл эмч нар нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа нь өрхийн эмнэлгүүд үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чаддаггүйтэй шууд холбоотой. Хэн нэгэн оношлогоо хийлгэхийн тулд заавал харьяа өрхийн эмнэлгээрээ дамжиж аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хандах ёстой. Харин өрхийн эмч тухайн хүнийг техник хангамж нь байгаа тохиолдолд оношилж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгөх ёстой. Гэтэл ихэнхдээ чагнаж, даралтыг нь үзээд Эрүүл мэндийн нэгдэл рүү явуулдгийг хүн бүр мэднэ.
Өрхийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадах байсан ч эсвэл мэдлэг туршлага дутмагаас шалтгаалж ихэнхдээ нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх нь олонтаа. Эрүүл мэндийн даатгалтай бусад орны хувьд өрхийн эмчийн эмчлэх, нарийн мэргэжлийн эмчийн эмчлэх өвчтөнг нарийн ялгадаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн өрхийн эмчийн зөвлөснөөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг тогтолцоо үйлчилдэг. Гэтэл манайд өвчний хүнд, хөнгөнөөс үл хамаарч шууд нарийн мэргэжлийн эмчид хандах нь түгээмэл.
Шулуухан хэлэхэд өрхийн эмч нар үүнд буруутай. Өвчтөнийхөө өмнө хүлээх хариуцлага ч сул. Өнөөдөр өрхийн эмч нар харьяа хорооныхоо төддүгээр байрны төдөн тоотод ямар айл байдаг. Эрүүл мэндийн ямар шалтгаантайг ч огт мэддэггүй. Иргэдийн нэрсийн жагсаалт эмнэлэгтээ байдаг ч хаалгаар нь шагайгаагүй л бол хорооныхоо иргэдийг судлах, харилцахыг ч хүсдэггүй. Угтаа иргэн нь эрүүлдээ өрхийн эмнэлэгт хандахгүй байгаа биш. Хандахыг хүсдэггүй, хандлаа гэсэн ч үр дүнгүй учраас тэр.
Хэрвээ өрхийн эмч нар анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх эзэнд нь хүргэж, эрүүл нэгнийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалж чаддагсан бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн зардал ч өндөр гарахгүй. Гэхдээ үүгээр өрхийн эмнэлэг огт хэрэггүй хэмээн хэлсэнгүй. Зөвхөн өрхийн эмнэлгийн эмч нарын мэдлэг чадварыг сайжруулах, жинхэнэ утгаар нь ажиллуулах цаг болсон гэдгийг хэлэх гэсэн юм.
Уг нь төрөөс энэ бүлэгт багтах эмч нарыг багагүй дэмжих болсон. Сүүлийн жилүүдэд техник хангамж сайжирч, зарим төрлийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийлгэх боломж ч бүрдсэн. Харин бодит үр дүнг шүүгээд үзэхээр өрхийн эмнэлэг зардал өндөртэй, үзүүлж буй үйлчилгээ нь сул хэвээр байсаар. Иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлж, ингэснээр эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах нь өрхийн эмнэлгийн гол зорилго. Ийм ч болохоор өрхийн эмнэлгүүдэд хийх санхүүжилтийг жил ирэх тусам өсгөсөөр ирсэн.
2008 онд 9.7 тэрбум төгрөг байсан санхүүжилт ч энэ онд 14.6 тэрбум төгрөг болгон баталжээ. Мөн орон байр, тоног төхөөрөмжийн хувьд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Нийгмийн ямар ч баталгаагүй байсан эдгээр төвийн эмч нар сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай адил таван жил тутамд төрийн зардлаар мэргэжил боловсролоо дээшлүүлэх, гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах зэрэг дэмжлэг ч бий. Цалингийн хувьд ч чамлах хэмжээнд биш. Сард дунджаар эмч нар нь 400, сувилагчид 250- 290 мянга орчим төгрөгийн цалинтай. Мэдээж их биш ч гэсэн өнөөгийн нийгэмд ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд дундаж цалин.
“Эрүүл явбал бусад бүх юм болно” гэдэг. Хамгийн чухал санаа тээсэн энэ үгийг бодит ажил болгоход тусалж дэмжих, зүг чиг нь болсон гол төв нь өрхийн эмнэлэг. Гэтэл өнөөгийн нийгэмд өнгө гундуухан байгаа өрхийн эмнэлгүүд маань шинэчлэл хийж, эмч мэргэжилтнүүдээ сургаж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх тухай яриа ажин түжин байсаар л байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )