Дархан-Уул аймаг хөлдөж, нийслэлийн зарим газруудын халаалт алдагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06

Дархан-Уул аймагт 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө дулааны шугам хоолой задарч, ачааллаа дийлэхгүй зарим айлууд хөлджээ. Мөн Дархан хотын хээтэй хороололд цэвэр усны хоолой хагарч, ус нь гудамжаар хальсан байна. Энэ намар удаа дараа  цэвэр усны шугам хоолой хагарсанд оршин суугчид гомдол гаргасны дагуу Дархан хотын  орон сууцны хорооллын цэвэр усны шугам хоолойг сольж  шинэчлэх  ажлыг  гүйцэтгэсэн  “Комфорт” компанийн үйл ажиллагааг  хотын захиргаанаас  зогсоож  байсан удаатай аж. Дархан хотын  цэвэр усны шугам хоолойг шинэчлэх  ажилд энэ жил  4,7 тэрбум төгрөгийн  төсөв төлөвлөсөн байна. Газар доор булагдсан байсан усны хоолой нь дахин ийнхүү хагарсныг  ус түгээх хуванцар шугам хоолойн бөх батыг яаралтай шалгуулах  хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Өвлийн хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд дулааны болон усны хоолойн асуудалтай байгаа Дарханчууд нутгийн удирдлагууддаа  багагүй бухимдаж байгаа ажээ.

  Нийслэлд өчигдөр 18.00 цагийн орчимд  ТЭЦ  III-ын насос станцад гэмтэл гарч, дулааны шугам задарсны улмаас 120 мянгат, Төв цэнгэлдэх, Зайсан орчмын айл өрхүүдийн халаалт алдагдсан.  Уг дулааны шугам 1970-аад онд баригдсан тул элэгдэлд орж, шугамын цууралт өгөн задарсныг  Эрчим хүчний яам, Улаанбаатар дулааны сүлжээ компанийнхан шөнөжин ажиллаж үүрээр засварын ажлыг дуусч, хэрэглэгчийн дулааныг хэвийн хэмжээнд өгч эхэлсэн байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top