Туул голыг хятадууд ихээр бохирдуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

УИХ-ын гишүүн Г.Уянга болон УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар байгуулагдсан “Ногоон” бүлгээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад ирүүлсэн хүсэлтийн дагуу болон “Байгаль орчныг хамгаалах тухай “ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хог хаягдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн ажилд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Уянга, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газрын мэргэжилтнүүд орж ажилласан юм.

Шалгалтын эхний өдөр ажлын хэсгийнхэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ви Си”, “Монфияа” зэрэг компаниудаар орж, ноос угаах үйлдвэрүүдэд шалгалт хийлээ.

Ноос, ноолуур угаах үйлдвэрүүд арьс ширний үйлдвэрүүдээс ноосоо авдаг. Ингэхдээ хүхрийн хүчил, сульфит, хром зэрэг химийн бодис их хэмжээгээр агуулсан бодисоор зумалсан ноос авдаг байна. Үүнийгээ ундны цэвэр усаар угааж, бохир усаа ямар нэгэн цэвэршүүлэлт хийлгүйгээр Туул голын усанд шууд нийлүүлдэг байна. Иргэдийн дунд арьс ширний үйлдвэрийн бохир ус Туул голыг бохирдуулдаг гэсэн ташаа ойлголт байдаг бол үнэн хэрэгтээ ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд ундны усыг ихээр бохирдуулдаг гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, “Ви Си” ХХК-ний менежер Д.Цогтбаатар манай үйлдвэрт ус цэвэршүүлэх байгууламж байгаа гэх боловч угтаа энэ нь шаардлага хангахгүйгээр барахгүй ус цэвэршүүлэх биш ноос угаасан уснаас хог шороо, мод цаас  мэтийн том хэмжээтэй ахуйн хаягдлыг шүүдэг байгууламж байлаа.

 “Монфияа” хэмээх  Хятадын хөрөнгө оруулалттай компаний үйл ажиллагаа явуулах эрхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түр зогсоосон байсан ч ажиллаж байсан. Ажлын хэсгийнхнийг очих үеэр үйлдвэрийг хариуцаж байгаа хүн байсангүй. Мөн ноос ялгагч ажилчдад хөдөлмөр хамгааллын амны хаалт, бээлий, хувцас хэрэглэл байхгүй. Химийн хортой бодисоор зумалсан ноосыг гадаа хүйтэнд ялгаж байсан. Ажлын хөлсөө хийснээрээ авна. Нэг машин ноосыг 80 мянган төгрөгөөр ялгадаг, хэдэн ч хүн ажиллаж болдог гэлээ. Одоогоор ноос ялгагч зургаан эмэгтэй байлаа. Сардаа 500-800 мянган төгрөгний цалин авдаг байна. Ажилчид энэ цалиндаа сэтгэл хангалуун байдаг гэдгээ ч нуусангүй. Ю.Жавзан, “Бид төрөөс зүгээр мөнгө нэхээгүй, Хятадуудыг өмгөөлж байгаа юм биш, гэхдээ амьдралаа залгуулахад нэмэр болж байна. Хортой гэдгийг мэддэг. Гадуур өөр ажил хайхаар нас харгалздаг, дээр нь хөдөөний бичиг баримттай иргэдэд ажил олдоно гэж найдалтгүй болсон” хэмээн ярьж байв.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Болдхуягын мэдээлснээр эдгээр ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд хяргасан ноос угаана гэж зөвшөөрлөө авсан байна. Гэтэл арьс ширний үйлдвэрээс хүхэр агуулсан ноос авч, боловсруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хэрвээ техник технологи, түүхий эдийн нөхцөл  өөрчлөгдөж байгаа бол заавал дахин үнэлгээ хийлгэх ёстой байдаг юм байна.

Үүний дараа ажлын хэсгийнхэн Харгиа цэвэрлэх байгууламж буюу  Урьдчилан цэвэрлэх байгууламж Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энд усыг механик болон химийн цэвэрлэгээгээр цэвэрлэж, төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг байна. 13 аж ахуй нэгж, 28 арьс ширний үйлдвэрээс эднийд бохир усаа нийлүүлж, урьдчилсан цэвэрлэгээг хийдэг байна. Ноос ноолуур угаах үйлдвэрүүдийн нэг нь ч Харгиа цэвэрлэх байгууламжаар дамждаггүйг тус газрын дарга хэлж байсан.  Төв цэвэрлэх байгууламжийн усны  5-10 хувийг энэ байгууламжаар цэвэршүүлдэг байна. 13000 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Улирлын байдлаас шалтгаалан одоогоор дунджаар 5000 шоо метр ус цэвэршүүлж байгаа аж.

2011-2020 он хүртэл “Аж үйлдвэр, технологийн парк, шинэ суурьшлын бүс” байгуулах стратеги төлөвлөгөө батлагдсан байна. Энэхүү шинэ суурьшлын бүсийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөжээ. Жилд 6,5 сая ширхэг арьс шир, 20 мянган тонн ноос, 7 мянган тонн ноолуур, 350 мянган ширхэг адууны дэл, сүүл зэрэг дайвар бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт хийх хүчин чадалтай, 6000 орчим хүн ажиллаж, амьдрах  боломжтой аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар тусгасан байна. Мөн хоногт 25 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 103 мвт хүчин чадалтай дулааны станц барих төлөвлөгөө гаргажээ.

Тус шалгалт хийх ажлын хэсгийнхэн гурав хоногийн хугацаанд 20 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийнэ. Шаардлага хангахгүй байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хаах, хатуу хариуцлага тооцдог болох механизмийг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэдэгт  ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top