Дуучин Д.Намсрайноров: Яалт ч үгүй байдалд орвол зодолдоно

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү? Анхны тоглолтоос хойш уран бүтээл тань нэлээд хугацаанд завсарлалаа шүү дээ.

Өнгөрсөн хавар 21 аймгаа нар зөв тойрч тоглолтоо хийгээд ирсэн. Орон нутгийн сонсогчид маань үнэхээр гайхалтай хүлээж авсан. Энэ зун олон уран бүтээл хийж амжсангүй л дээ. Хөдөөний хүүхэд болохоор зундаа сумандаа очиж морь малтай ноцолдож хийморио сэргээдэг. Есөн сараас л уран бүтээлдээ шаргуу орлоо. Зуны хугацаанд “Нандин учрал” гэдэг нэг л дуу гаргасан. Энэ дуунийхаа клипийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Хоёр дахь бие даасан цомгийн маань ажил 70 хувьтай явж байгаа. Энэ ондоо багтаагаад цомгоо сонсогчдынхоо гар дээр тавих зорилготой ажиллаж байна.

Хоёр дахь цомог тань өмнөхөөсөө юугаараа онцлог байх вэ? Дууны сэдэв, аялгууны хувьд өөрчлөлт орсон уу?

Анхны цомгийн дуунууд ихэнх нь хайрын сэдэвтэй байсан. Харин одоо ажиллаж байгаа цомгоо би ухаарлын шинжтэй болгоё гэж бодсон. Эхний цомогт ерөнхийдөө уянгын дуунууд багтсан бол энэ удаа цоглог ритмтэй дуунуудыг түлхүү оруулна. Мөн эх орны сэдэвтэй болон нийгмийн болж бүтэхгүй эсвэл өнгөтэй өөдтэй гээд бүхий л талыг хамруулсан сайхан дуунуудыг хүргэхийг зорьж байна.

Нийтийн дуучдын клипүүд уул хад, ургамал мод гарсан нэгэн хэвийн байдаг. Мөн дууны сэдэв, аялгууны хувьд ч давтагдаад байдаг юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

Ард түмэн байгаа цагт нийтийн дуу оршин тогтносоор л байна. Ардын дуу гэдэг ард түмний дундаас төрөн гардаг шүү дээ. Бидний одоо зохиож, бүтээж байгаа дуу ч 200 жилийн дараа ардын дууны нэгэн адил ард түмний дуу болсон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхлээр хайр, эх орон, нутаг ус, аав ээжийн тухай сэдэв бол Монголын ард түмэнтэй салшгүй холбогдоно. Үүгээрээ бид бахархаж, дуулж байх ёстой. Клипний хувьд бол морь хөтөлсөн, шилбүүр барьсан, уул ус, ургамал амьтан гарсан нэгэн хэвийн зүйл байнга давтагддаг. Үүнийг орчин үеийн, шинэлэг болгож өөрчлөх хэрэгтэй л дээ. Би үүнийг өөрчлөх гэж оролдсон шүү дээ. Тухайлбал миний “Зүрхний цэцэгхэн чамдаа” болон өөр хэд хэдэн дуу хувцаслалтын хувьд поп талдаа, ерөнхий агаар нь их өөр шинэлэг болсон гэж боддог.  Сүүлийн үеийн залуучуудыг хараад байхад заавал Сэр-Од багш, яруу найрагч Баянмөнх гэх мэт хүмүүсээс л сайн уран бүтээл гарна гэж бодоод байдаг. Гэвч үгүй л дээ. Нийтийн дууны яруу найраг, аялгууны аль аль нь хүний зүрх сэтгэлээс гарч байдаг учир хэнээс ч сайхан уран бүтээл гарч болно. Миний “Санах тусмаа дуулаарай” гэдэг дууг энгийн нэгэн сумын хөгжмийн багш залуу ээждээ зориулаад зохиосон. Хамгийн их олонд таашаагдсан дуу шүү дээ. Миний одоо хийж буй цомогт ч олны танил биш хүмүүсийн дуу нилээд орсон байгаа. Оюутан байхдаа би дээр нэр дурдсан хүмүүсээс үнэ хөлсийг нь төлөөд дууг нь авах гээд гүйдэг л байсан. Энэ хүмүүс үнэхээр сайн уран бүтээл хийдэг юм бол мөнгийг нь төлөөд аваад дуулъя гэж боддог байлаа. Харин одоо бол өөр л дөө. Хүмүүс энэ чиний хоолойнд таарах уу, энэ дууг дуулаач гээд их ирдэг. Таалагдсан дуугаа дуртайяа дуулдаг. Би өөрийнхөө цомогт орж байгаа дуунуудынхаа шүлгийг сайн хянадаг л даа. Ихэвчлэн гэгээн хайрын, гэгээлэг сэдэвтэй дуу дуулъя гэж боддог. Яагаад гэвэл дуу гэдэг бол тарни. Хүмүүс дууг сонсоод хөглөгдөж, сайн сайхан юм бодож байх ёстой. Тиймээс аялгуу нь ч гэсэн нандин, тансаг байх хэрэгтэй гэж боддог.

Фенүүдээс чинь зохиосон шүлгээ өгөөд дуу болгоод дуулаач гэсэн санал ирж байсан уу?

Шүлэг нэлээн авч байсан. Зарим нь сайхан дуу болсон. Гэхдээ фэнүүдээсээ урмын үгтэй захидал л их авдаг даа. Бас бамбарууш, цэцгийг бол их л авч байлаа. Хүний сэтгэлээ шингээж өгсөн зүйлд дуртай болохоор гэрийнхээ нэг буланд өрөөд хадгалчихсан. Цаашдаа улам арвижих байх аа.

Таныг дуучны удамтай гэж сонсож байсан юм байна. Дуучин болоход юу нөлөөлсөн бэ?

Сургуульд байхад хичээлээс жаахан зугтаадаг байлаа. Аравдугаар ангиа төгсөөд хөдөө гарсан. Аав ээждээ тусалж, малаа маллая гэж бодоод. Ер нь бол би багаасаа л барилдах дуртай хүүхэд байсан. 18 настайдаа цэрэгт яваад, барилдаад амжилт гаргаж байлаа. Тэр үед ер нь бөх болох зам маань нээгдлээ л гэж бодсон. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр барилдаж болохооргүй болсон юм. Багадаа дуулдаг байгаагүй ч дуулах нууцхан сонирхолдоо их хөтлөгдсөн. Ээж маань их сайхан дуулдаг. Ээжийнхээ авъяасыг л өвлөсөн дөө.
Аав тань мянгат малчин шүү дээ. Малд их хайртай биз?

Багаасаа аавынхаа уясан морийг унаж, уралдаж түрүүлж, олон наадмууд хэсэж явсан хүүхэд ахуй цаг минь хэзээ ч мартагдахгүй л дээ. Үнэхээр гайхалтай. Зав чөлөө гарвал гэрлүүгээ л давхидаг. Аав ээждээ очно, овоо тахилгандаа мөргөнө. Ер нь бол нутаг усандаа нэлээн сүсэгтэй хүн л дээ. Аав ээж хоёр маань хоёулаа улсын аварга малчин. Миний өдий зэрэгтэй яваа нь аав ээжийн маань л ач тус. Сурах, уран бүтээл туурвихад их мөнгө зарцуулагдсан. Тэр бүхэнд аав, ээж маань л тусалж, дэмжиж байлаа. Харин  одоо бол эцэг эхдээ туслах цаг болсон шүү дээ.

Дуучид янз бүрийн арга хэмжээнүүдэд уригдаж дуулдаг шүү дээ. Гэхдээ рок попынхон болон нийтийн дуучдын дунд үнийн зөрүү байдаг юм шиг байгаа юм. Таны хувьд нийтийн дуучид дундаа хэр үнэтэй дуулдаг дуучинд орох вэ?

Яг тэд гэсэн тоо байхгүй шүү дээ. Урьсан хүмүүстэйгээ зохицоод л дуулдаг. Гэхдээ бас цензур байх ёстой байх л даа. Энэ талаар нээх дэлгэрүүлээд яахав.

Анхны клипээ хийх гэж байхдаа хөдөө яваад ааваасаа хэдэн мал авчраад зарж байсан гэж сонин хэвлэлүүд бичсэн байсан. Энэ үнэн үү?

Долоо хоногийн дараа клип хийлгэнэ. Энэ клипэнд тэдэн төгрөг орох юм байна гээд тооцоод л мал авчраад борлуулсан тохиолдол байхгүй л дээ. Гэхдээ анхны клип гэлтгүй анхны уран бүтээлүүдийн маань ихэнх зардал мөнгийг аав маань зохицуулсан.

Таны хамгийн их хөрөнгө зарж хийсэн клип?


Миний анхны уран бүтээл болох “Хонгор чамдаа” дуу хоёр клиптэй. Нэг нь эх орныхоо хил дээр байгаа дайчдын амьдралыг харуулахыг зорьсон. Энэ клип бол нилээд өртөг өндөртэй бүтсэн.

Танд хуучны дуунуудаас сэргээж дуулах бодол байдаг уу?

Дуучид 60, 70-аад оны сайхан дуунуудаас нэлээд дуулсан. Ер нь бол сайхан уран бүтээлүүдийг нь шилээд дуулчихсан л даа. Миний хувьд бол хуучны дууг сэргээж дуулаад, өөрийн уран бүтээлээ болгоод байх сонирхол байдаггүй. Бэлээхэн хүмүүст хүрчихсэн дуунуудыг бичүүлээд гаргахад хугацаа бага зарна. Хүмүүст хүрэхдээ ч хялбархан байдаг. Харин өөрөө хөдөлмөрлөөд шүлэг, аялгуугаа хийлгээд, найруулга, клип хийгээд сонсогчдод хүргэнэ гэдэг хэцүү. Энэ хоёрын хооронд ялгаа их байдаг. Тиймээс хуучны дуунуудыг сэргээж дуулахыг төдийлөн хүсдэггүй. Шинэ дуу хийж, хөдөлмөр зарцуулах нь чухал шүү дээ.

Хааяа та байрныхаа гадаа охиноо салхилуулж яваа харагддаг. Гэхдээ уран бүтээлч хүн болохоор гэртээ амрах цаг зав бага гардаг байх л даа. Одоо ер нь ар гэртээ хэр их анхаарал тавьж чадаж байна?

Уран бүтээлч хүний арыг даана гэдэг хэцүү. Шөнийн гурван цагт студид дуулаад зогсож байхыг үгүйсгэхгүй. Олон хоног, сараар хөдөөгүүр тоглоод явчихна. Хавар хөдөөгүүр тоглоод 45 хоног болоод ирсэн. Иймэрхүү л ажил ихтэй үед ар гэртээ сайн анхаарал тавьж чаддаггүй ээ. Гэхдээ ажил, амьдралаа аль алиныг нь л зохицуулахыг хичээдэг дээ.

Эрэгтэй хүн болгон ан хийх дуртай байдаг. Та хэр сайн анчин бэ?

Жаахан байхдаа чавхаар харваад оготны хамраас цус гаргаж байсан. Хөдөө байхдаа тарвага буудаж үзсэн ч оноогүй ээ /инээв/. Би ер нь ан хийх хүн биш л дээ. Гэхдээ чоно харвал аавтайгаа хамт морьтой, мотоциклтой, машинтай давхиад хийморио сэргээдэг. Нэлээн хэдэн чоно агнаж байсан шүү.

Эрэгтэй л хүн юм чинь хааяа бас гар зөрүүлэх тохиолдол гардаг байх. Эр хүнийг сорви чимдэг гэдэг шүү дээ. Зодооноос үлдсэн сорви байдаг уу?

Би ер нь зодооноос хол хүн л дээ. Түрүүлж хөдлөөд байдаггүй суурьтай талдаа. Зодоон цохионоос хол явахыг боддог. Ялангуяа урлагийн хүн бол нүүр царайгаа хайрлах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ бас яалт ч үгүй байдалд ороод хүн эхлээд намайг цохиод авбал хариуг нь өгнө өө /инээв/

Олны танил хүмүүс шоу цэнгээний газраар явах хэцүү байдаг байх л даа. Найз нөхөдтэйгөө уулзаад нэг сайхан доргичих гэхээр олны хэл аманд өртчих гээд байдаг талтай. Таны хувьд стрессээ хэрхэн тайлдаг вэ? Шоудаж байна уу?

Тийм шүү. Эхний уран бүтээлүүд хүнд хүрснээс хойш орж чадахгүй л байна. найз нөхөдтэйгөө уулзлаа гэж бодоход градустай юмнаас хол болохоор цэмбийтэл суугаад байх хэцүү. Гэхдээ аль болох аргалаад өнгөрөхийг боддог. Миний хувьд хамгийн зөв стресс тайлах арга бол хөдөө салхинд давхих л юм даа. Хөдөө л их явдаг даа.

Ямар дуу сонсож кайф аваг вэ? Зарим дуучид энэ асуултанд хариулахдаа ихэнхдээ өөрийнхөө дууг сонсдог гэдэг юм билээ?

Миний хувьд заавал өөрийнхөө дууг сонсоно гээд байдаггүй ээ. Хүндэлж, хайралж явдаг уран бүтээлчдийнхээ дууг ч сонсоно, гадаад дуунуудыг ч сонсоно. Таалагдаж л байвал хэний ч хамаагүй л дууг сонсдог доо.

Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа

За та бүгдэд ч гэсэн баярлалаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top