Согтуучуудын үр удмыг архи хайрладаггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 28

Өнгөрөгч наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 12946 гэмт хэрэг үйлдэгдсэний 26 хувь нь согтуугаас үүдэлтэй гарчээ. Нэг сарын дотор 77726 хүн эрүүлжүүлэгдсэний 43 хувийг нь эмэгтэйчүүд.

Мөн оюуныхомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58.4 хувь нь архинд донтох өвчтэй, гэр бүлийн хүчирхийллийн 60, гэр бүл салалтын 45 хувь нь архидалтын улмаас гардаг бол орон гэргүй тэнэмэл хүүхдийн 80 хувь нь эцэг эхийн архидалтаас зугатаж тэнэдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Нийгмийн болохгүй бүхний эх үндэс нь архи гэдэг эндээс харагдаж буй биз ээ. Өнөөдөр архины хэрэглээ хэрээс хэтэрч хүн ард нь архинд донтох өвчинтэй болтол хүрээгээ тэлж буйг улиг болтлоо ярьсан. Харин сайжирсан зүйл үгүй.

Архи хүний бие эрхтэнд нөлөөлөхөөс илүүтэй оюун ухааныг хордуулдгаараа бусад төрлийн өвчнөөс хамгийн аюултай гэдгийг мэдсээр атлаа байдал дээрдсэнгүй. Өвчин хүнийг ялгадаггүйтэй адил эл өвчинд ч мэргэжил, боловсрол, нас хүйс хамаардаггүй.

Ялангуяа, сүүлийн үед арван настай хүүхэд ч хөлчүүрхсэн сэтгэлээр хорвоогийн өдрүүдийг өнгөрөөж байгаа нь эмгэнэл гэлтэй. Тухайлбал, ЕБС-ийн 12-17 насны долоон мянган хүүхдийн дунд судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ.

Мөн ихэнх нь 11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн байна. Бид эл дүр зургийг дэндүү олон харсаар байгаад өнөөдөр хэвийн үзэгдэл мэт санагдах болсон. Угтаа ирээдүй хойч үед маань архины хар сүүдэр тусч байгаа нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөелөх болсныг илтгэж буй. Ингэхэд архи хүний удмын санд хэрхэн нөлөөлдөг бол. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ.

Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг. Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг байна.

Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичин гэр бүлд төрж өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болдог байна. Жирэмсэн эхчүүд ганц удаа согтууруулах төрлийн ундаа уухад ямар ч сөрөг нөлөөгүй гэж эндүүрдэг.

Гэтэл их, бага гэлтгүй энэ төрлийн ундаа хэрэглэсэн тохиолдол бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.

Монголын анагаах ухааны гишүүн, доктор И.Пүрэвдорж “Хуучин нийслэлийн хэмжээнд архичин нэг л эмэгтэй байсан. Тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг нийгмээс тусгаарлан хөдөлмер эрхлүүлж, албадан эмчилгээнд хамруулдаг байсан. Харин одоо ийм ажил хийж, хэрэгжүүлж байгаа байгууллага гэж алга.

Нөгөөтэйгүүр эр, эм гэж ялгалгүй газар сайгүй тасарч унасан хүн харагдах юм” хэмээн халаглаж байсан. Архитай нөхөрлөсөн хүмүүсийн амьдрал үүгээрээ дуусаг гэж бодмоор ч хүүхэд, залуус тэдний араас орж байгаад халаглахад ч багадмаар.

Үүний уршгаар хөгжлийн бэрхшээлтэй, оюун ухааны хомсдолтой хүүхэд олширсон. Хамгийн харамсалтай нь, архи уудаг эцэг, эхийн хүүхэд архичин болох замыг л сонгодог хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Итгэхэд бэрх ч үр хүүхэд нь багаасаа согтууруулах ундаанд дасан зохицож, хүлээн зөвшөөрсөн байдаг учраас үр удамдаа дамждаг байна. Ингээд зогсохгүй ийм гэр бүлд өссөн хүүхдүүдийн 50 хувь нь архинд донтох өвчтэй болдог бол, 30 хувь нь архи тогтмол хэрэглэдэг хүнтэй гэр бүл болдгийг судалгаагаар тогтоосон байна. Архи уудаг нэг хүний хор нөлөөнд 4-60 хүн давхар өртдөг болохыг ч судалгаагаар тогтоожээ.

Иймээс бага наснаас нь эхлэн архины хор хөнөөлийг хүүхдүүдэд ухааруулж, ойлгуулах төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Шинэ он хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд их, дээд сургууль, албан байгууллага бүр баяраа тэмдэглэх буй.

Зарим дүүрэг баяраа архигүй тэмдэглэж байгаа нь сайшаалтай ч архигүйгээр баяраа төсөөлж чаддаггүй хэсэг ч бас бий. Манай улсын хоёр сая 700 мянга гаруй хүн амд жилд таван сая литр цэвэр спирт, 9.5 сая литр архи, дарс болон 3.3 сая литр шар айраг ногдож байна.

Өдөр шөнөгүй ажиллах спиртийн 12, архины 93 , пивоны 24 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг түгээх 4538 хүнсний дэлгүүр, 2198 баар, 452 ресторан, зоогийн газар бий. Баярын өдрүүдэд эл газрууд ашиг орлогоор дүүрэн. Too томшгүй олон үйлдвэр, борлуулах цэгийг багасгах талд хяналт тавихгүй бол архины хэрэглээ хэзээ ч татрахгүй.

Дээхнэ үед оюутнууд хамт олноороо сургуулийн анги танхимдаа баяраа тэмдэглэдэг байсан. Харин одоо сурууль дээрээ баяр, ёслол тэмдэглэхийг хориглосон журам гарснаар архидалт хүрээгээ тэлсэн гэхэд болно. Учир нь, баар, цэнгээний газраас өөр орчинд баяраа тэмдэглэх боломж байхгүй болчихоод байгаа юм.

С.Дулам

Эх сурвалж: “Монголын үнэн”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top