Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дүрслэх урлагийн музей, Урлагийн орон зай төвөөс хамтран “UB ART FAIR” нэртэй үзэсгэлэн, уран бүтээлийн дуудлага худалдааг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Олон нийтийн сонирхлыг татах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн арга хэмжээ 2012 оны 10 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Дүрслэх урлагийн музейн танхимд болох юм. “UB ART FAIR-2012”-ийн хүрээнд “Соёлын утга агуулгаар баяжсан гар урлалын бүтээл ” сэдэвт сургалт өчигдөр зохион байгуулагдсан байна. Энэхүү сургалтад гар урлалын бүтээгдэхүүн хийдэг иргэд, соёлын чиглэлийн сургуулиудын оюутан, багш нар хамрагджээ. Мөн “Тархины зураглал” нээлттэй хичээлийг Урлагийн орон зай төвөөс энэ сарын 6, 7-ны өдөр явуулах юм. Энэ удаагийн “UB ART FAIR” -ийн онцлог нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уран бүтээлч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаад оршино. Үзэсгэлэнд арван эмэгтэй уран бүтээлчийн бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Дан ганц уран зураг бус уран бичлэг, уран хатгамал, Монгол зураг, шавар болон эсгий эдлэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлчид оролцож байна. Уран бүтээлчдийн нэг, нэг бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд үүнээс олсон мөнгийг хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй авъяаслаг хүүхэд болон эмэгтэй уран бүтээлчдийг дэмжихэд зориулах юм. Энэхүү дуудлага худалдаа маргааш буюу энэ сарын зургааны өдөр Дүрслэх урлагийн музейн танхимд болох ю м. “UB ART FAIR” -т урлагийн номын үзэсгэлэн, гар урлалын дижитал номын худалдаа, мини кино театр ажиллаж байна. Энэ арга хэмжээг Монгол, Францын соёлын төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв дэмжин ажиллаж байгаа аж. Мөн Дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )