Б.Сийлэгмаа: Монгол аялгуугаар хөглөгдсөн Монгол хүн гэдгээрээ бахархдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

ҮДБЭЧ-ын дуучин, УГЖ Б.Сийлэгмаатай ярилцлаа. Түүний “Ханан сүлжээ нэхээс”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Хүн хүнээ хайрлаж явъя” зэрэг уран бүтээлийг дуунд хайртай үзэгч, сонсогчид андахгүй. Түүнтэй уран бүтээл, амьдралын тухай хөөрөлдлөө.

-Та хүүхэд байхаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан уу?
-Би дуучин болно гэж бодоогүй. Бүжиглэдэг байсан болохоор бүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр л дуулдаг хүүхэд байлаа. 1986 оноос дуучин болох гараагаа эхэлсэн. НАХЯ-ны дэргэдэх Цагдаагийн сургуулийн “Мөнгөн бүрээ” хамтлагт эстрадын дуу дуулах болсон. Түүнээс хойш мэргэжлийн дуучин болох хүсэл төрсөн. Бүх ард түмний урлагийн их наадмаар С.Сугарын хөгжим, Ш.Дулмаагийн шүлэг “Сэтгэлийн уянга” дуугаар оролцоод алтан медаль авсан нь мэргэжлийн байгууллагад дуучнаар ороход нөлөөлсөн.

Хилийн цэргийн чуулгын дарга, хурандаа И.Төмөрбат, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Бадарч багш маань санал тавьж шалгуулсан ч тэнцээгүй. Гурван ч удаа шалгуулсны эцэст Хилийн цэрэгт тэнцэж дагалдан дуучнаар орсон.

-Дуулах онол заасан багш тань хэн бэ?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хүн амьдралаас ихийг сурдаг. Тухайн үед мэргэжлийн дуучин болоогүй байсан болохоор мэдэхгүй зүйл их байсан. Хилийн цэргийн дуучин Э.Сэлэнгэ эгч надад дуулах онол заасан. Мөн чуулгын хоормейстр, СТА М.Энхбаяр надад зааж зөвлөдөг байлаа. Өлзийсайхан, Пүрэвдорж зэрэг мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдээс их зүйл сурсан.

-Тайзан дээр анх гарсан үеэ эргэн дурсвал?
-Хилийн цэргийн чуулгад орохоосоо өмнө сайн дурын уран сайханч байхдаа тайзан дээр олон удаа гарсан. Яг анхны тайз гэвэл Бүх ард түмний урлагийн наадам байсан юм уу даа. Тухайн үед УГЖ А.Бүтэд гуайн хувцсыг өмсч тайзан дээр гарсан болохоор санаанд тод үлджээ. Мөн Ардын жүжигчин Х.Уртнасан гуай хувцсаа яаж өмсөх, нүүрээ яаж будахыг зааж өгч байсныг санаж байна. Уран бүтээлч хүний амьдрал олон хүний хөдөлмөрөөс бүтдэг гэдгийг тэр үед мэдэрсэн.

-СТА Н.Амгалан Та хоёр хамтран дуулж үзэгчдэд олон сайхан уран бүтээл хүргэсэн. Та хоёрыг дуэтийг жинхэнэ утгаар нь гаргасан гэдэг?
-Бид хоёрыг дуулж байхад эрэгтэй, эмэгтэй дуэт дуучид байсан. Тухайн үед дуэт моодонд орж байсан үе. Одоо ч гэсэн тэднийг уламжлаад сайхан уран бүтээлчид төрж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарч, яруу найрагч Б.Доржпалам багш Н.Амгалан бид хоёрт зориулж “Ханан сүлжээ нэхээс” дууг 1988 онд зохиож өгсөн. Энэ дууг дуулуулахын тулд Д.Бадарч багш маань Улсын их дэлгүүрийн малгайны тасагт бид хоёрыг дагуулж ороод сийрсэн малгай авч өгсөн. Хувцасны донжийг тааруулж, дээрээс нь цагаан алчууртай дуулах имижийг гаргаж өгсөн. Багш маань зөвхөн уран бүтээл хийхээс гадна дуучин хүнийг сайхан харагдуулж, донжийг нь олдог загвар зохион бүтээгч байсан юм.

Дараа нь олон сайхан хөгжмийн зохиолчид бид хоёрт дуэт дуу өгсөн. 1987 онд “Анхны бороо” дууг дуулсан. Н.Амгалан бид хоёр өмнө нь дуулж байсан дуунуудаа сэргээж байгаа. Д.Баттөмөр багшийн “Насны гоёл” дууг ч дуулсан. Дараа нь ҮДБЭЧ-ыг Ардын дуу бүжгийн чуулга нэртэй байхад Монгол ардын дуу дуулсан. Энэ үед л алтан үеийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, үлгэр дууриал авч сургаалыг нь сонсдог байсан даа.

-Таны “Хүн хүнээ хайрлаж явъя” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ дуу яаж төрсөн бэ?

-Ё.Сүхбаатарын “Хүн хүнээ хайрлаж явъя” дууг 1989 онд төгөлдөр хуур, хийлтэй дуулсан. Ё.Сүхбаатар багш манай гэрт ирээд баяантай тоглож, анх сонсгож байлаа. “Энэ дууг чи л дуулах юм байна” гээд өгсөн. Түүнээс хойш 20 гаруй жил дуулж, үзэгч түмэндээ хүргэж байна. Хэдийгээр хөгжмийн зохиолч маань бурхны оронд одсон ч надаар дамжуулан Монголын ард түмэнд ухаарал хайрласаар л байна. Энэ дууны шүлгийг Л.Дагвадорж бичсэн. Би энэ сайхан уран бүтээлээрээ нэрлэсэн 11 дуутай цомог гаргасан.

Удахгүй Хилийн цэргийн 90 жилийн ой болох гэж байна. Уран бүтээлийн гараагаа эхэлсэн энэ газар “Сэтгэлийн уянга” дуугаа дуулсан. Энэ дуугаа саяхан хоёр улсын хил дээр очиж дүрсжүүлээд ирлээ. Уран бүтээлийнхээ нээлтэд оролцоод маш том шагнал авлаа. Сайн уран бүтээл дуучнаа авч явдаг юм байна.

-Энэ онд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

-Өнгөрсөн онд уран бүтээлийн тайлангаа Бөхийн өргөөнд хийсэн. Ер нь уран бүтээлч хүн юм хийж, дараа дараагийнхаа уран бүтээл рүү тэмүүлэх ёстой. Одоо дуунуудаа дүрсжүүлэхээр ажиллаж байна. Б.Магсаржавын хөгжим Д.Цоодолын шүлэг
“...Энхрий үрээ арван сар тээхдээ
Эндүү гишгэхээс эмээж явсан
Өргөс халгайд хүрч гэмээ нь
Өөрөөсөө илүү намайг гэж зовнисон ээжий
Сүүн далай ачит ээжийгээ
Сүүдэр газар суулгалгүй
Сүүн сэтгэлийг нь ээдээхгүй
Сүслэн хайрлаж яваарай” гэсэн сайхан ухаарлын үгтэй дуугаа энэ ондоо багтааж дүрсжүүлэхээр ажиллаж байна.

Хүнд эцэг эх ганцхан заяадаг. Түүнийг яруу найрагч ямар гоё хэлсэн юм бэ. Мөн хэд хэдэн шинэ уран бүтээл хийж байна. Дээрээс нь сайн шавь бэлтгэж, чадварлаг уран бүтээлч төрүүлэхээр ажиллаж байна.

Миний шавь энэ жил СУИС-ийн уртын дууны ангид элссэн. Энэ онд өнчин хүүхдийн асрах газартай хамтран ажилласан. 2011 он миний хувьд маш сайхан жил байлаа. Харин ирэх онд уран бүтээлийн тоглолт хийхгүй, цэргийн дууны цомог гаргах бодолтой байгаа. 2013 онд том тайлан тоглолт хийх төлөвлөгөө бий. Ер нь тайзан дээр гарах болгондоо дандаа шинэ зүйлийг хийх юмсан гэж боддог.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?
-Уран бүтээлч хүн сайн гэр бүлтэй байх хэрэгтэй. Миний хийсэн уран бүтээлийн 50 хувийг гэр бүлийнхэн маань үүрэлцдэг. Ар гэртээ санаа зовохгүй болохоор сайн уран бүтээл хийж чаддаг. Миний хань “Монгол метал” биржид менежерийн алба хашдаг. Бид 20 гаруй жил ханилан амьдарч байна. Хүү маань Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид суралцдаг.

-Хүү тань бас дуулдаг уу?

-Дуулах гэж оролддог. Гэхдээ би хүүдээ дуулахаасаа илүү хөөмэйлж сур гэж захидаг.

-Таныг юу хөглөдөг вэ?
-Үзэгчдийн алга ташилт намайг хөглөдөг. Мөн Чуулгын хамт олноосоо уран бүтээл туурвих их эрч хүч авдаг. 60 гаруй хүн мундаг удирдаачтай тайзан дээр гарна гэдэг сайхан. Энэ хамт олны хүчээр өдөр бүр тэднийгээ харж хөглөгддөг. Тэр дундаа уран бүтээлч хүн байгаа орчноосоо өөрийгөө хөглөж байх ёстой гэж боддог.

-Хамгийн бахархаж нандигнадаг зүйлээ нэрлэвэл?
-Хүмүүс ихэвчлэн эх орон, ээж аавыгаа гэдэг. Энэ бүхэн мэдээж чухал байлгүй яахав. Гэхдээ би Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Хүмүүс Монгол хүн гэж худлаа цээжээ дэлдлээ л гэдэг. Гэхдээ би дотроо Монгол аялгуугаар хөглөгдсөн Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Ийм л учраас олон түмэнтэй, өөдрөг явдаг юм болов уу даа.

-Та хөгжим тоглодог уу?
-Анх НАХЯ-ны дээд сургуульд ороход дуучны орон тоо байхгүй байсан. Тэгээд хөгжимчний орон тоо байсан болохоор кларнит хөгжим сурахаар болсон. Яг одоо кларнит хөгжим барихад ямар ч байсан хэдэн ардын дууны ая тоглочих байх. Гэхдээ надад кларнит байхгүй л дээ. /инээв/.

Б.Сэлэнгэ

" Монголын үнэн"

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.125) 2024 оны 06 сарын 30

НАХЯны Цэргийн Дээд Сургууль гэж байсан Сийлэгмаа дөнгөж ажилд орсон хичээлийн байрны шат шүүрдээд сонсогч нар оролдоод ана мана үздэг охин байсан нь санаанд бууж бна даа. Сургуулийн хөгжмийн дарга хошууч Сугар сайхан дуу зохиож Сийлэгмааг гаргаж ирсэн дээ Цэрэг чамдаа хайртай гэх мэт дуунууд бий

0  |  0
Top