Өгүүллэг: Цайны дээж

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

 Аяганы дөрвөлж тойрон, гурван өвгөн даалуу “нүдэж” сууна. Өрөөсөн ханцуйгаа сугалдаргалсан тэнхээлэг өвгөн:

“Би хүн

Наадах чинь мод

Орон битгий нураачих

Охин битгий цодойлгочих

Дураа цааш нь

Духаа нааш нь Гозгор толгой гоохолзоно

Говийн хүүхэн шоохолзоно. Өгч бай гэв. Хажууд нь суусан чогчгор бор өвгөн:

-Вуа лүд! Бас алдчихлаа. Мод харчихаж гээд даалуу холив. Жараад насны тарган шар авгай тогоо нэрж, уур савсуулан, гэрээр нэг манан татуулна. Өнөөх чогжгор өвгөн:

-Хоёр усаар л аваарай. Битгий сулбайсан юм болгочихоорой гэвэл тарган шар авгай:

-Танд сувс ч бай, архи ч бай, дотроо халааж л байвал барав! Гээд ширэв татав.

-Би яах вэ? Энэ улсад гэхэд өнөө тэнхээлэг өвгөн:

-Аа нээрээ золтой л мартчихсангүй гээд эргэж ганзгалгаанаас аа гожгор шилтэй архи гаргаж, дээр өргөөд, баяртайгаар:

-Хүү өгсөн юм. Хотын идээ гэлээ. Шээхгэр нүдтэй шар өвгөн:

-Үгүй Балдаан, чи чинь хотод өвөлжих юм болсон чинь яалаа. Долоо хонолгүй буцаад ирдэг.

Балдан:

-Тэр хот гэдэг чинь мань мэтийн хөдөөний хөгшчүүлийн амждаг газар биш байнаа. Хүү, бэр хоёр өглөөн нарнаар хуйхад хөөгдсөн юм шиг нялх хүүхдээ нойрмог дагуулаад л яарч… сандраад л гарах, орой худалч хүнд шөнө хагаслаж ирээд, аяга хоол идэв үү, үгүй юу л хэвтээд өгөх. Нэг л яаруу давчуу улс. Яаж ажил нь амждаг юм бол доо, хөөрхий. Уг нь тэр байшин гэдэг ч сайхан орон юм. Дулаахан, хийх ч юм байхгүй гэвэл чогжгор бор өвгөн:

-Нөгөө өндрүүдийн нэг үү? Чи тэгээд хэдэн давхарт байв даа?

-Би гэдэг чинь тэртээ дээр тэнгэрт. Орвол гарахын янзгүй, гарвал орохын янзгүй. Лип ч билүү, бип ч билүү нэг хөөрдөг хайрцагтай. Тэрнийх нь хонооп моноопных нь учрыг олохгүй болохоороо энэ муу хоёр зээрдээрээ” л майжганачихна. За даа, шатан дээр хоёр удаа сууж хөлөө амраагаад энэ муу мод толгойгоо хэд сайн угзарч аваад л алхчихна. Тэгээд л хүүгийндээ хүрнэ дээ. Залуу байхад хол явахсан гэж байж сууж чаддаггүй сэн. Үхэх нь дөхсөн юм байлгүй. Нутгаа санаад горьгүй гээд хамар луугаа тамхи чихэхэд шээхгэр шар өвгөн нүдээ онийлгон их л доогтойгоор:

-Ээ мэдэхгүй, чи ч нутгаа санаа болов уу, Хадатын өвөлжөөний шар чавганцыг санаа болов уу гэж шоолов. Балдан:

-Санасан ч яадаг юм. Өтөлсөн болохоос үхсэн биш гэхэд шээхгэр шар,

-Тэгнээ тэр, Балдан шар сэмжилсэн гэнэ лээ гэж авгай хүүхнүүд жиг жуг гэлцээд байсан юм. Үнэн байх нь ха ха ха хэмээн улаан амаа ангайлган хөхрөнө.

Маргааш өглөө нь Балдан хотоос хэрэг болгож авсан дээлийн ганц торгоо өвөртлөн Хадатын өвөлжөө рүү мордлоо. Төрж өссөн нутгийнх нь жаварлаг ч гэсэн эрүүл салхи энгэр заамаар сэнгэнэж, морины нь дэл халуун амьсгаанд нь цантан цаанаа л нэг таатай. Балдан амандаа ямар нэг дуу аялж явснаа:

-Алтан богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ.

Алтан гургалдайн жиргээнд

Агт морьд нь сульданаа гэж… Ийм сайхан нутагт хэний сэтгэл хоргодохгүй байхав дээ. Нутгаа ингэтлээ санах юм гэж бодсонгүй хэмээн намуухан үглээд “Үүнээс хойш хот орно, энэ тэр гэж ярихаа ч, бодохоо ч больё. Эндээ үхье. Хүүхдүүд амралтаараа ирвэл ирнэ л биз, үгүй бол тэр л биз. Балдан өвгөн ядарсан ч үр хүүхэддээ яршиг удахгүй ээ. Нутгийнхаа сайхан, олныхоо буянд жаргаж яваад нүд анина. Ач нараа санах л гэж гайгүй гачлан бий дээ” гэж бодлоо.

Тэртээ Хадатын өвөлжөөн дэх ганц гэрийн яндангаар утаа суунаглахыг хараад, өврөө тэмтэрч үзэв. “Хөөрхий дөө, өтөлсөн ч гэсэн бүсгүй заяатай юм хойно эр хүний нөмөр түшиг үгүйлдэг л байлгүй яав гэж. Би гэж дүүрчихсэн толгой, ядахдаа хэлэлгүй явчихдаг. Гомдсон байхдаа хөөрхий. Хэдэн хүүхэд нь манай өнөөхтэй адил эхийгээ харна гэж байхгүй. Хүний өөрийн хүүхэд ялгаа алга гэж голсхийн бодсоноо морио чөхлөн хатируулав.

Балдан уяан дээр бууж, морио уяад гэрт орлоо.

-Амар сайн байв уу? гэж мэндлэхэд Долгор авгай:

-Сайн, та сайн явж ирэв үү? Хүүхдүүд минь мэнд сайн биз дээ. Дээшээ суу гэлээ. Балдан гэрийн баруугаар дээшилж, баганын хойно суув. Долгор нэг л ондоо болчихсон, хулгасан янзтай үг хэл нь түгдчээд… Балдан гайхасхийн харж, өвөлжөө бууц, мал хуйн тухай асууж суув. Тийм гэхийн янзгүй нэг л биш. Балдан авчирсан торгоо өврөөсөө гаргаж:

-Энийг чамд гэвэл, Долгор их л хүндэтгэлтэйгээр хоёр гардан авч:

-Гялайлаа! гээд ор луугаа эргэв. Балдан, Долгорын толгойдоо зангидсан алчуурын дороос үсий нь хуссан хуйх цухуйсныг хараад:

-Үгүй чи чинь наад толгой тархиа яачихав гэж асуухад Долгор хэсэг тулгамдсанаа, ууртай цайгаа авч нүдэх зуураа:

-Хүүхдүүдээ бодож үлдсэн хэдэн насаа нүгэл багатай өнгөрөв юу л гэсэн юм. Би сахил хүртчихсэн гэж шийдмэг өнгөөр хэллээ. Балдангийн царай хувьсхийн цайж, дуугүй болсноо:

-За яахав. Өсөх насгүй, сунах шүдгүй болсон ч амьд сажлах хоног үлдсэн бол аяга цайгаа хувааж ууя уу л гэж  бодсон юм. Буянаараа болог гээд уурандаа ухасхийн гарав. Балдан мориныхоо цулбуурыг шувт татаж мордоод эргэж ч харалгүй хэсэг шоглууллаа. Юу ч бодолгүй явснаа, хэнд ч юунд ч юм учиргүй гомдож, мориныхоо амыг татан, дэлэнд нь нүүрээ наан хэнгэнэтэл уйллаа. Ер залуу зандан насандаа ч хэн нэгэнд ингэтлээ гомдож явсан ч билүү, үгүй ч билүү.

Тэртээ саахалтын зай үлдсэн гэрийн гадаа Долгор чавганц Балдангийн хойноос цайныхаа дээжийг өргөж зогслоо.

                               Ц.Түмэнбаяр 1993 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top