Богд хаан юугаа бүгд сүслэн биширч залбиран дээдэлжээ. Өвгөн Жамбал хууч яриандаа “… Богд хаан ширээнд суухад дөрвөн аймгийн хаад, ван, гүн, засаг, хошууны ноёд цөм цугларч, хүрээний гучин аймаг, арван дацангийн лам гэсгүй нар цугларч есөн цагаан хүргэж, есөн цагаан адуу, есөн цагаан тэмээ, цэмбэ, тэрэм, торго, хадаг өргөв.
Маргааш нь цогчин дуганд халх дөрөв, шавь таваас түмэн лангийн мандал өргөж байх үед Алтанбулагаас Тогтох тайж олон цэргийн хамт орж ирээд, Богдтой нүүр учран уулзсан билээ. Тогтох тайжийг ингэж ирэхэд хар шар олон хүмүүс:
- Олон хүний амь үрсэн хүн, хаан ширээнд суусны маргааш ирж байгаа нь муухан хэрэг болов. Манай хаан удаан сууж чадах болов уу даа гэлцэж байв” хэмээн өгүүлсэн байдаг. Тогтох тайж гэж хэн билээ. Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Норлос хошуунаа Энхбилэгт тайжийн гэрт 1863 онд мэндэлсэн байна.
Тэр төрөлхийн сэргэлэн ухаан, сүйхээ самбааны хүчээр бичиг эрдэмд суралцсан тедийгүй харвах, намнах, халуун хүйтэн зэвсэг эзэмших, моринд үсэрч мордох, харайж буух зэрэгт гойд тодорч гарсан эр гэдэг юм.
1894 онд манжуурын төмөр замын орчим болсон хятад, японы байлдаанд хятадууд ялагдаж, тэндээс зугтсан цэргүүд элдэв нэр хоч бүхий дээрэмчдийн олон жижиг бүлэг болон бутарч Жирэмийн чуулган даяар дээрэм тонуул хийж, амар заяа үзүүлэхээ больсон нь идэр залуу 31 настай тайж эрийн гүн зэвүүцлийг төрүүлжээ. Иймийн учир санаа нийлсэн сайн нөхдийн хамт зэвсэглэн босч, орох оронгүй дээрэмчдийн эсрэг тэмцэж эхэлсэн нь аажмаар гүнзгийрч манж, хятадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн бослого болж хувирсан юм.
Тогтох тайжийн цэрэг 1906-1910 онд Солон ууланд хүн давуу дайсантай удаа дараа тулгаран няцааж, тулалдан ялж байсан хэдий ч, он цаг улирах тутам орон нутагтаа оршин тогтноход хэцүү болж ирсэн байна. Өөрийн 50 орчим цэргийг тэргүүлэн Сэцэн хан аймгийн нутаг, Егүзэрийн хийдийн нутгаар орж ирэхэд хүрээний сайд Дархан чин ван Пунцагцэрэн цэрэг мордуулан тосч байлдсан гунигт түүх бий. Чухам хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг болсон Тогтох тайж Оросын нутагт ойн гарч Чита хотын захирагчтай уулзаж Дээд Үдийн харганатайд түр төвхнөөд байжээ.
Гэтэл түүний олон жилийн хүсэл мөрөөдөл биелж Монгол Улс тусгаар тогтнож, Олноо өргөгдсөн төрөө мандуулж, Оройн дээд хаанаа залсанд баярлахын ихээр бахархаж дайчин нехдөө дагуулан давхин ирсэн нь энэ юм санж. Ийнхүү Цогчин дуганд мандал өргөж байхад нь илдэндээ цустай хүн ирэв гэж Богд хаан бодсон нь үгүй. Харин ч эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэгч Тогтох тайжийг тэргүүн зэрэг жинс, тогосын отго, Зоригтбаатар цол шагнасан байна.
Мөнхүү 1912 онд Буриадын нутгаас түүний эхнэр хүүхдийг авчирч, улсын сангаас хашаа байшин худалдан авч өгсен төдийгүй Цэргийн яамны дэс түшмэлээр тохоон томилжээ. Ер нь Оройн дээд Богд хааны тэргүүлж байсан Олноо өргөгдсөн төр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд гар бие оролцон зүтгэсэн Өвөр Монголын эх оронч нарт цагийн цагт гараа сунгаж байсан юм.
Б.Хайсан гүн, Манлай ван Дамдинсүрэн, Удай ван, Раашминжүүр ван, Харчин гүн Бавуужав, Тогтох тайж зэрэг Нэгдсэн Монгол Улс байгуулах их үйлсийг сэдэн зүтгэгч нарт Ар, Өвөр монголыг нэгэн төрийн жолоонд оруулахаар чармайн хичээгч нарт Богдын төр цагийн цагт халамж анхаарал тавьсаар иржээ. Үүний зэрэгцээ хөрш их гүрэнд мөнхүү учрыг ойлгуулж, ухаант хөршийн ёсоор зэрэгцэн оршихыг сануулсан нот бичиг ч нэг бус удаа явуулж байжээ.
Нэрт судлаач Л.Жамсран гуай “Олноо өргөгдсөний анхдугаар оны арванхоёрдугаар сарын 30-нд Монгол Улсын Засгийн газраас Чин улсын Дотоод яам, Засагт тус хийх яам, Гадаад хэргийн журганд цахилгаан утас явуулж, Чин улсаас Монголын талаар баримтлах бодлого сүүлийн үед өөрчлөгдсөн монголчуудын “Үндсийг таслах, шашныг сөнөөх”-өд хүргэж байгаа учраас “Бүгдээр Богдыг өргөмжлөн эзэн болгож, улсын цолыг Монгол” хэмээн уламжлан, умар зүгийн дэлхий дахины орон газрын уул эзэн нь хураан авч бүрэн бүтэн болгон батлав” хэмээн нотолж байсан тухай өгүүлсэн байдаг. Олноо өргөгдсөн төрийн бодлого мэргэн байжээ. Цаашид хэрхэхийг удаахь бүлгээс үзнэ үү.
Т.Зөнбилэг
Эх сурвалж: “Монголын үнэн”
Сэтгэгдэл ( 0 )