Хороодыг шинэчилье

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Монгол улс Азийн бас нэг бар улс болохыг хэн үгүйсгэх вэ гэж маш олон жил мөрөөдөв. Харамсалтай нь бидний хоосон ярьж, залхуурч хэвтэх нь арай л дэндэж бар байтугай бамбар улс ч болж чадсангүй. Үүнтэй ч олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Дээр нь УИХ дахь 76, Засгийн газрын танхимынхан гээд хэдэн нөхөд л өнгөрсөн хугацаанд улс орноо хөгжүүлэх гээд баахан оролдож. Харамсалтай нь улс орон хөгжих бус уруудаад байдаг. Тэд хамтдаа явсан мөрөө эргээд хартал, улс оронд жирийн иргэд байдгийг умартчихаж. Тэгээд л улс орны хөгжлийн гол тулгуур нь иргэд юм шүү, тэдний оролцоо, үнэн үг төрд үгүйлэгдэж байна. Төр дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрд тавих хяналтыг нь сайжруулах тухай ярих боллоо. Шинэчлэлийн Засгийн газрынхан “Шууд ардчилал”-аа ч хаа сайгүй түгээж, төрийн дээр хөх тэнгэр бус иргэн байх ёстой хэмээн тунхаглаж байна. Үнэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн төр дэх оролцоо, хяналт гэж Монгол улсад байсангүй. Тиймээс ёстой л загтнасан газар маажих шиг болж, төрдөө хаягдсан Монгол хүний үнэ цэнэ нэмэгдэх нь хэмээн иргэд ч сайшаан хүлээн авлаа. Нөгөө талаас Азийн бар улс болно гэдэг шиг хоосон яриа төдий зүйл биш байгаасай гэсэн болгоомжлол төрөөд болдоггүй. Өнөөдөр жирийн иргэн амьдран суудаг хорооныхоо санхүүгийн тайлантай танилцъя гэвэл үзүүлчих Засаг дарга байх болов уу. Шинээр тавигдсан замууд нь ганц борооны ая даадаггүй. Замын мөнгө хэрхэн зарцуулагдав гэсэн тооцоо жирийн нэгэнд олдохгүй хэвээр. Засгийн газрын тэтгэлгээр дандаа л томчуудын хүүхдүүд сурдаг гээд жирийн иргэнд хаалттай зүйл дэндүү олон. Үүнийг эвдэе гэж байгаа нь сайн хэрэг. Харин яаж гэдэг асуудал нь дэндүү бүрхэг байгаад байна. Тодруулж хэлэхэд жирийн иргэд нь төрд хяналтаа яаж тавих вэ гэдэг ч тодорхой бус. Дээр нь төр засгийнхан нь яаж хэрэгжүүлэх арга барилаа олохгүй байна уу гэх бодол төрөөд болдоггүй. Нийслэлийн хороо бүрт иргэний танхим байгуулахаар болж байна. Зөв ч нэг зүйлийг өөрчлөхгүй бол танхим байгуулаад ч нэмэр алга. Өнөөдөр хороонд Иргэдийн нийтийн хурал гэсэн нэр төдийхөн байгууллага байнаа. Хорооны Засаг даргын ажилд иргэдийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй тус байгууллага Засаг даргын харцаар хөдөлдөг болж. Юун иргэдийн дуу хоолой болох харин ч засаг ноёнтойгоо нийлээд “хор” гэгчийг найруулан суудаг алба болж хувирсан нь нууц биш.  Засаг дарга гэж харцаараа иргэдийг айлгасан, халдахад бэрх нэгэн байх нь олонтаа. Хорооны Засаг дарга хоёр нийгмийн ажилтантай. Нэг нь хөгжлийн, нөгөө халамжийн асуудал хариуцдаг. Саяхан нэгэн хороонд нийгмийн хоёр ажилтан хоорондоо нэлээд ширүүхэн маргалдсан тохиолдол гарсан нь олныг гайшруулжээ. Хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан иргэдийн дунд судалгаа хийх үүрэгтэй. Халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны тухайд багагүй “ашиг орлого”-той гэнэ. Ядахад халамж хүртэх гэсэн  иргэд чихэр, жимснээс эхлээд жаал жуулхан зүйлийг нийгмийн ажилтандаа өгчихдөг нь гэм биш зан. Тийм болохоор нөгөө нийгмийн ажилтан нь  “би дандаа л гэр хорооллын харанхуй гудамжаар явган явж, судалгаа хийх ёстой юм уу. Халамж, судалгаагаа хамтдаа хийнэ” гэснээс бол бөөн хэрүүл мандсан юмсанж. Дээр нь хорооны хамгийн доод шат нь хэсгийн ахлагчид. Амьдрал ядууханыг  бас нам харгалзаж хэсгийн ахлагч нарыг сонгоно. Тэд хорооны Засаг даргын “зарц” л гэсэн үг. Цаг наргүй ажиллана. Өвлийн хүйтэн, зуны халуун гэхгүй гудамжаар айлын хаалга тогшино. Сардаа зуун мянга гаруйхан төгрөг авна. Хорооны хүнд хүчир ажлыг амжуулдагийг нь бодох юм бол тун ч өрөвдмөөр улс. Нөгөө талаас бас хамгийн их “хор” найруулагчид нь хэсгийн ахлагч нар. Хорооны Иргэдийн нийтийн хурал боллоо гэхэд хурлыг товыг зөвхөн хорооны Засаг даргын харъяалагддаг намын гишүүдэд хүргэнэ. Хэт намчирхсан хэсгийн ахлагч нар хэнийг хуралд суулгахаа андахгүй. Хурал ч  болдгоороо болно. Хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын сэтгэлд нийцсэн шийдвэр гарах нь гарцаагүй. Үүний цаана намын бодлого гэгч нь ил байна. Гарсан шийдвэрүүд нь жирийн иргэнд нэг их хүртээлгүй. За тэгээд халамж, төсөл хөтөлбөрт хэн хамрагдах вэ. Хэсгийн ахлагч мөн л мэднэ. Өөрийн намын нөхрийг хамруулна. Тэгэхээр хорооны бүтэц орон тоог нэрнээс нь эхлээд өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Хэсгийн ахлагчид бүгд нийгмийн ажилтан баймаар санагдах юм. Хороо гэдэг бүтэц аль нэг намын харъяанд, тэдний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байх ёсгүй. Иргэдэд хамгийн ойр нь хороо. Үнэхээр л төр дэх иргэний оролцоог нэмэгдүүлье гэж байгаа бол хорооны бүтцийг намын харъяалалгүй болгох хэрэгтэй бус уу. Дээр нь хэсгийн ахлагч нарыг сургаж, мэргэшүүлье, тэд бүгд нийгмийн ажилтны дайтай мэдлэг мэдээлэлтэй ажиллах хэрэгтэй. Иргэдийн хамгийн сайн зөвлөгч нь хэсгийн ахлагч нар байх учиртай. Нэг ёсондоо төр,  иргэн хоёрыг холбох  гүүр нь тэд.  Гэтэл бодит байдал дээр хэт намчирхсан. Дээр нь тэр айл тэдэн машинтай, тийм ч эд хөрөнгөтэй чинээлэг айл гэж ярих ам султай нэгнээс болж хулгай орох тохиолдол байдаг гэнэ лээ. Хэсгийн ахлагч гэдэг иргэдэд мэдээлэл дамжуулахаас гадна тухайн өрхтэй холбоотой мэдээллийг нууцлах үүрэгтэй баймаарсан. Тиймээс хэсгийн ахлагч нарыг иргэд өөрсдөө сонгодог байя. Эсвэл сонгон шалгаруулалтаар ажилд авъя. Мөн хорооны Иргэдийн нийтийн хурал нь ажилласан шиг ажиллаж, хурлын даргыг тухайн хорооноосоо сонгох гээд иргэдийн өөрсдийнх нь шийдэж болох асуудлууд байж л байна. Түүнчлэн доод шатнаасаа эхлээд төр дэх иргэдийн оролцооны талаар ямар  ч ойлголт, мэдээлэлгүй хүмүүс хороодод ажилласаар л байх уу. Энэ талын мэдлэггүй хүн төр засгийн засгийн тавиад байгаа зорилтыг хэрэгжүүлж чадна гэж үү. Хүний төлөвшсөн сэтгэхүйг өөрчлөнө гэдэг амаргүй. Гэхдээ хийх л хэрэгтэй.  Иргэдийн ухамсрыг өөрчилж болдгийг харуулсан тодхон жишээ хороодын хажууханд байна. Хаа холоос бус дэргэд байгаа бодит жишээнээс иргэдийн оролцоо гэдэг ямар хүчтэй зүйл болохыг харж болох бус уу.  2005 оноос  зарим хороонд Иргэдийн бүлэг ажиллаж эхэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд ийм бүлэг одоо 60 гаруй ажиллаж байгаа. Явган хүний зам, сагсны талбай, амралтын цэг гээд тэдний хийсэн бүтээснийг дурдах илүүц биз. Хамгийн гол нь хэн нэгний шахалтаар бус өөрсдийн хүсэл тэмүүллээр нэгдэж,  бүтээлч хамт олон болж чадсанд учир байгаа юм. Бүлгийн иргэд хэнээр ч гуйлгахгүй уулзалдана. Хийх ажил, алдаа оноогоо нийлж ярилцана. Саяхан л гэхэд тэд Чингэлтэй дүүргийн гэр хороолол дахь Иргэний хөгжлийн төвд уулзаж, болж байгаа болон цаашид хийх ажлаа ярилцана лээ. Гэр хороололд өөрсдөө амьдардаг,аливаа бэрхшээлтэй асуудлуудаа мэддэг учраас хамгийн зөв шийдвэрийг тэд гаргадаг. Нэг ёсондоо амьдралд ойр, үнэнийг тэд  л ярина. Гарах гарцаа ч өөрсдөө олно.  Ер нь хорооны Засаг даргын ажлын албанд Иргэдийн бүлэг шиг уур амьсгал, бүтээлч байдал үгүйлэгдэж байдаг нь үнэн. Тиймээс Иргэдийн бүлгүүдийн хуримтлуулсан бэлээхэн туршлагыг яагаад хороодод нэвтрүүлж болохгүй гэж. Тэртэй тэргүй хороонд Иргэний танхим байгуулах нь тодорхой болсон асуудал. Тэгээд ч иргэдийн оролцоо гэж ярьдаг ч хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг дээр гацчихаад байгаа нь энэ үед Иргэдийн бүлгийн туршлага хэрэгтэй бус уу.  Ер нь хэсгийн ахлагч нарыг яагаад Иргэдийн бүлгийн гишүүдээс сонгож болохгүй гэж. Хороо, дүүрэг, нийслэлийн хөгжлийн гарцыг хэдийнэ олоод харчихсан тэд ядаж л аль нэгэн намын талд орж иргэдээ хоёр хувааж ялгахгүйдэг. Дээр нь иргэдийн оролцооны талаар арвин туршлага тэдэнд бий. Хорооны Засаг даргын дөрвөн жил хийж чадаагүй ажлыг Иргэдийн бүлгийнхэн хэдхэн сарын дотор амжуулчихсан байна лээ. Ингэхдээ иргэд өөрсдийн хүчээр олон ажлыг хийж амжуулжээ. Дарга гэх сэтэр зүүж иргэн, төр хоёрын дунд хана, хэрэм босгочихдог хорооны хүндхэн бүтцийг халж, иргэн нь иргэнтэй хамтран ажиллаж, хийж бүтээж чаддаг Иргэдийн бүлгүүдийн арга барилыг хороодод нэвтрүүлж, тэднийг ажиллуулъя. Хамгийн гол нь ажил хийе гэсэн, үүнийхээ ард гарч чаддаг тийм л хүмүүсээр хороо хэмээх айлыг толгойлуулах хэрэгтэй биш гэж үү. Ингэж чадаж байж л хороо улмаар дүүрэг, нийслэлийн хөгжил өнгөтэй, өөдтэй болно шүү дээ. Тиймээс хороодод шинэчлэлийн салхийг сэвүүлзүүлж, иргэдэд төрийн хяналтыг нь шилжүүлсэн шиг шилжүүлье.

Ш.Ундрам     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top