Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт болсон нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Энэ долоо хоногийн Лхагва гаригт буюу 17-ны өдөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Нарны гүүр”-ийг нээлээ. Уг гүүрийг 2009 оны арваннэгдүгээр сараас эхэлж гурван жил гаруйн хугацаанд барьсан бөгөөд ирэх сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан ч нийслэлд өрнөөд буй зам засвар, шинэчлэлээс шалтгаалан 45 хоногийн өмнө ашиглалтад оруулсан юм. Төмөр зам дээгүүр холбосон энэхүү гүүрэн гарц нь 262 метр урт, хойд урд дөхөх замууд 353 метр, нийт 895 метр урт, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, 100 жилийн эдэлгээтэй, явган хүний зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж ажээ.
Монгол улсаас Эрээн хот руу 697,2 мянган зорчигч нэвтэрчээ
БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт энэ оны эхний найман сарын ажлын тайлангаа гаргажээ. Монгол Улсын талаас Эрээний хил рүү нэвтэрсэн зорчигчийн тоо 697,2 мянга болсон нь өнгөрсөн жилийн мөн үеэсээ 7,19 хувиар өссөн дүн юм. Харин хилээр буцаж гарсан хүний тоо 709,6 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 7,78 хувиар нэмэгджээ.
“Орчлон” сургуулийн сурагчдаас цусан суулгын нян илрээд байна
“Орчлон” дунд сургуулийн сурагчдаас энэ сарын 10-нд бөөлжих, толгой эргэх, халуурах, гэдэс базлах, гүйлгэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч, үдийн хоолноос хордсон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан билээ. Гэтэл тус сургуулийн сурагчид гэдэсний гоц халдварт цусан суулга өвчнөөр өвчилсөн болохыг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тогтоогоод байна.
Барилгын ажил эхлэх зөвшөөрлөө олгож эхлэхийг хүслээ
Энэ долоо хоногийн Мягмар гаригт Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, МҮХАҮТ Барилга, Дэд бүтцийн зөвлөл, МБҮЭХолбоо хамтран хууль зөрчсөн, хариуцлага алдсан компаниудад хариуцлага тооцож, жирийн төрийн механизмаа ажилд оруулж, барилгын ажил эхлэх зөвшөөрлөө олгож эхлэхийг тэд хэвлэлийн хурлаар дамжуулан хүслээ. Түүнчлэн үүнээс болж 12.800 орчим барилгачин ажилгүй болж, барилгын ажил хийтэй холбоотойгоор зээл авсан компаниудын ажил зогч зээлээ төлж чадахгүйд хүрч болзошгүй тухай холбогдох удирдлагуудад сануулаад байв.
“Төлбөрийг секундээр тооцъё” шаардлага ирэх онд хэрэгжихээр боллоо
Энэ сарын 16-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай үүрэн телефон үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагуудтай уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө үүрэн телефоны оператор компаниудад хэрэглэгчдийн ярианы төлбөрийг шударгаар тогтоож ярианы төлбөр болох мөнгөн дүнг ярьсан хугацаанд нь тохируулж унадаг болгохоор шаардлага тавьж, ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон тухай мэдээлж байсан ч уг уулзалтаар ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэв.
“Эрүүл Монгол хүн хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажлаа танилцууллаа
Эрүүл мэндийн яам “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлаа танилцууллаа. Тухайлбал, Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд судалгаа хийх, 10 мянган иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, Иргэн төвтэй, ээлтэй, итгэл даах байгууллага болох төслийн уралдаан зарлах, “Иргэний хяналтын зөвлөл” байгуулах, Эрүүл мэндийн сайд телевизийн дэлгэцээр орон нутгийн эмч мэргэжилтэн, иргэдтэй шууд ярилцдаг болох зэрэг хийж эхэлсэн болон эхлэх гэж байгаа ажлаа тайлагнасан юм.
Улсын хэмжээнд тэтгэвэрт гарч байгаа багш нарт 8-9 тэрбум шаардлагатай гэв
Боловсролын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн батлаад ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх байсан ч багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн дөрвөн чухал заалтыг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хасах гэж байна хэмээн үзэж МҮЭХ, багш нарын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж буйгаар “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн 150-160 тэрбум төгрөг шаардагдах хэмжээний 10 мянган багш тэтгэвэрт гарахгүй гэж үзэж байгаа. Ийм олон багш тэтгэвэрт гарна гэсэн судалгааг хаанаас гаргасныг мэдэхгүй байна” гэв. Тухайлбал нийслэлд 50-59 насны 1400, улсын хэмжээнд 3114 багш байдаг аж. 50 хүрсэн дөрвөн хүүхэдтэй багш, 55 хүрсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн багшийн тэтгэвэрт гарах эрх нь нээгддэг. Гэхдээ дөрвөн хүүхэдгүй багш олон байгаа хэмээн мэдэгдээд байна
Боловсролын салбарын 1969 хүн ажилтайгаа үлдлээ
Энэ оны долдугаар сарын 16-нд Сангийн сайд Д.Хаянхярваа 156 дугаар тушаал гаргаснаар хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны багш, галч, тогооч, манаач зэрэг 1969 хүн ажилгүй болоход хүрээд байсан ч БШУ-ны сайд Л.Гантөмөр сайдын саналыг судлаж үзээд Сангийн яам дээрх тооны ажилчдыг цомхтгохооргүй болсон байна.
Цахилгааны хязгаарлалт хийж байна
Зургаан буудал, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлбэ, Дамбадаржаагийн гэр хороолол болон Салхит, Зуун мод, Ар Согоот, Яргайт, Яргайтын богино, Шаргаморьт, Майхантолгой, Гүнт,Баянбулаг, Санзай, Хуурай мухар, Ойн булаг, Хандгайт зэрэг зуслангийн нийт хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, өвлийн ачааллыг даван туулах зорилгоор “Хайлааст” дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдсан газруудад өчигдрөөс эхлэн цахилгааны хязгаарлалт хийх ажээ. Энэ сарын 24-нийг хүртэл өдөр бүр нэг цагийн хугацаатайгаар дөрвөн удаа цахилгааны хязгаарлалт хийгдэх юм.
956 иргэнээр цэргийн дүйцүүлэх алба хаалгаж, 284,4 сая төгрөгийг тушаажээ
Өчигдөр 2012 оны 2-р ээлжийн цэрэг татлага эхэлж, Нийслэлийн хэмжээнд уг ээлжинд хамрагдах 20 915 иргэн байгаагаас 19 319 иргэнд буюу 93,4 хувьд нь төрийн нэрийн өмнөөс цэргийн жинхэнэ албанд татах “Зарлан дуудах хуудас” тараажээ. Нийслэлийн цэргийн штабаас "Цэрэг татлага гэж нэрлээд байгаа болохоос манай дүүргүүдийн цэрэг татлагын товчоод цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт оруулах, хууль тогтоомж сурталчлах, цэргийн жинхэнэ албаны татлага зохион байгуулах, гэрээт цэргийн болон дүйцүүлэх алба хаалгах ажлыг хийж байгаа юм.
Мөн эхний ээлжийн цэрэг татлагад шалтгаантай болон шалтгаангүйгээр ирээгүй иргэдтэй уулзаж, таниулан ухуулах болон захиргааны хариуцлагын арга хэмжээг 100 хувь авсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 956 иргэнээр цэргийн дүйцүүлэх алба хаалгаж, 284,4 сая төгрөгийг тушаажээ.
Нийтийн тээврийн автобусны кондукторууд тасалбараа өгөхгүй бол мөнгөө төлөхгүй байж болно
Нийслэлийн нийтийн тээврийн газраас том оврын автобус болон микроавтобусны кондукторууд тасалбараа өгөхгүй бол үйлчлүүлэгчид мөнгөө төлөхгүй байж болохоор боллоо. Учир нь Авто тээврийн тухай хуулийн 12.4 дэх заалтад зорчигчдод тасалбар өгөхгүй хэрнээ мөнгө нэхэж байгаа кондуктор байвал иргэн та нийслэлийн Нийтийн тээврийн газрын 326352, 321490 дугаарын утсанд мэдэгдэхээс гадна өөрийн биеэр тус газарт ирж гомдлоо хэлж, арга хэмжээ авхуулж болох гэнэ.
Экспорт буурч, импорт өсчээ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр манай улс энэ оны эхний есөн сард 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8477.4 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3231.6 сая ам.доллар, импорт 5245.8 сая ам.долларт хүрсэн юм байна. Харин гадаад худалдааны тэнцэл 2014.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 45.3 хувиар өсчээ. Экспортын 98.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт болон хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий, боловсруулсан арьс шир, ангийн үс, түүгээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлжээ.
Архи, тамхины үнэ нэмэгдсэн нь инфляци өсөхөд нөлөөлжээ
Инфляци есдүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, жилийн өмнөхөөс 14.8 хувиар өссөн байна. Үүнд согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 39.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Учир нь өнгөрсөн есдүгээр сараас тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэх тухай УИХ-ын шийдвэр гарснаар үйлдвэрлэгчид үнээ нэмсэн нь инфляцид ийнхүү нөлөөлсөн аж.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )