Нэр алдрыг дагаж ирсэн шагналын эзэн

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 28

“Ардын эрх” сонин улиран одож буй онд Монголын нийгэмд хэн хамгийн онцгой, онцлог байсныг уншигчдынхаа саналд үндэслэн “Оны хүн”-ээр тодруулдаг уламжлалтай. Түүхийн хуудаснаа өөрийн ул мөрөө тодхон үлдээн одож буй 2011 онд улс төр, урлаг, шинжлэх ухаан, нийгмийн хүрээнд өөрийн орон зайгаа тунхаглан зарласан олон алдартнуудаас энэ удаад бид Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг онцоллоо.

Бидний энэхүү сонголттой та бүхэн санал нийлж буй гэдэгт итгэлтэй байна. Хэрэв “Чухам яагаад Д.Болд?” гэдэг асуулт танд байгаа бол хамтдаа хариулт өгөхийг зорьё. 

Төрийн соёрхлын талаарх хуучин, хэвшмэл ойлголтыг өөрчлөн эвдэж, нийгэмд шинэ үнэлэмжийн хэм хэмжээг авчирсныхаа төлөө дуучин Д.Болд өнгөрч буй онд дуулиан тарилаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртэхээсээ хавьгүй өмнө өнөөдрийнхөө нэр алдар, хүрээлэл, даган дууриагч, шүтэн бишрэгчдээ бий  болгочихоод байсан түүнд эл шагнал зохих, үгүйг шүүн ярих нь үнэндээ утга муутай зүйл юм. Шагналаас өмнө алдар гавьяа, нэр төрөө бүтээсэн хэнд ч зүй ёсоор оногдох учиртай тэр л хүндлэлийг Д.Болд хүртсэн хэрэг. Харин үүний араас олныг хамарсан хэлэлцүүлэг, дуулиан шуугиан үүссэн нь ямар учиртай юм бол? Үнэндээ Д.Болдын шагнал эзэндээ зохих, зохихгүйн тухай яриа биш нийгмээрээ дасч хэвшсэн сэтгэлгээгээ эвдэх үү, байх уу гэдэг асуултын тэмдгийг  Ерөнхийлөгчийн зарлиг шидсэн хэрэг. Цаг үеэ мэдрэхээ байтлаа чулуужиж, өмнөх нийгмийнхээ хэм хэмжээгээр шүүлт хийж байсан шагналын жишигт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэчлэл хийсэнд олон хүн талархаж, бас цөөнгүй хэсэг нь эвгүйцсэн юм.

Уг нь асуудал Д.Болддоо биш байлаа. Урлагийг “албан ёсны” болон “албан бус” гэж ойлгож хэвшсэн өмнөх нийгмийн сэтгэлгээ инерциэ хадгалсаар ирсэн тул албан бус хэсэгт багтах рок, поп урлагийг төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэдэг заримын маань хувьд байж болшгүй зүйл аж. Тэр тусмаа хүүхдээрээ шахам залуу тийм нэр хүндийн эзэн болно гэдэг заримынх нь хувьд тэвчишгүй хэрэг... Дасал болж хэвшсэн энэ ойлголтыг хэдийгээр хуульчлаагүй боловч монголчуудын сэтгэлгээ нь уламжлал, ёс заншлын хэмжээнд даган мөрдөж ирснийг Д.Болд өөрчиллөө.

Өнгөрсөн зууны далаад оны сүүлч, наяад оны эхээр зүүн Германд суралцахаар очсон монгол залуус “Puhdys”, “Karat” зэрэг орчин үеийн хамтлагууд төрийн хэмжээний шагнал хүртэхийг хараад үнэндээ алмайрч байсан гэдэг. Жар, далаад оны дуу, эс бөгөөс симфони, сонат, роман зохиогчид л Төрийн соёрхол хүртэх ёстой гэдэг ойлголтоосоо харин бид одоо л салах боломжтой болж байна.

Бүх зүйлийг зөвшөөрлийн дагуу байгуулдаг нийгэм бүрэн төгсч амжаагүй байсан тэр үед арван хэдтэй хөвгүүд хөгжмийн хамтлаг байгуулан чөлөөт зах зээл рүү хөл тавьж орно гэдэг эр зориг гэхээс илүү түрэн ургаж буй цаг үеийн эхлэл байлаа. Тийм шинэ цаг үеийн төлөөлөл Д.Болд тайзнаа арав гаруй жил дуулж, 200 гаруй уран бүтээл туурвижээ. Цаг хугацаа өөрийнхөө баатруудыг өөрөө төрүүлдэг. Энэ зүй зохисыг хэн ч өөрчилж чаддаггүй аж. Өнөөдрийн цаг үеийнхээ оюун сэтгэлгээ, хэв маяг, гэрэл гэгээг жинхэнэ ёсоор урлан бүтээж яваа хэнд ч Төрийн соёрхол хүнддэхгүй гэдгийг Д.Болд харууллаа. Тэр үүгээрээ “Ардын эрх” сонины “Оны онцлох хүн”-ээр нэрлэгдэж байна. “Ардын эрх” сонины “Оны хүн”-ээр сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж, УИХ-ын гишүүн, Ул­сын баатар Э.Бат-Үүл, сумо­­гийн их аварга Хакухо М.Да­­ваажаргал, Шадар сайд М.Энхболд, Ерөнхий сайд Сү.Бат­­болд нар шалгарч байсан юм.

З.Боргилмаа



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top