Энэ түүхийг нэгэн бүсгүй надад ярьж өгсөн юм.
...Нийслэлийн БГД-т нэгэн кароаке, буудал ажилладаг гэнэ. Түүнийг ажиллуулахад хэрэгтэй "Тусгай зөвшөөрөл" л цагдаа нарт “олз" болдог аж. Оройн цагаар ажиллаж байхад нь цагдаа нар орж ирээд "гэнэтийн шалгалт" хийж хамаг л юмыг нь "ухаж төнхөж" гарна. Гол нь "шалгалт" бус дарамтлах шалтаг хайж байгаа нь тэр. Тэдний "архи пивоор үйлчлэх тусгай зөвшөөрөл"-ийг нь олж үзэнгүүтээ л "бөөн баяр".
"Яагаад энэ зөвшөөрлөө ханандаа хадаагүй байгаа юм бэ?" хэмээн шалгааж, "за за энэ удаа зүгээр өнгөрөөлөө шүү, харин чи надад 10.000 төгрөг өгчих" гэнэ. "Тусгай зөвшөөрөл"-өө ханандаа хадчихвал ямар нэгэн шалтаг олсон цагдаа нь түүнийг "хурааж авах" нэрийдлээр аваад гараад явчихвал түүнийг дахин олж авахын тулд "бөөн төвөг" удах. Үгүйдээ л авч явсан цагдаад нь дор хаяж 100.000 төгрөг өгөх хэрэгтэй болно.
Ер нь цагдаа нарт "Тусгай зөвшөөрөл"-өө ханандаа хадсан дэлгүүр болон үйлчилгээний газар тааралдвал "тэнгэрийн умдаг" атгалаа гэсэн үг. Учир нь тэд ийм газраас яаж ийж байгаад л зөрчил олж чадна, тэр хэрээрээ "дарамталж" мөнгө олж авдаг. Тэд энэ ажлаа "дарах" гэж нэрлэдэг. Бас "оноо цуглуулах" гэдэг хэллэг бий. Энэ нь "даруулсан газар"-ыг аварч, аргалж байгаа дүр эсгээд мөнгөтэй болох арга юм.
Асуудал ингээд ч зогсохгүй. Цагдаа нар тэднийхийг "тусгай зөвшөөрөл"-тэй гэдгийг мэдмэгцээ "дотносох" аргадаа орно. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл элдвээр шалтаг олон дарамталж байгаад үнэгүй үйлчлүүлэх арга гэнэ. Эхлээд тэд тэдний бармен охины насыг асууна. Бармен охин 21 нас хүрээгүй байна гээд нэг шалтаг, тэгснээ "мэргэжлийн үнэмлэх" шаардана, цаашлаад "дүрэмт хувцас" өмсөх ёстой л гэнэ. Энэ бүхнийг арай гэж "шаардлагад" нь нийцүүлтэл, зочид буудал уруу нь орж, буудлын цагаан хэрэглэлийг шалгах, халамцуу хүнд үйлчиллээ гэх, заримдаа орж гарч байгаа хүмүүсийн бүртгэлийг шалгана гэнэ.
Яг үнэндээ энэ шалгалтыг "мэргэжлийн хяналт"-ын байцаагч хийх ёстой юм уу, цагдаа нар хийх ёстой юм уу гэдгээ ялгахаа больтол "дарамтлуулна". Арай гэж "хэл амаа ойлголцтол", тэдэнд байнга л үнэгүй үйлчлэх "хариу"-тай болж орхих. Тэднийг үнэгүй архидуулна, үнэгүй буудалдаа хонуулна. Ганцаараа бол яая гэхэв. Найзуудаа дагуулж ирнэ, заримдаа биеэ үнэлэгч хүртэл авчирч "үйлчлүүлнэ". Хааяа янз бүрийн зовлон тоочиж байгаад мөнгө зээлж авах боловч өгнө гэж үгүй.
Хэрэв мөнгөө нэхвэл өөр цагдаа нар явуулж ээлжит "дарамт"-аа давтах. Аргаа барсан эзэн нь "хууль дүрэм" ярьвал "яасан их хууль дүрэм ярьдаг гар вэ" гэлцээд улам ч ихээр шалтаг олж дарамталдаг аж. Монголд өнөөдөр яг стандартын шаардлага хангасан үйлчилгээний газар ховор болохоор шалтаг хайсан хүнд өө сэв мундахгүй.
...Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин алдарт "7-р сарын 1"-ний хэрэг явдлын талаар цагдаа нарын тэмдэглэл болон мэдүүлгийг олон нийтэд дэлгэж, асуулга хөндлөө. Цагдаа нар энэ хэрэг явдлын үеэр эрдэнэт хүний амь насыг буудаж хөнөөсөн хэргийн эзэн холбогдогч нь өнөө хир олдоогүй, хэн ч хариуцлага хүлээлгүй цаг хугацааг улираасаар л байна. Хамгийн ноцтой нь хэний тушаалаар хэн буудсан, яагаад буудсан газар нь жинхэнэ бууны хонгионы оронд сургуулийн хонгио хаясан зэрэг "тодорхой" асуудлууд "тодорхой бус" хэвээрээ.
Яг л талийгаач С.Зоригийн "аллага"-тай адил. Монголын цагдаа нэг л болохгүй байнаа. Энэ сэдвээр асуудал хөндөхөөс хүн болгон л эмээнэ. Учир нь тэд эрх мэдэл, бохир тогтолцоо болон аргаараа хэнийг ч дарамталж чадах учраас. Тэгээд хэн хэзээ өөрчлөх юм бэ?
ЦАГДАА хүчний байгууллага уу? үйлчилгээний байгууллага уу?
Уг нь цагдаагийн байгууллага нь тухайн оронд хэрэгжиж байгаа хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй мэт. Социализмын үед "цагдан сэргийлэх" гэдэг нэртэй байгаад сүүлдээ "цагдаа" нэртэй болсон юм даг.
Өдгөөг хүртэл бид энэ байгууллагыг хүчний байгууллага хэмээн нэрлэж, тэр л утгаар нь ойлгож явсаар. "Сэргийлэх", "хүчний" байгууллага гэдэг нэрнээсээ аваад л тэс өөр утгыг агуулж байгаа биз. Бусад орнуудаас ялгаатай нь орос манай 2 оронд "эргүүлийн", "замын" цагдаа нь тусдаа. 10-р анги төгссөн гайгүй бие бялдартай, эсвэл ямар нэгэн курс төгссөн залуус "цагдаагийн албанд" тэнцдэг болохоор харилцааны соёл болон ур чадварын талаар тэгтлээ "найдах" хэрэггүй. Нэг ёсондоо “хүн айлгаж, сүрдүүлэх” төрх нь чухал болохоос харилцааны соёл болон мэдлэг, ур чадвар энд тэгтлээ чухал биш бололтой.
Харин өндөр хөгжилтэй орнуудад хууль эрхийн мэдлэг, харилцааны соёл, ур чадварыг илүүтэй харгалзан мэргэшүүлэх аж. АНУ-д гэхэд цагдаагийн болон галын албанд ажиллах нь өндөр шалгууртай төдийгүй нэр хүндийн хэрэг. Мэдээж өндөр шалгуур давж байж ажилладаг болохоор тэдэнд итгэх итгэл, хангамж,шаардлага нь өндөр. Юу юунаас илүү тэдний ажиллах эрх зүй болон хуулийн хязгаар нь хүний эрх болон хүний амгалан тайван байдал, алив хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр ҮЙЛЧЛЭХ–эд чиглэдэг аж.
Цагдаагийн байгууллага нь ямар нэгэн зөрчлийн "зөв, буруу"-г шүүж, тогтоодоггүй болохоор тэд хэзээ ч хэнийг "гэмт хэрэгтэн" гэж нэрлэн "дарамтлах" ёсгүй. Хэн нэгнийг баривчлах, саатуулах шаардлагатай бол харилцаа нь хамгаас чухал. Тийм учраас хэн нэгнийг “хулгайч аа, чамайг яавал яаж ч чадна шүү” хэмээн заналхийлэн дарамтлах эрхгүй гэсэн үг юм даа. Аль ч оронд төдийгүй дэлхий нийтийн жишигт тухайн хүний буруутайг зөвхөн ШҮҮХ л тогтоож зохих ял шийтгэлийг оноодог.
Харин шүүхийн шийдвэр зөв буруу, эсвэл алдаатай эсэхийг ПРОКУРОР хянана. Эндээс харахаар цагдаа нарын эрх үүрэг болон хэм хэмжээ нь бараг тодорхой байгаа байх. Зайлшгүй тохиолдол болон онц ноцтой үед хүч хэрэглэхээс бус бусад тохиолдолд тэд "урьдчилан сэргийлэх" болон "хамгаалах" үүргийг гүйцэтгэж олон нийтэд "үйлчилнэ" гэсэн үг. Tэд ажил үүргээ гүйцэтгэхдээ ард иргэд олон нийтийг болзошгүй аюул осол болон гэмт үйлдлээс урьдчилан сэргийлж, санамсар болгоомжгүй байдлаас болж гэмт үйлдэлд холбогдохгүй байхад нь тусалж байх аваас олон нийтийн дэмжлэг талархлыг хүлээж байх болно.
Цагдаагийн албан хаагчид заавал бие томтой, бусдыг “айлган, сүрдүүлэх” төрхтэй байх нь гол биш, үүргээ маш сайн гүйцэтгэх чадвартай байх нь хамгаас чухал байх аж.
Чухамдаа Монголын цагдааг “хүчний байгууллага” гэж нэрлэн, үйл ажиллагааг нь энэ үйлдэлд чиглүүлдгээс олон нийт цагдаагаас “жийрхдэг” төдийгүй, тэднийг төдийлөн дэмждэггүй. Цагдаа нараа ч “үйлчилгээний” чиглэлээр бус “хүчирхийллийн” чиглэлээр бэлтгэдгээс “ухаан муутай ноёдод урагшгүй албат” болон хувирцгаана. “Эрийн муу цагдаа” гэдэг хэллэг ч монголчуудын дунд “хүний мууг үздэг” гэсэн зэвүүрхэлтэй холбоотой. Мэдээж олон сайн залуус энэ байгууллагад байж, олон нийтэд “тус хүргэн” талархал хүлээдэг хэдий ч нийт жингээрээ дээрх бүсгүйн өгүүлсэн жишээтэй дүйцэх аж.
Ийм л увайгүй, ухамсаргүй үйлдлүүдээс болж л олон нийт цагдаа нарт итгэл алдан, “зэвүүрхэж” дургүйцэх нь олонтой. Ялангуяа “гүйцэтгэх” чиглэлээр ажилладаг эргүүлийн болон замын цагдаа нар дунд дээрх бүсгүйн жишээ авсан “дарах”, “оноо цуглуулах”, “дотносох” гэхчилэн өөрсдөө нэрлэн хэрэгжүүлдэг бүдүүлэг, арчаагүй заваан байдал газар авсаар. Ийм байхад хэн тэдэнд итгэж, хэн тэднээр хамгаалуулахыг хүснэ гэж? Иймэрхүү жишээг хэн боловч олон олноор нь нэрлэж чадна. Ил гаргахгүй л байгаа болохоос өнөөгийн Монголын цагдаагийн байгууллагад “хүчирхийлэл” ноёрхож, цагдаа нар нь энэ албан тушаалыг “ашиг олз” олох хэрэгслэл болгон хувиргаж байгаа нь нууц биш.
ЦАГДАА-гийн байгууллага АШГИЙН ТӨЛӨӨ юу?
Нэг онигоо байдаг юм. Замын цагдаад нэг залуу ажилд орж л дээ. Нэг сар ажиллаж гэнэ, түүнээс ч илүү болсон юм байх. Нэг өдөр удирдлага нь тааралдаад “чи цалингаа авахгүй юм уу” гэж сануулсанд “дээр нь бас цалин өгдөг юм уу?” гэж уулга алдсан гэдэг. Мань эр машинуудыг зогсоож “торгож” байгаагаа өөрийн орлого гэж ойлгосон юмдаг уу даа.
Харин одоо шинэ жил дөхөж, хүмүүс гоёлоо зэхэж байгаа энэ үед цагдаагийн эхнэр нь нөхрөө ажилдаа явахад нь энхрийлэн үнсэж, “миний хайрт өнөөдөр ахиухан мөнгө олж ирээрэй” гэж захидаг болсон тухай хошин яриаг саяхан сонссон. Баяр дөхөж олон нийтийн хөл хөдөлгөөн ихсэж, мөнгөний хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед халамцуу хөлчүү хүмүүсийг шалгаан “нэгжих”, дарамтлан “сүрдүүлэх”, гудамжны хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг шалтгаантай болон шалтгаангүйгээр зогсоон шалгаж, элдэв шалтаг заан торгох бус “тохиролцох”, хэн хэндээ “ашигтай” бас “хал балгүй” байдлаар “салах” тохиолдлууд зөндөө байгаа. Ядаж байхад монголчууд бидний ууж идэх, зугаацаж наргих нь хэрээс хэтэрч байгаа болохоор “өөлөх хүнд шалтаг мундахгүй”.
Саяхан нэгэн хэвлэл дээр Цагдаагийн байгууллагаас, олон зөрчил илрүүлж их хэмжээгээр торгууль ногдуулсан цагдааг 2 өрөө байраар шагнан урамшуулах болсон тухай мэдээлэл харагдаж байсан. Ийм урамшууллын төлөө цагдаа нар яаж “ажиллах” нь бараг тодорхой шүү дээ. Үүнийг цагдаа нарынхаа “нийгмийн асуудал”-ыг шийдэх зөв арга зам гэж үзэж арай боломгүй. Цагдаагийн байгууллагаас байн байн зохион байгуулдаг “нэрэмжит аян”, “сарын аян” нэртэй арга хэмжээнүүд нь хууль дүрмийг хэвшүүлж сургахаас илүүтэй тухайн сард нэгдсэн журмаар их хэмжээний зөрчил илрүүлэн, арвин “орлого” олох зорилготой гэж хардмаар.
Гэсэн хэрнээ дараагийн сард энэ хяналт нь сулрахаар хүмүүст яаж “наалдах” билээ. Ер нь монголчууд бидний алив зүйлийг байнга хийж хэрэгжүүлж хэвшихээс төвөгшөөн нэг л далайлтаар хийх гэж оролддог зан үүнтэй ч холбоотой байж мэдэх.
Цагдаа нараас алив зөрчилд бэлэн мөнгөөр “торгож” шийтгэдэг “эрх” нь тэднийг энэ албан тушаал болон үүрэг хариуцлагыг өөртөө “орлого” олох хэрэгслэл болгон хувиргах боломж нь болон хувирч байна. Өндөр хөгжилтэй орнуудад цагдаа нар торгох болсон тухай мэдээллээ “торгуулийн хуудас”аар баталгаажуулдаг. Харин торгуулийг зөвшөөрч, эсвэл эсэргүүцэж байгаагаа тэр хүн ШҮҮХ-ийн өмнө илэрхийлнэ.
Харин энэ тухай сонсоод гаргаж байгаа шүүхийн шийдвэр хүчинтэй болж хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл цагдаа болон иргэд уг зөрчлийн талаарх маргаан гомдлоо шүүхийн өмнө шийдэх зарчим юм даа. Түүнээс бус “За яахав дээ, хоёулаа зохицчихъё. Намайг торгох гээд байгаа мөнгөний талыг нь чамд бэлэг болгоод өгчихье. Хэн хэндээ хал балгүйгээр ахыгаа явуулчих” гэж тохиролцоод духан дээр нь үнсчихээд явчихаж болохгүй, тийм боломж ч үгүй гэсэг үг юм.
Монголд ийм л арга “тохиролцоо” ноёрхож байгаа болохоор л зөрчил гаргасан хүмүүсийг “шударгаар торгоод” мөнгийг нь төсвийн дансанд хийсэн цагдаад 2 өрөө байр шагнал болгон өгөх тухай “уралдааны болзол” гарч байгаа хэрэг. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэдэг үлгэр лугаа адил. Хамгийн гол нь цагдаа нарын ажиллах хууль зүйн эрх үүргийг маш тодорхой болгоод үүнийг нь хэн боловч мэдэж, хэрэгжүүлж байваас энэ байдал багасах биз.
Хэн ч халдах эрхгүй хувь хүний ЭРХ ЧӨЛӨӨ ба ЦАГДАА нар
Энэ ертөнцөд ХҮН болон төрсөн хэн боловч хувь хүнийхээ эрх чөлөөг эдлэх эрхтэй. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” хүний хэт эрх чөлөө, бусдын эрх чөлөөгөөр бас хязгаарлагддаг. Үүнийг л ХУУЛЬ зохицуулдаг аж. Хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж бас мөрдүүлдэг цагдаа нарын хувьд бас л энэ талаарх хууль эрх зүйдээ хамгийн “үлгэр жишээ” захирагдаж байх учиртай.
Учир нь тэд хуулийг хэрэгжүүлж байгаа хуулийн хүмүүс учраас. Хэрэв тэд л “үлгэр жишээч” байж чадахгүй өөрсдөө хуулийг зөрчөөд эхэлбэл бусад хүмүүсийн хуулийн хамгаалалтад итгэх итгэл нь алдарч бүгд хуулийг зөрчих болно. Нэг талаас нь харвал ЦАГДАА нар хуулийг хэрэгжүүлэх бодит жишээ, үлгэр дуурайлал, бас баталгаа нь юм.
Ямар ч хүн төгс төгөлдөр “бурханы хувилгаан” биш болохоор алдаа гаргадаг. Харин энэ алдаан дээр нь “дарамтлан” өөрсдөө болон бусдыг хууль бус үйлдэл рүү түлхэх эрх цагдаа нарт үгүй. Энэ бол дэндүү бүдүүлэг хэрэг. Нөгөө талаас хүний эрх болон амгалан тайван байдлыг эвдэж байнгын айдас түгшүүрт автуулж байгаа гэмт хэрэг. Дээрх бүсгүйн надад хүүрнэсэн жишээг сонсож байхдаа би үнэхээр харамссан.
Иймэрхүү тохиолдлуудтай Монголд байхдаа бишгүй л таарч байсан. Тэр үедээ “байдаг л зүйл” гэсэн бодолтой эвлэрч байсан бол хууль ёсыг жинхэнээр нь сахиж мөрддөг оронд ажиллаж амьдарч байхдаа “энэ бол хэзээ ч байх болохгүй зүйл” гэсэн бодолтой болж эхэлдэг. Гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад Монголдоо буцаж очсон олон ч хүнд учирч байгаа “ШОК”-ны нэг нь цагдаа нарын иймэрхүү бүдүүлэг үйлдэл. Тэд “төрөл арилжчихсан”даа биш л дээ, зүгээр л хууль дүрэм журмыг дагаж мөрдөж, сахиж сурсандаа л байгаа юм.
Тэгэхээр Монголын цагдаа нар өөрчлөгдөх цаг нэгэнт болжээ.
- Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж тэднийг “хүчний” бус олон нийтэд “үйлчлэхэд” зориулан харилцааны өндөр соёл, хууль эрх зүйн өндөр мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай болгон бэлтгэх хэрэгтэй байна.
- Ингэж бэлтгэсэн цагдаа нараа орчин үеийн тоноглол бүхий автомашин, хамгаалах хэрэгслэлээр бүрэн хангаж, энд тэнд хэн нэгэнтэй “тохиролцож”, “зохицоод” байхааргүй “амьдралын баталгаа”-тай болгох хэрэгтэй байна.
- Юу юунаас илүү ЦАГДААГИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ндаа өөрчлөлт оруулж тэдний ажиллах нөхцөл болон эрх зүй, үүрэг хариуцлагыг маш тодорхой болгон олон нийтэд сурталчилж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл олон нийт ч тэдэнд хүндэтгэлтэй хандах болно.
Хүмүүс цагдаагаас айж зугатан, зэвүүрхэн үзэн ядахгүй байх нь тэдний үйл ажиллагаанаас л хамаарна. Хэрэв замд үүрэглэн осолд орж болзошгүй жолоочийг цагдаа зогсоон “унтаж амран, сэтгэл санаа нь тайван болсон үедээ цааш явах”-ыг эелдгээр зөвлөн чин сэтгэлээсээ туслан санаа тавьж байдаг бол, нилээд согтон баримжаагаа алдсан нэгнийг машиндаа суулган гэрт нь хүргээд өгчихдөг бол, төөрч будилж тэвдэж сандарсан хэн нэгэнд цаг гарган тусалж байдаг бол хүмүүс цагдааг хүндлэн хайрлаж тэдэнд итгэж, байнга хандан тусламж авч байхдаа баяртай байх болно.
Энэ хэрээрээ Монгол оронд хууль дүрмийг иргэд сахиж хэрэгжүүлж эхлэх болно. Яг үнэндээ буруу зүйл хийж зөрчил гаргасныхаа төлөө тэдэнтэй “зохицож” байснаас ном журмынх нь дагуу торгуулиа төлж байвал “хэн хэндээ амар”. Нэг удаагийн тохиролцоо мянган удаагийн “барьцаа” болон “шаналал” болон хувирдаг.
Хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг цагдаатай бол, гудамжаар явж байгаа хэн нэгнийг дуудан ирүүлж хармааг нь ухан нэгжихгүй, ажил дээр тань очиж хамаг бичиг баримтыг тань шалган элдэв өөчлөх шалтгаар таныг дарамтлахгүй, гэрт тань шууд орж очоод айлгаж ичээн, дарамтлан сүрдүүлэхгүй, зүв зүгээр явж байхад тань машиныг тань зогсоогоод янз бүрийн өө хайн, үнэмлэхийг тань хармаалахгүй байх сан. Хүмүүс юу юунаас илүү бухимдалгүй, айдасгүй тайван ажиллаж амьдрахыг л хүсдэг.
Энэ бол тэдний эрх чөлөө. Энэ эрх чөлөөнийхээ төлөө л цагдаад хандаж, тэдний хамгаалалтыг авдаг байвал юутай сайн. Тэгэхээр буруугаа хацайлж өмөөрөх биш, өөрчлөгдөн шинэчлэгдэх хэрэгтэй болж байна даа, МОНГОЛЫН ЦАГДАА.
Монголчууд бид “ТЭНГЭРИЙН ДОР ТӨРЖ, ХУУЛИЙН ДОР АМЬДРАХДАА” өөрсдийн эрх чөлөөгөө та нарт итгэн хамгаалуулдаг юм шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )