Х.Эрдэнэбаатар: Залуу хүн бүрийг хөлдөө чирдэг зүйл бол яруу найраг

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Уншигч танаа Ховд аймгийн хөх уулсын дундаас төрсөн Хөөдэйн Эрдэнэбаатартай уулзуулж байна. Түүнийг “Болор цом-27” наадмын тэргүүн байрыг хүртсэн одтой залуу гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрбээр нутагтаа ажиллаж, амьдарч байгаа бөгөөд саяхан үзэг нэгт анд Ц.Бавуудоржийгоо Төрийн соёрхол хүртлээ гэхэд нь баяр хүргэх гэж мөнгөн цагаан хүлэг хөлөглөн ирээд байгаа аж.

-Бавуу ах төрийн хүндэт цол хүртлээ. Тэ хэзээ мэдэв?

-Бид чинь нэг үеийнх болохоор мэдсэн нь мэдээгүйдээ утсаар мэдэгдсэн. Би маш их баярлаж байна. Бавуу энэ шагналыг авах хүн мөн.

-Таны уран бүтээлийн олз омог арвин биз дээ?

- Уран бүтээлийн хувьд арвин байгаа. Байнга л үзэг цаас хоёр ноцолдуулж суудаг болохоор нэлээд хэдэн шинэ шүлэгтэй болсон. Бидний үеийнхэн уран бүтээлийнхээ зэрэгцээ давхар ажил хийдэг байсан бол одоо уран бүтээл нэгт тавигдаж байна. Яагаад гэвэл ард түмэн надад “Болор цом”-ын эзэн хэмээх нэр алдар харамгүй хайрласан болохоор чанартай уран бүтээл хийх нь миний зорилго болсон. Цомын эзэн болсны дараа жил нутагтаа яруу найргийн цэнгүүн хийсэн. Орон нутагт болж байгаагүй том цэнгүүн болсон. Гэхдээ залуу нас шигээ хайр дурлалын тухай шүлэг бичиж суух цаг өнгөрчээ. Тиймээс яруу найргийн томоохон хэмжээний бүтээл туурвих хэрэгтэй болохоор тэр тал руу илүү анхаарч байна даа.

-Тийм ээ. Таны хэлсэнчлэн яруу найргийн томоохон хэмжээний уран бүтээл манай улсад ховордоод байх шиг. Залуучууд ч шүлгэнд их дурладаг боллоо. Тэд таны хувьд ямар түвшинд явж байна вэ?

-Томоохон хэмжээний яруу найргийг манайхан бичиж чадахгүй байгаа болохоор ард түмэн тэр л бүтээлийг хүлээгээд байгаа юм. Энэ бол гашуун ч гэсэн үнэн үг. Залуучуудын хувьд олон арван шүлэг бичээд л явж байна. Үүнийг би муу гэж үздэггүй. Олон залуусаас чанартай уран бүтээл гарч ирнэ. Тиймээс хэн нь уран бүтээлтэйгээ үлдэх вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Яг одоо тэр нь сайн шүлэгтэй юм байна гэж нэрлэх боломжгүй л дээ. Шуудхан хэлэхэд дурласан хүн бүр шүлэг бичихийг хүсдэг шиг залуу хүн бүрийг хөлдөө чирдэг зүйл чинь яруу найраг шүү дээ.

 -Та шүлгээ ихэвчлэн пост реализм талдаа бичсэн байдаг. Ер нь изм-д хэр хамааруулдаг вэ?

-Ямар нэгэн изм-д хамааруулах дургүй. Судлаачид миний шүлгийг реализмд хамааруулсан ч би түүнийг нь нэг их тоодоггүй юм. Би өөрийнхөөрөө л бичдэг.

-Манай залуучууд яруу найргийн наадамд оролцохдоо шүүгч нараас нь шалтгаалж унших шүлгээ сонгодог болжээ. Ингэж шүүгчдээсээ хамааралтай байх нь зөв үү?

-Бяруу болоогүй байж бухын баасаар баана гэдэг шиг дөнгөж шүлэг гэдэг зүйлийг таних гэж байж шүүгчдээс хамаарч шүлэг бичнэ гэдэг утгагүй асуудал. Миний үеийнхэн ганц ч удаа шүүгчидтэй харьцаж наадамд оролцож байгаагүй. Ийм хүн бол яруу найрагч биш. Шүүгчтэй биш, шүлэгтэйгээ л харьцах ёстой.

 -Таныг “Болор цом”-ын эзэн болсноос хойш тухтай уулзаагүй юм байна. Ингэхэд “Болор цом”-ын эзэн болоход тань танай нутгийнхан хэрхэн хүлээж авав?

-Сайхан хүлээж авсан. Эрийн гурван наадам үздэг шигээ “Болор цом”-оо үзэж, нийт Ховдчууд үнэхээр их баярласан. Хотын төвд байраар шагнасан. Мөн зузаан хавтастай ном 1000 ширхгийг хэвлэж өгөх зэрэг урамшуулал үзүүлсэн. Сэтгэлээс гаршгүй сайхан үгээр угтаж байсанд нь одоо болтол баярлаж явдаг юм.

-“Болор цом” хэмээх энэхүү нэр хүндтэй наадмын эзэн болсноор таны амьдралд болон эргэн тойронд юу өөрчлөгдөв?

-Илүү баян цатгалан болчихсон биш, би гэдэг хүн чигээрээ л үлдсэн. Тиймээс надад өөрчлөгдсөн юм байхгүй.

-Одоогоор та нутгаасаа төрсөн “Болор цом”-ын ганц эзэн. Таныг энэ шагналаар өргөмжлөгдсөний дараа танай нутгийн залуучууд шүлэг бичих нь ихэссэн болов уу?

-Олимпийн аваргатай болсны дараа залуучууд баар руу биш спортын ордон руу явдаг боллоо гэсэн үг гарсан байх аа. Үүний адил нутгаас нь “Болор цом”-ын эзэн төрсөн болохоор тийм зүйл анзаарагдсан.

-Таныг түрүүлэхэд хүмүүс янз бүрээр ярьж байсан. Та тэр яриануудыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би анзаараагүй ээ. Унших ёстой шүлгээ уншаад л түрүүлсэн. Хэн нь шүүхийг мэдээгүй, нутгаасаа ирээд л оролцсон. Нэмж хэлэхэд одоо аравдугаар ангиа төгсч байгаа хүүхэд ардын уран зохиолч хоёр ялгагдахгүй болсон байна. Үүнийг энгийн иргэдийг төөрөгдүүлж байгаа нэгэн хүчил зүйл гэж боддог шүү.

-Таны үеийн яруу найрагчдаас хэн нь таны гол өрсөлдөгч байв?

-Бүгд л өрсөлдөгч дөө. Гэхдээ онцолбол Б.Галсансүх, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ц.Хулан, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир нарыг нэрлэнэ.

-Танд этгээд гэмээр сонин асуулт тавья. Хөдөө газар явж байтал чинь дэндүү тансаг шүлгийн санаа сэтгэлд тань буулаа. Гэтэл бал цаас олдохгүй байвал та яах вэ?

-Ёстой сонин асуулт байна. Ийм үе олон тохиолддог. Бараг бүх яруу найрагч энэ зовлонг мэдэрсэн байх. Ганцаараа байгальтай нэгдээд явж байхдаа хамгийн торгон агшныг мэдэрдэг. Хаанаас ч хайсан үзэг, цаас олдохгүй юм чинь тэр үед ганц ч сайхан мөрийг нь цээжлээд үлдэхийг хичээнэ дээ.

-Та шүлгийн санаагаа ихэвчлэн юунаас ургуулдаг вэ?

-Хайраас. Миний шүлгийн 80 хувь нь хайрын тухай байдаг. Одооноос би орчлон ертөнцийн тухай бичихийг хүсч байна.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ. Мөн гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-“Цагаан уул цогцолбор” хэмээх нийгмийн салбарт зохион байгуулагчаар ажилладаг. Гэр бүлийн хүн маань Жаргалант сумандаа нийгмийн ажилтан. Гурван охинтой ийм л айл даа.  

-Та дээхнэ “Миний бодолд хур буусан үед шүлгээ бичдэг” гэж хэлж байсан. Тэгвэл таны бодолд хэзээ хур буудаг вэ?

-Намар цагаар л хур буудаг даа. Навчис салхи хөлөглөн жингүйдсээр хөрсөн дээр зөөлөн буух агшин сайхан харагддаг шүү. Мөн уулсын оройд будан суусан байхыг харах үнэхээр сайхан. Нэг л зөөлөн гуниг шивнээд байгаа ч юм шиг. Тэгээд ч би шүлгэндээ анализ хийж үзсэн чинь 80 хувь нь намар цагаар бичигдсэн байдаг юм билээ.

-Урын сандаа хэчнээн шүлэгтэй байна вэ?

-Нарийн тоолж үзээгүй. Багцаагаар 2000 гаруй бий. Ноорог шүлгүүд үүнд ороогүй.

-Та хамгийн сүүлд юуны тухай шүлэг бичсэн бэ?

-Сайн санахгүй байна. Дэвтэр дээр л байгаа.

-Та “Урианхайн хөх уулс” шүлгээрээ төрийн шагналд нэр дэвшиж байсан байх аа?

-Утга зохиолын сангаас миний дээрх шүлгийг нэр дэвшүүлсэн юм. Гэхдээ нэр дэвшихдээ гол биш хүнд хүрсэн нь чухал. Х.Эрдэнэбаатар гэхээсээ илүү энэ шүлгээр минь нэрлэх ч юм уу миний имижийг тодорхойлсон шүлэг. Намайг ямархуу яруу найрагч вэ гэдгийг энэ шүлэг тодорхойлно.

-Та дууны шүлгийг их шүүмжилдэг шүү дээ. Манай дууны яруу найраг бичиж байгаа найрагчид танд хэр чадвартай санагддаг вэ. Бас та дууны шүлэг бичих гэж оролцож байсан уу?

-Хүүхэд байхдаа оролдож байсан. Гэхдээ миний шүлэг дуу болж болохгүй юм билээ. Миний бодлоор дууны яруу найраг гэдэг бүтээл одоо үнэхээр байхгүй болжээ. Ая нь л шүлгээ авч явж байна. Ахмад яруу найрагчид шиг жинхэнэ дууны шүлэг бичиж байгаа хүн алга. Одооны дуунуудыг дуулахаас санаа зовдог. Нуруугаар хүйт даах шиг болдог юм.

-Тэгвэл та дуулах дуртай бүх дуугаа нэрлээч?

-Ардын бүх дууг нэрлэнэ.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болдбаатар(103.9.90.228) 2025 оны 03 сарын 13

Хүний шүлэг хулгайлж уншдаг байж олон юм ярих гэж дээ. Өөрөө мэдэх байх гээд

1  |  0
Top