Ухаалаг үнэмлэхний ”ухаалаг бус” зураг...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

Герман, Бельги, Финлянд, Португал, Эстони, Гонконг, Хятад, Малайз зэрэг Ази, Европын олон орнуудад нэвтрүүлсэн, санах ойтой, олон мэдээлэл багтаасан цахим үнэмлэхний хэлбэрт улс даяараа шилжсэн нь нэг талаар дэвшил боловч нөгөө талаар уг ажлыг зохион байгуулахдаа урьдчилан сануулаагүй байдал зарим хүмүүсийг сэтгэл гонсгор байдалд хүргэжээ. Энэ нь уг “ухаалаг” үнэмлэх дээр залрах зурагтай холбоотой асуудал юм.

  Уг нь иргэний шинэчилсэн бүртгэлээр мэдээлэл цуглуулах ажлаа хийн, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ, дижитал зураг, хаяг гээд мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн билээ.

Гэвч иргэдийн олонхи нь иргэний шинэчилсэн бүртгэлийн зураг гэж ойлгосноос бус, цахим үнэмлэх дээр тавих юм гэж мэдээгүй ажээ. Иймээс манайхан л болсон хойно, хурууны хээний зураг ямар ч байсан яадаг юм гэсэн хандлагаар үсээ ч сайн самналгүй,  хайш яйш байдлаар зургаа авахуулчихсан юм байх. Тэгээд одоо иргэний үнэмлэхээ гаргаж хүнд харуулахаас ичиж байна гэх яриа мэр сэр сонсогдох болжээ.

Уг нь анхнаасаа янз бүрийн сувгаар мэдээлэл түгээн, наад зураг чинь иргэний ухаалаг үнэмлэхний зураг болох юм шүү гээд сайтар ойлгуулчихсан бол арай “гоё” дээрээ тавьж очоод зурагаа авахуулах байж л дээ. Тэгсэн бол хэний ч өмнө “ухаалаг” үнэмлэхээ гаргаж үзүүлээд нүүр бардам зогсох байсан гэлцэнэ.  

Мөн тухайн үед иргэний шинэчилсэн бүртгэлийн цэгүүдэд зураг авч байсан тоног төхөөрөмж төдийлөн чанартай бус, зураг авч байсан нөхдүүд ч чадвар, дадлын хувьд учир дутагдалтай байсан бололтой.  

Дашрамд дурдахад, энэхүү иргэний ухаалаг  үнэмлэх нь иргэн хүнийг өөрийг нь цифрүүд болгон хувиргасан электрон карт юм. Энэ үнэмлэхэн дотор суулгасан бичил электрон схем нь тухайн иргэний талаарх бүх чухал мэдээллийг агуулна. Энэхүү пластмассан электрон картыг тусгай уншигч төхөөрөмжинд оруулаад түүний эзэмшигчийн талаарх бүх мэдээллийг авч болно. Иргэний цахим үнэмлэх  доторхи бүх мэдээллийн өгөгдлүүдийг нь тэр хүний насан туршид нь баяжилт хийж тусгай өгөгдлийн санд хадгалж байх юм. Өөрөөр хэлбэл иргэн нэг бүрт тусгай нээлттэй хувийн хэрэг нээгдэж байна гэсэн үг.

Иргэний цахим үнэмлэх дээрх мэдээллүүдийг нилээн олон байгууллагууд үзэх эрхтэй гэж яригдаж байгаа. Тэгэхээр нууцлал нь хэр юм бол оо хэмээн эргэлзэх хүмүүс ч байгаа бололтой. Аливаа зүйл сайн, саар хоёр талтай гэж...

Д.Мягмарсүрэн   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top