Тэшүүрийн спорт эртнээс улбаатай. Тэшүүр бол манай улсын ууган cпортын нэг төрөлд тооцогддог. Магад ч үгүй сур, бөхтэй эн зэрэгцэж ч байж мэднэ. Яагаад гэхээр гол, нуурын эргээр аж төрдөг асан малчны хүүхдүүд ус, мөсөө зөөхийн тулд гулгадаг л байсан нь мэдээж. Бидний багад хавтгай чулуун дээр нулимж байгаад эсгий гутлынхаа уланд нааж хөлдөөгөөд гулгадагсан. Заримдаа модон торхны бүслүүр төмрийг тасалж гутлын уландаа тааруулаад наачихаар илүү сайн тэшүүр болно. Ар гэрийн боломжтой зарим нь төмөр тэшүүр канкий л гэж нэрлэнэ авахуулчихсан олс, сураар оломлож, савх модоор эрчлэн чангалж бэхлээд гулгах нь мань мэтийн дэргэд хуй салхи мэт л хурдан. Удалгүй норвег гэх урт тэшүүр үзэгдэж улам ч илүү хурдалдаг болсон доо. Ингээд бодохоор дээр үеийн хүүхдүүд мөн л иймэрхүү байдлаар тэшдэг л байсан биз. Харин албан ёсоор уралдаан тэмцээн зохиодог болсноос хойш 75 жил болсон гэж үздэг аж. Харин зохиолч Д.Даржаагаар ахлуулсан Монголын Тэшүүрийн холбоо 1959 онд байгуулагдсанаас хойш 53 жил болсон юм байна. 2009 онд 50 жилийн ойгоо тэмдэглэхдээ ийн тэмдэглэсэн байна лээ. Хөдөө орон нутагт анхны төмөр тэшүүр хэрэглэсэнтэй холбоотой нэг зохиол байдаг даа. “Түйн голоор юу явав” гээд зохиол байдаг даа. Мөсөн дээгүүр гарсан тэшүүрийн мөрийг чөтгөр хумсаараа зураад явчихсан байна гэж гайхалдан бөөн юм болдог тухай. Манайдаа энэ спортыг ЗХУ хуучин нэрээр -д сургууль соёлд яваад ирсэн залуучууд л эхлүүлсэн болов уу. Гэхдээ Оростой хил залгаа оршдог нутгийн иргэд морин чарганаас эхлээд тэшиж гулгах тоглоомоор л зугаацдаг байсан дурсамжууд байдаг. Албан ёсны баримт бол 1937 оны долдугар сард гаргасан МАХН-ын Төв Хорооны тогтоол. Уг тогтоолд “...Улаанбаатар хотноо өвөл цагийн мөсөн дээр коньки хэмээх төмөр тэшүүрээр явах нуурыг Төв театрын биеийн тамирын зөвлөлөөс эрхлэн театрын хашаанд долоо хоногийн дотор байгуулан анхны өдөр уралдаантайгаар нээсүгэй” хэмээн заасан энэ спорт цааш хөгжих эхлэл болсон гэж үздэг. Тогтоол гарсан жилийн 10 сард Төв Театрын хажуугийн талбайд ус асган мөсөн гулгуурын талбай байгуулж, Зөвлөлтийн мэргэжилтнүүд голдуу хэдэн хүн тэшүүрээр гулгаж үзүүлсэн нь олны сонирхол татсан гэдэг. Хожим одоогийн Энхтайвны гүүрний баруун тал хавьцаа мөсөн гулгуурын төв талбай байгуулсан нь өвлийн цагт хүүхэд ,залуусын очих дуртай газрын нэг байлаа. Түүхээс цухас дурдвал иймэрхүү. Өдгөө Монголын тэшүүрийн Холбоог УИХ-ын гишүүн Даваасүрэн ахалдаг ба Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Ч.Дагвадорж гэж хүн ажилладаг юм байна. Олон улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцож эх орныхоо нэрийг цөөнгүй дуудуулсан тамирчид энэ холбоонд бий. Монголын тэшүүрчид олимпид 8, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16, залуучуудын ДАШТ-д 14, дэлхийн цомын АШТ-нд 29, Азийн өвлийн тоглолтод 11, Ази тивийн АШТ-нд 13, Оюутны “Универсад” наадамд 9, Олон улсын бусад тэмцээнд 50 гаруй удаа тус тус оролцож байснаас харвал улам хөгжүүлэх шаардлага, ирээдүй байгаа нь анзаарагдана. 1964 онд Австри улсын Инсбург хотноо болсон өвлийн олимпод манай тамирчид анх удаагаа оролцсон бөгөөд төрийн далбаагаа тэшүүрийн спортын мастер Л.Цэнд барьж жагссан нь олимпийн анхны “тугч” хэмээн тэмдэглэн үлдсэн байдаг. Тэшүүрчдийн мөрөөдөл төгссөн бололтой. Ийнхүү тогтвортой хөгжиж буй спортын нэг төрөл болох тэшүүрийнхэн бэлтгэлээ байнга базаахад зориулагдсан ганц талбайтай. Тэр нь Хандгайтад байв. Монголын Тэшүүрийн холбооны спорт цогцолбор болох учиртай энэ талбай өдгөө манайдаа л байгаа зориулалтын ганц байж. Өнгөрсөн цаг дээр бичсэний учир нь дээрх талбайг нийслэлийн дарга нар нөгөө л газар зарах хоббидоо хөтлөгдсөн үү яасан аль хэдийнэ хувь хүмүүст өгөөд барилга босгуулаад эхэлчихсэнтэй холбоотой юм. Нийслэлийн төв төдийгүй захаар ч дэл сул газар үлдээгүй учир одоо зах тийшээ хаяа тэлэн наймаалж байна. Саявтархан нийслэлийн газрын албаны нэг дарга нийслэлчүүдийн 90 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй байна хэмээн хэлснийг хэвлэлээс уншсан. Хотынхон газар эзэмших сонирхолгүйдээ төрөөс зүгээр өгөхөөр хуульчилсан газраа авахгүй байна уу. Үгүй юм байна. Газраа авъя гэхээр өгөх газар байхгүй гээд буцаадаг гэсэн. Тэр ч байтугай арав хорин жил ашиглаад бүр төвхөнөсөн газраа хувьчилж авах хүсэлт гаргахаар таг чиг байж байж нэг л өдөр өөр хүний эзэмшилд очсон учир боломжгүй гэсэн хариу өгдөг гэсэн. Ямар сайндаа л уулын орой, үерийн шуудуу, оршуулгын газар хашаа хатган амьдарч байхав. Танилгүй, эсвэл гар цайлгах мөнгөгүй бол газраа хувьчилж авах тухай зүүдлээд ч хэрэггүй. Хөөцөлдөж хөөцөлдөж арай гэж нэг юм бичиг баримтаа бүрдүүлээд дүүргийнхээ газрын албанд өгнө. Тэндээс утасны дугаарыг чинь аваад хариу хэлнэ хүлээж бай гээд сураг тасарна. Бодвол уг газар өөр хэн нэгэн мөнгөтэй хүнд өгөх боломжтой унацтай эсэхийг судалдаг ч юм билүү, бүү мэд. Очиж лавлавал өөдөөс загнах нь холгүй. Утсаар мэдэгдэнэ гээд байхад хүлээж л байгаач гэсэн хариу сонсоно. Тэгж байгаад бүтвэл ч дүүрч. Дүүргийн даргын захирамжийг олж авч чадсан нэг нь Үл хөдлөх бүртгэлийн Газарт дугаарлаж, гэрчилгээ авах гэж лут ажил бий дээ. Харин тэр хавиар гэрчилгээг чинь дор нь гаргуулж өгнө шүү ...төгрөг гэсэн шивнээтэй хүмүүс тааралдана. Тэдэнд мөнгөө өгөөд гаргуулсан нь бараг дээр гэх. Газартай холбоотой бэрхшээл үүгээр дуусахгүй. Хэд хэдэн хүнд давхардуулаад өгчихсөн байхыг яана гээч. Яг л ийм зовлон Тэшүүрийн Холбооныхонд тохиолдсон бололтой юм. Зураг төсөл нь хийгдээд хөрөнгө оруулагчаа хайж байх хооронд нөгөө газар нь хувь хүнд худалдагдчихсан хэрэг л дээ. Сураг сонсвоос тус холбооны ЕНБД нөхөр л Ч.Дагвадорж гэх сэмхэн сүлбэлдсэн жиг жуг байна лээ. Холбооны тэргүүн, эрхэм гишүүн Даваасүрэн болон холбооны тэргүүлэгчид мэдсэн эсэх нь одоохондоо бүрхэг байна. Ямар ч гэсэн Монголдоо л ганц холбооны гулгуурын талбайн сайхан ирээдүй, гоё төсөөлөл унтрав бололтой. Дүүргийн газрын албаныхан болохоор бид мэдээгүй. Нийслэлээс л шийдвэр гараад өгчихсөн байна лээ хэмээн мөрөө хавчих.
Сэтгэгдэл ( 0 )