Хэнтий аймгийн шүүгчид хууль зөрчсөн шийдвэр гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Ганбаатар, Ч.Энхээ нар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Хэнтий аймагт болсон хэрэгт шүүхийнхэн хууль бус шийдвэр гаргасан тухай мэдээллээ.

Өмгөөлөгчдийн танилцуулснаар ”С.Оюунсайхан, Д.Одонгэрэл нар нь Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу өөрсдийн портер маркийн машинаар малын мах ачиж, тээвэрлэдэг байсан. Гэтэл тэднийг мал хулгайлдаг хэмээн цагдаагийнхан сэжигтнээр татжээ. Ингээд Сум дундын анхан шатны шүүхийг н.Булган шүүгч даргалж явуулсан бөгөөд хурлын хэлэлцүүлэг эхлээгүй байхад ял тогтоочихсон тухайгаа танилцуулсан аж. Мөн шийтгүүлэх төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тодруулж эхэлсэн гэнэ. Хэргийн материал бүрдүүлэх явцад  шүүгдэгчдээс Хэнтий аймгийн малын хулгайтай тэмцэх хэлтсийн байцаагч н.Батжаргал нь мөнгө нэхсэн байна. Энэ нь ч шалгагдаж тогтоогдсон гэлээ. Иймд мөнгө өгөөгүй учраас хонзогнож шүүгч нар нь урьдчилсан шийдвэр гаргаж гэр бүлээр нь шийтгэсэн юм байна. Тодруулбал, С.Оюунсайханд 12 жил, Д.Одонгэрэлд 7 жилийн ял оноожээ. Тэд машинаараа явж махаа авдаг байсан тул малын хулгай гарсан газруудад дугуйны мөр үлдсэн аж. Харин хулгайд алдагдсан мал, хот руу ачсан малын зүс огт тохирдогггүй байна. Мөн шүүгдэгчдийн нэг нь бичиг үсэг мэддэггүй байхад өмгөөлөгчгүйгээр байцааж, байцаалтад орсон гэдэг гарын үсгийг хүчээр хоосон цаасан дээр зуруулжээ.  Ингэснээр байцаагч н.Батжаргалд цагдаагийн цолыг нь нэг шат бууруулж, дараа нь тэрээр өөрийн хүсэлтээр цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтийг хүргүүлсэн байдаг” гэлээ.   


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 258-р зүйлийн 258.1-т заасан ёсоор шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгчийн овог, нэр, төрсөн газар он сар өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газар, эрхэлсэн ажил, боловсрол мэргэжил, гэр бүлийн байдал зэргийг тодруулна гэсэн заалтыг зөрчжээ. Манай улсын шүүх тогтолцоонд шүүгчийг шийтгэх хууль байдаггүй. Харин жилийн дотор гурван хэрэгт буруу шийдвэр гаргасан бол адистатчилалд оруулна гэдэг ч оруулсан тохиолдол байдаггүй байна.

Өмгөөлөгчдийн дүгнэж буйгаар манай улсын шүүх тогтолцоонд 50-иас дээш хувийн нотлох баримттай бол ял шийтгэдэг бичигдээгүй хууль тогтсон гэлээ. Монгол улсын эрүүгийн хуульд зааснаар бол 99 хувийн нотлох баримт байсан ч нэг хувийн эргэлзээг заавал тайлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг байна. Учир нь хүний хувь заяатай холбоотой асуудлыг процентлож болохгүй хэмээн үздэг гэнэ. 

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top