1940 оноос эхэлсэн дайны жилүүдээр монгол улс хөрш орнуудаараа хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогыг эрчимтэй явуулж эхэлсэн байдаг. Тухайлбал дэлхийн 2-р дайнд Монгол улс шийдвэрлэх нөлөө үзүүлж оролцсон нь монголыг тусгаар тогтносон улс болохыг дэлхий дахинд томоохон баталгаа болсон байдаг. ЗХУ –аас Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятад улсад санал тавьсны дагуу 1945 оны 8-р сарын 14-нд Хятадын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч хэлэлцэнэ гэсэн мэдэгдэл иржээ. Уг мэдэгдэл нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1945 оны 09 сарын 21-ны өдрийн 76 хурлаас тогтоол гарчээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын нутаг дэвсгэр дээр 10 сарын 20 өдөр нэгэн зэргээр гаргуулсугай” гэж заасан байдаг. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм.
Санал асуулыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн уагсаалтад 494074 хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр АТГ-т хадгалагдаж байгаа.
Санал хураалтанд “будлиан” орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан ирсэн төлөөлөгчид ажиглагчаар оролцсон . Харин саналын дүнг санал хураасан өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь нэгтгэн дүгнэж, Төвдөө мэдээлж байжээ. Зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд хийж дууссан байсан тул санал хураалтын дүнг нэгтгэхэд асуудал гараагүй ажээ.
1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэх нь Монгол бичгээр бичсэн бол крилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна.
Энэхүү санал хураалтын дүн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗХУ ба Дундад Иргэн Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын төлөө нийтээр саналаа өгсөн дүнтэй танилцаад, 1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Ингээд уг санал хураалттай холбоотой зарим нэг сонирхолтой баримтыг гэрэл зургаар хүргэе.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )